101 жилийн өмнө анхныхаа аяллын үеэр Атлантын далайд мөсөн уул мөргөж сүйрсэн британийн алдарт “Титаник” хөлгийн сүйрлийн өдөр хэдхэн хоногийн дараа тохиох гэж байна. 1912 оны дөрөдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө энэ аварга хөлөг осолдож дэлхийн хамгийн том хөлгөөр америкт очиж үзэхээр явсан 1316 зорчигч, багийн 891 гишүүн нийт 2207 хүнээс 1502 нь живж амь алдсан юм. Энэ бол далайд болсон хамгийн олон хүний амь алдсан таван том ослын нэгд орсон хэвээр байгаа юм.
“Титаник” хөлгийн ослын талаар олон таамаг дэвшүүлж, судалгааны маш их ажил хийсээр байгаа болохоор шинэ шинэ баримтууд гарч ирсээр байна. Урьд өмнө нь олонд нэг их ил болоогүй 10 сонин баримтыг дэлгэж байна.
10. Киноны од ослоос амьд үлджээ
Амьд үлдсэн азтай хүмүүсийн дунд тухайн үедээ нэрд гарч байсан кино жүжигчин Дороти Гибсон байжээ. Бастер Китон, Чарли Чаплин нартай хамт кинонд тоглож байсан энэ жүжигчин Титаникийн анхны аялагчдын нэг байж амьд гараад хожим нь энэ түүхийг ярьж “Титаникаас аврагдсан нь” гэдэг кинонд ч тогложээ. Титаникийн сүйрлийн тухай хамгийн анхны уран сайхны бүтээл энэ кино харамсалтай нь 1914 оны их түймрийн үеэр устсан гэдэг.
Кинонд тоглохдоо Гибсон Титаник дээр өмсч байсан хувцас, гутал, малгай, бээлийгээ хүртэл өмсч тоглосон байна. 1920-иод оноос киногоо завсарлаж байгаад европт ирсэн тэр фашистуудын талд байгаад баригдаж Сан-Витторт хоригдож байжээ. Хоёр жилийн дараа 56 насандаа зүрхний шигдээсээр нас барсан байна.
9. Ажилдаа дадлагажаагүй ахмад
Титаникийг замд гарахад ахмад Эдвард Жон Смит хөлөг онгоцон дээр 37 жил болчихсон энэ аяллаас эргэж ирээд тэтгэвэртээ гарах гэж байж. Уайт Стар Лайн компанид 28 жил ажилласан түүнийг Титаникийн ахмадаар сонгосон нь тийм ч сайн сонголт биш байсан гэдэг. Тэр далайн ажлынхаа ихэнхийг далбаат хөлөг дээр ажиллаж өнгөрөөсөн гэнэ. 62 настай далайчин шинийг сурах нь тийм ч сайн биш байж таараа. Тэгээд ч тэр мөсөн уултай мөргөлдөх тэр агшинд хамаг хурдаараа урагш явахыг тушааж, энэ нь юугаар төгссөнийг бид мэднэ дээ. Тэр хөлгөө орхиогүй ч сүүлийн мөчүүдэд яасан нь тодорхойгүй. Нүдээр үзсэн зарим хүний үгээр бол ахмад итгэл найдвараа алдаж балмагдаад нөхцөл байдлыг хянаж чадахаа больсон гэдэг.
8. Ноход
Титаник дээр аврах завь хангалтгүй байсан байхад эхний завь дээр багийн долоо, зорчигчдоос 5 хүн, ердөө 12 хүн л суусан гэнэ. Уг нь аврах завь 40 хүний багтаамжтай шүү дээ. Харин амьд гарсан 713 хүний дунд гурван нохой байсан гэдэг. Ер нь хөлөг дээр нийтдээ 12 нохой байсан ч ийнхүү гурав нь л аврагджээ.
7. Хамгийн ойр байсан хөлөг
Титаник живж байхдаа гамшиг болсон тухай мэдээ дамжуулж л байсан. Харин хэн ч хариу өгөөгүй. Яг Титаникийг живж байхад Калифорниэн хөлөг ердөө л 15-25 км-ийн зайд байсан, ганцхан ахмад нь л гал асааж дохио өгөөгүй. Титаникаас пуужингаар буудаж дохио өгөөд байхад шүү дээ. Калифорниэний багийн гишүүд ахмадаа дуудаж сэрээсэн ч ахмад эргэж хараад буцаж унтсан байна. Холбоочин нь ээлжнээс буугаад унтаж байсан учраас ослын дохиог хүлээж аваагүй, хариу өгөөгүй.
Өөр нэг 250 тоннын усан багтаамжтай норвегийн Самсон хөлөг ослын газраас сайндаа л 8-12 км-ийн зайд байсан. Тэд бас хариу өгөөгүй. Үүний шалтгааныг тэд хулгайгаар загас агнаж байсан болохоор хариулаагүй байх гэдэг. Энэ хоёр хөлөг Титаникийн амьд үлдсэн хүмүүсийг аварсан Карпатия хөлгийг бодвол ослын газарт хамаагүй ойр байжээ.
6. Тааруухан орчин
Эргэн тойрон усан дунд хөвж явсан атлаа хөлөг дээр ус хүрэлцээгүй байсан гэдэг. Өнөө л хамгийн тансаг байсан мэтээр яриад байгаа боловч яг хэрэг дээрээ хөлгийн усанд орох газрууд нь хуучны тоноглолтой. Гуравдугаар зэрэглэлд 700 хүн зорчиж байсан гэхэд ердөө л эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулсан гэх хоёрхон ванн байсан гэнэ. Зорчигчид усанд орохоор хүлээнэ гэхэд хэцүү л байж дээ.
5. Жинхэнэ баатар
Титаникийн баатарлаг үйлстэн чинь Леонарда Ди Каприо биш харин онгоцны ахмадын хоёрдугаар туслах Чальз Лайтоллер байсан байна. Яг осол болох үед тэр бүх удирдлагыг гартаа авч аврах завинд хүмүүсийг гуч гучаар нь суулган буулгаж байжээ. Тэр ганцхан Титаникийн баатар ч байсангүй дэлхийн нэг, хоёрдугаар дайнд Их британийн тэнгисийн цэрэгт албаа хааж холбоотны цэргийг Дюнкеркаас гаргахад оролцож байж.
4. Нас барсны нөхөн төлбөр
Домгоор бол Титаникийн эрэгтэй хөгжмийн чуулгынхан бүгдээрээ хөгжмөө тоглосоор байгаад живдэг. Гэхдээ гурван хөгжимчний л цогцос олдсон. Тэдний нэг Жон Хюм Лоугийн эцэг ослоос хоёр долоо хоногийн дараа санаанд оромгүй тооцооны хуудас хүлээн авсан гэдэг. «C.W. & F.N. Black»-аас гэсэн энэ шилжүүлэг дээр Английн Ливерпулд тоглосных хөлс гэж 5 шиллинг, 4 пенс шилжүүлсэн байж. Хүүгийнх нь үэн ердөө л энэ. Харин осол болсноос хойш сарын дараа Бруклиний Аполло клубт Титаникийн ослоор амь үрэгдсэн хөгжимчдийн дурсгалд зориулсан концерт болж орлогоо тэдний ар гэрийнхэнд илгээсэн байна.
3. Гойд юм юу ч үгүй
Өнөөдөр л Титаник нэг их алдаршаад байгаа болохоос биш далайд гартлаа тэр хөлөг нэг их гойд сонин юмгүй, хэн ч мэдэхгүй байсан байна. Түүний ихэр гэж болох Олимпик харин 1911 онд Саутгемптоноос Нью-Йорк ортол аялж байсан болохоор илүү нэр төртэй байж. Титаникийг далайд гарахад хэн ч тэгэж сүр болоогүй, зураг хөргийг нь аваагүй болохоор ослын тухай мэдээнд тавих зураг ч үгүй байсан гэдэг. Тэгээд соины мэдээнд Олимпикийн зурган дээрээс нэрийг нь дарж байгаад тавьсан байна.
2. Сурталчилгаа
Титаник осолдсоноос хойш 30 жилийн дараа германы ажилчны Үндэсний социалист намыхан “Нацистын Титаник” гэсэн кино хийж суртал нэвтрүүлэгтээ ашиглаж эхэллээ. Энд Уайт Стар Лайны хувьцааны үнийг өсгөхийн тулд атлантын далай туулах хүнд аялалд гарч байгаа, Фредрик Флит, Режинальд Ли гэсэн хоёр англи эр мөсөн уул байгааг мэддэг ч хөлгийг немцийн офицер аврахаар оролдож байна. Бодит амьдрал дээр бол Брюс Исмей гэдэг англи эр ганцаараа нэг аврах завь авч явсныхаа төлөө хожим нь шүүгдсэн. Гебельсийн суртал нэвтрүүлэгчид үүнийг дөвийлгөн Исмейг еврей бизнесмэн болгож түүнээс болж олон хүн үхэж байгаагаар гаргажээ. Исмей ер нь кино бүр дээр тааруу дүрээр гардаг. Жеймс Кэмероны 1997 оны алдарт кинон дээр ч ийм л байдаг. Гэтэл Исмей гэж ийм амиа бодсон хүн байгаагүй юм байна. 1912 онд хийсэн мөрдөн байцаалтаар бол Исмей харин ч хүмүүст тусалж байгаад өөрөө хамгийн сүүлчийн завин дээр суусан гэдэг.
1. Ганцхан түлхүүр л мянган хүн аврах байж
Алсыг харахын тулд хамгийн түрүүнээ юу хэрэгтэй билээ, мэдээж хараа сайн байхын зэрэгцээ сайн дуран хэрэгтэй. Алсыг харагч Фредрик Флит болон Режинальд Ли хоёрт энэ нь байсан уу. Хөлгийн ахмадын туслах байсан Дэвид Блэрийг аялалд гарахаас хэдхэн хоногийн өмнө ажлаас нь халжээ. Харамсалтай нь тэр дуран хийсэн сейфний түлхүүрийг хүлээлгэж өгөхөө мартаад явчихаж. Хожим нь мөрдөн байцаалтын үеэр Флит өгсөн мэдүүлэгтээ хэрэв дурантай байсан бол мөсөн уулыг арай эрт, хол байхад нь харж онгоцны замыг өөрчлөн тойрч гарах боломж байсан гэж хэлсэн байдаг.