Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.ГОМБОЖАВ: СОНСОХОД САЙХАН, ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ЯРЬСААР ИРСЭН БОЛОХООР Л БОЛОВСРОЛЫН САЛБАР ХӨГЖӨӨГҮЙ


Багш нарт зориулсан сургалтын шинэ технологи танилцуулах өдөрлөгийн үеэр Монгол Улсын гавьяат багш Г.Гомбожавтай ярилцлаа.
 
-Шинэчлэлийн Засгийн газрын явуулж байгаа бодлогын боловсролд чиглэсэн нэгэн чухал үйл ажиллагаа бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Олон жил боловсролын салбарт ажилласан ахмад багшийн хувьд энэ хэр боломжтой зүйл вэ?
-Хувь хүний эрх ашиг нийгмийн эрх ашиг байх, боловсрол нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч болохыг олж харж л дээ. Маш зөв санаа. Нэг хүүхэдтэй нэг багш ажиллана гэхээсээ илүү хамгийн гол нь хичээлийн явцад  багш хүүхэд бүхэн анхаарахаас өөр аргагүй, оролцохоос өөр аргагүй сэтгэл зүйн төлөв бүрдүүлэх хэмжээнд ур чадвараа дээшлүүлнэ гэсэн үг. Үүнийг эртнээс сөхөж ярьдаг байсан. Гэвч “Хөгжил” түүний хөдөлгөгч хүч, технологийн шинэчлэл, хүний хөгжил нийгмийн хөгжил авчирдаг, сурган хүмүүжүүлэх ухаан  нас насаараа ялгарах онцлог, боловсролын инновацийг сөхөж байгаагүй. Хамгийн гол нь  боловсролын тогтолцоо, боловсролын агуулга, боловсролтой хүн, дидактикийн   хуучин ойлголт саад болж байсан. Өөрөөр хэлбэл онолын сэтгэлгээний хоцрогдол төлөвлөлт, авах арга хэмжээндээ нөлөөлж байсан гэсэн үг.

-Боловсролын салбарыг сууриар нь шинэчлэх хэрэгтэй гэсэн санааг салбарын сайд ярьж байсан. Энэ их нүсэр ажлыг юунаас эхэлбэл дээр вэ?
-Онол, аргазүйн талаас нь илүү анхаарч  боловсролын ажилтнууд, багш, төрийн албан хаагчид гээд бүх хүний сэтгэлгээний шинэчлэлээс  эхэлнэ. Хуучин ухаанаар шинийг амжуулахгүй. Мөн бүх сургуулийг ээлжгүй болгох, БШУЯ нээлттэй ажиллаж, нийгмийн гүнээс шинэчлэгчдийг эрж олох хэрэгтэй.

-Дээрхи шинэчлэлийг хийчихвэл боловсролын салбар зөв замдаа орно гэж үзэж байна уу?
-Тогтолцооны шинэчлэл хийж байж л өөрчлөгдөнө.

-Боловсролын салбар зөв замдаа ороход багш нарын оролцоог чухал гэлээ шүү дээ. Гэхдээ шинээр төгсч байгаа багш нар гүйцэд боловсроогүй гэсэн шүүмжид өртдөг...?
-“Муу” хүүхэд яагаад төрөв өө. Эхийн хэвлийд үр тогтсон мөчөөс хүний хөгжил эхлэхийг судлаачид баталж байна. “Муу” хүүхэд төрүүлэхгүйн тулд эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах  нь  боловсролын тогтолцооны нэг элемент. Багш бэлтгэх сургуульд элсэхдээ л үйлийн барил эзэмшээгүй, бие дааж бүх чиглэлдээ чадлаараа тийчилж сураагүй ирдэг.  Иймд дунд сургуулийн  сургалтын аргазүйн шинэчлэлд илүү анхаарах нь чухал.

-Дараагийн хүн нь өмнөхийнхөө хийсэн ажлыг үгүйсгэх байдал бий болоод удаж байна. Энэ удаагийн барьж хэрэгжүүлж байгаа боловсролын бодлого хэр хол явах бол, таныхаар?
-1963 онд “Сургалтыг амьдралтай холбож, сургуулийн системийг цаашид боловсронгуй болгох тухай” АИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоол боловсролын шинэчлэлийн эхлэл байлаа. Гэвч хэрэгжихгүй 49 жил өнгөрлөө. Яагаад гэвэл “Амьдрал”, “Систем”  гэсэн хоёр ухагдахууныг ойлгохгүй  төлөвлөж ирсэн.  Хэдэн хөтөлбөр өөрчлөөд,  их, дээд сургуулийн тоо өөрчлөөд, нэг сайд  гарч ирээд 12 жилийн тогтолцоонд шилжиж, нөгөө нь 6 настай хүүхэд, кембрижийн  тухай сөхсөн ч  дээрх хоёр ухагдахуун мөн л ойлгомжгүй хэвээрээ байсан. Маш их зардал мөнгө л гарсан байх. Тухайн үеийн сайд нар, БСШУЯ  тусгаарлагдсан битүү системийн зарчмаар ажиллаж ирсэн. Ийм систем  эцсийн эцэст  дотоод энергийн нөөцөө шавхаж “мөхөх” тавилантай.  Энэ л  зүй тогтол үйлчилсэн. Сонссон хүн баярлахаас өөр аргагүй ерөнхий  ярьдаг. Харин ажиллахаараа худал, үнэн хоёрыг хутгаж мэлзэн, мэргэжлийн хоцрогдсон дадлагыг шүтэж гомдоодог байсан. Системийн  гүнээс нь , цөмөөс нь, үр хөврөлөөс нь, эгэл  механизмаас нь төлөвлөж байсангүй. Өөр засаг гарч ирээд үүнийг устгавал буруу ажил хийж байна.
Харин өнөөдрийн  боловсролын тогтолцооны шинэчлэл гэдэг нь цаанаа ухагдахуунаа ойлгосон  “амьдрал”, “систем”-ийн зүй тогтол зарчмыг нь баримталж хүний улмаар нийгмийн хөгжих нөхцөл хангана  гэсэн  онолын сэтгэлгээ хадгалсан учраас маш оновчтой  холч ухаан хадгалжээ.  Гэхдээ “Тогтолцооны шинэчлэл”, “хүүхэд бүрийн хөгжил”, “чанар”, “өрсөлдөх чадвар”, “зөв монгол хүн”… гэдэг нь бас л баярламаар ерөнхий яриа.

-Тэгвэл “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн тухайд та ямар бодолтой байна. Бас жаахан ерөнхий биш үү?
-Эхээс төрөхдөө бүх хүүхэд авьяастай төрдөг.  Тэр нь чадавхи. Чадавхийг чадвар болгох хөгжлийн процесст тэднийг жолоодох нь сургалт юм. Гоц авьяас бас бий. Удамшина. Бүх гоц авьяастнууд нийтлэг шинжтэй. Тэр нь бүтээлч чадвар. Том хөгжмийн зохиолч болох гоц авьяастныг бүтээлч чанараар нь математикт гоц авьяастай юм шиг андуурч математикаар цагийг нь барж “сүйтгэж”  болохгүй л болов уу. Гоц авьяас аяндаа  эрт тодорно. Хүүхдийн   бүтээлч чадварыг  нь хөгжүүлээд  тодрохыг нь  хүлээ. Бүтээлч сэтгэлгээ бий болсон байхад авьяасыг аяндаа  барьж авна. Өнөөдөр багш нарт сурган хүмүүжүүлэх үнэн зөв сургаал ус, агаар шиг хэрэгтэй байна. Дэвшилтэт технологид суралцмаар байдаг. Ийм нөхцөлд  тэр бүхэнд нь тус дэм болохуйц “ном” хөтөлбөр хэрэгтэй байлгүй яах вэ.

-Монгол Улсын гавьяат багшийн хувьд буруу замаар орсон салбарыг зөв тийш нь чиглүүлэх гэсэн оролдлого нэлээд хийсэн л байх?
-Би 1964 онд МУИС төгсөөд, Увс аймгийн 10 жилийн нэгдүгээр сургуульд багшаар очсон хүн. 1964-2007 он хүртэл  Увс аймгийн 10 жилийн нэг, хоёрдугаар  сургуульд физикийн багш, Боловсрол төвд аргазүйч, захирлаар ажилласан.  Багш болсон  намраа 1963 оны АИХ-ын тогтоолтой учирсан. Уг нь 1963 оны АИХ-ын тогтоол их зөв тогтоол боловч хэрэгжүүлэхдээ буруу арга барилаар явчихсан. Амьдралд сургаж байгаа нь энэ гээд  ахлах ангийн хүүхдүүдийг ямар ч сонголтгүй ангиар нь барилгачин, оёдолчин болгоод бэлдээд эхэлсэн байхгүй юү.

Энэ нь өөр зүйлд сонирхолтой хүүхдийн мөрөөдлийг үгүй хийсэн маш зохимжгүй буруу  санагдсан л даа. Тэгээд өөрийн бодлоо бататгах гэж хөдөөгийн жирийн өвгөд, буурлуудтай уулзаад үзэхэд тэд “Санаагаараа ажил хийдэг, олон ажлыг зэрэг амжуулдаг хүнийг л чадвартай, боловсролтой хүн” гэж тодорхойлсон. Үүний дараа Боловсролын хүрээлэнгээс шалгалт ирж  “Асуудлыг шийддэг, ажил хийдэг хүнийг бэлдэх  гэж энэ тогтоолыг гаргасан” гэсэн. Хөдөөгийн жирийн өвгөдийн тодорхойлолт, тэр албаны хүний хэлсэн үгний санаа ерөнхийдөө нэг утгатай байсан учраас би “Асуудал шийдвэрлэх сургалт” өөртөө боловсруулж,  49 жил ажиллаж  уншлаа, туршлаа, үр дүнг тооцлоо. Зөвхөн энэ чиглэлээр 12 арга зүйн ном хэвлүүлж, төвийн хэвлэлүүдэд есөн өгүүлэл нийтлүүлжээ. 

0 Сэтгэгдэл
bid nart iim saihan hiisen buteesen zuiltei. ter ni amidral deer notlogdchihson heregjih l uldeed baigaa oyunii undur buteeluudtei ahmad humuus baina. Odoo bid ene buhniigee demjeed amidral deer heregjuuleh l heregtei bainadaa.
vneheer asuudal debshvvlen shiidberleh arga goid sain arga shvv vvniig 80 90 ond ubsad toggson bukh hvvhdvvd medne
Хамгийн их уншсан