Хаврын тэнгэр зангаа хувиргаж, өдөр бүр өөрийн аашаа гайхуулах боловч урин дулаан нэгэнт ирсэн учраас ичсэн амьтад гадаалж, усны шувуудын чимээ ч ойртсоор...
Урин цагийг хүлээн, хийх ажлаа төлөвлөсөн газруудын нэг бол Нийслэлийн Боловсролын газар. Тэдний энэ жил хийхээр төлөвлөсөн хамгийн чухал ажил нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх. Багачуудын тоо цэцэрлэгийнхээсээ хэд дахин илүү гарсаныг бишгүй л ярьж, хэлж байгаа ч дорвитой арга хэмжээ авдаггүй. Харин энэ жил нийслэлд 30 цэцэрлэг шинээр барихаар болсон тухай таатай мэдээ сонсогдов. Нэг ангид байх хүүхдийн тоо олон болсноор халдварт өвчин гарах, хөдөлгөөний дутагдалд орох, тэр ч бүү хэл цэцэрлэгийнхээ цонхоор унаж амь насаа алдсан гээд эрсдэл дагуулсаар. Энэ бүхнийг цэцэрлэгийн багштай холбон тайлбарлаж, тэднийг ажлаа муу хийлээ хэмээн гоочилдог. Харин хүүхдүүд цэцэрлэгт явж, сурч, мэдэх гэсэн биш эрүүл мэндээрээ хохирч байгаа нь мөрдөх ёстой стандарт нормтой холбодоггүй нь харамсалтай.
Тэгвэл шинээр цэцэрлэг барьж байгуулах, засварлахдаа Мэргэжлийн хяналтын газрын зураг төслийн дагуу гүйцэтгэх ёстой байдаг аж. Гэтэл нийслэлд байгаа цэцэрлэгүүдийн ихэнхи нь өмнө огт өөр зориулалтаар ашиглаж байсан барилга, орон сууц зэрэгт байрладаг. Иймэрхүү дүрэм зөрчсөн цэцэрлэгүүдэд Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийдэг ч тэр бүр үйл ажиллагааг нь зогсоож чаддаггүй гэнэ. Учир нь, нэг хүний биш нэлээд хэдэн өрхийн цаашлаад бусдын амьжиргааны эх үүсвэр хүртэл яригддаг болохоор зөрчлөө арилгах сануулга өгөөд л өнгөрдөг аж. Гэхдээ ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэрээр болсон зүйлийн араас халаглаж суудгаа орхих гарц бол урьдчилан сэргийлэх. Тиймээс хийж байгаа ажилдаа үнэнч хандаж, чанартай барилгыг ирээдүйн эзэддээ бэлэглэх нь л чухал.
Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн 206 цэцэрлэгт хийсэн шалгалтын дүнгээр 44 хувь нь зориулалтын барилга байгууламжгүй байжээ. Мөн хүүхдийн цэцэрлэгийн эдэлбэр газарт орон сууц баригдсан, өөр объект байрласан, 19 хувь нь эдэлбэр газрын гэрчилгээгүй, 29 хувь нь сантехник болон цахилгааны хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн аж. Эдгээр зөрчил энэ онд буурах нь битгий хэл харин ч нэмэгдсэн талаар хариуцсан мэргэжилтэн нь ярьсан юм. Эцэг эхийнхээ анхаарал, халамжаас гарч амжаагүй бяцхан хүүхдүүдийн өдрийн ихэнх цагаа өнгөрөөдөг газарт үүнээс ч илүү нарийн стандарт мөрдөгдөх ёстой.
Энэ онд Нийслэлийн боловсролын газар болон өөр бусад шугамаар олон цэцэрлэг барих сураг сонсогдож буй ч газрын асуудал нь шийдэгдэхгүй таагүй мэдээ ч сүүдэр мэт дагасаар. Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэмд зааснаар нэг хүүхдэд ногдох талбай ердийн цэцэрлэгт 5.6 ам.метр, тусгай цэцэрлэгт 8.1 ам.метр байна хэмээн зааж. Харин одоо энэ зэргийн талбайд 3-4 хүүхэд хүмүүждэг. Үүнээс гадна цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд хэчнээн мянга байгаа гэж бодохоор тэдний ирээдүйн төлөө хийх хөрөнгө оруулалт хийх цаг болсон. Эх орны эзэд хаана, хэрхэн өсч, ямар хэмжээгээр хүмүүжнэ , тэр хэрээрээ эх орноо авч явах болно гэдгийг одооноос ухаарч, стандартад нь нийцсэн орчин нөхцөлийг тэдэнд өгөхөд анхааръя.