Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэгийн багшийн хариуцлагагүйгээс хүүхэд гэмтсээр байх уу


Бидний аав ээжийн үед, тодруулбал социализмын үед дөнгөж төрсөн эх 45 хоногийн дараа л ажилдаа ордог байсан гэдэг. Сар гаруй хоногтой хүүхдээ даатгах ясли байсан учраас л тэр. Харин өнөөдөр бол өөр. Төрийн өмчийн цэцэрлэгт хоёр ой таван сартайгаас дээш настай хүүхэд л авна.

Харин үүнээс бага насныхныг хувийн цэцэрлэгт л өгөхөөс өөр аргагүй. Хувийн цэцэрлэг хоёр янз. Өндөр төлбөртөй, бага төлбөртэй. Халаасан дахь хэдээсээ хамаараад алийг нь сонгох нь таны эрх. Өндөр төлбөртэй цэцэрлэгт нь гадаад хэл үзэж, бүжиг, дуу сурч багаас нь боловсрол эзэмшүүлнэ. Харин бага төлбөртэй цэцэрлэгт бол гадаад хэл заалгах, дуулж бүжиглэх нь хязгаартай. Өглөө цэцэрлэгийн босго алхаад, орой аав, ээжийгээ ирж авах хүртэл хүүхэлдэйн кинонд саатаж, хуваарийн дагуу өгсөн хоолоо иднэ, унтана.
Гэхдээ төрийн өмчит цэцэрлэг хүрэлцээгүй үед төлбөртэй ч гэсэн хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа нь сайн хэрэг. Мэдээж, цалин авч, ажил хийж байгаагийнхаа хэрээр хариуцлагаа умартах ёсгүй.
Гэтэл эцэг эхийг нь орлож, хүний бяцхан үрсийг асран халамжилж байгаагаа мартчихдаг хүмүүс ч байна. Үүний жишээ бол Чингэлтэй дүүргийн “Соронз” цэцэрлэгийнхэн.

Энэ сарын 03-нд нэгэн залуу гэр бүл хүүхдээ ажлын­хаа ойр цэцэрлэгт өгчээ. Нэг ой хоёр сартай охиноо өг­лөө багшид нь хөтлүүлээд цэцэрлэгт нь оруулахдаа орой юу болохыг аав, ээж хоёр нь таамагласангүй.
Ажлынхаа цагийг дуусгаад охиноо цэцэрлэгээс нь авахаар очтол багшдаа тэврүүлсэн охин нь аав ээжийгээ хараад эхэр татан уйлжээ. Гэртээ харьтал уйлсаар байсан охин нь хөл дээрээ алхахгүй байгааг анзаарсан аав, ээж хоёр нь даруй Гэмтлийн эмнэлэг ортол зүүн хөл нь хугарсан байжээ. Энэ мэдээллийн дагуу “Урт цагаан”-ы хойд талын 39 дүгээр байранд байрлах “Соронз” цэцэрлэгийг зорин очлоо. Дотроосоо түгжээтэй байсан хаалгаа цэцэрлэгийн асрагч бололтой нэг эмэгтэй тайлж өгөөд, гэмтсэн охины талаар тодруулахаар явааг маань дуулаад “Бидэнд хамаагүй. Аав ээж нь шүүхэд хандана гэсэн. Явдаг газраар нь явна биз. Манайд камер ч байхгүй. Тийм учраас энд гэмтээгүй гэдгийг манай цэцэрлэгийнхнээс өөр гэрчлэх хүн байхгүй л дээ. Гэсэн ч үнэн мөн нь олдоно биз” гээд хаалгаа хаалаа.

Тухайн дүүргийн боловс­ролын газрын шалгалтын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга хувийн цэцэрлэгүүдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог билээ. Тэгвэл энэ хэргийн талаар Нийс­лэлийн боловсролын газ­раас тодруулахад “Санал гомдол ирээгүй учраас тодор­хой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өглөө. Дөнгөж хөлд ороод газар шороог өөрийнхөө мөрөөр тамгалж ядан байгаа бяцхан охины хөл хугарчихаад байхад хариуцсан газрынхан энэ талаар хэзээ мэдээд, хэнтэй, ямар хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй...

Э.Мандухай: Багш нар нь яаж байна гэж ганц ч яриагүй

Ингээд гэмтсэн охины ээж Э.Мандухайтай утсаар холбогдож, дараахь зүйлийг тодрууллаа.

-Охиныг гэмтсэн өдөр цэцэрлэгээс нь авахад багш нар нь ямар нэг зүйл хэлсэн үү?
-Охиноо цэцэрлэгт өгсөн анхны өдөр байсан учраас өглөө багшид нь утасныхаа дугаарыг өгөөд ямар нэг зүйл болвол хэлээрэй гээд захисан. Цэцэрлэгийн хажууханд ажилладаг учраас охиноо уйлаад байвал ороод авна даа гэж бодож байсан юм. Гэтэл багш нь огт яриагүй. Орой нөхөр бид хоёр ажлаа тараад охиноо авахаар очиход охин маань багшдаа тэврүүлчихсэн, зөндөө уйлсан байсан. Бид хоёрыг хараад бүр эхэр татаад уйлаад л ... Багш нь “Танай хүүхэд өнөөдөр ерөөсөө тавиулсангүй. Хоол ч бараг идээгүй шүү” гэсэн.

-Хөл нь гэмтсэн гэдгийг хэзээ мэдсэн юм бэ?
-Тэгээд цэцэрлэгээс нь аваад харьсан чинь охин маань газарт буухгүй байсан. Аав нь “Манай охин цэцэрлэгт яваад ирсэн чинь аавынхаа өвөр дээрээс буухаа больчихсон байна” гээд газарт буулгах гэж оролдсон чинь хөлөө өргөөд л уйлаад байсан. Тэгээд л эмнэлэг очиж үзүүлээд мэдсэн.

-Зүүн хөл нь хугарсан гэж байсан. Хэр хүнд гэмтсэн юм бол?
-Зүүн хөлнийх нь шагайны дээд талын өсөлтийн яс нь хугарсан байна гэсэн. Бас шилбэнийх нь яс хугарсан байсан. Эмч гадны нөлөөтэй, ямар нэг зүйлээс болж яс нь хугарсан байна гэж тайлбарласан. Хүүхдийн яс амархан бороолж эдгэрдэг. Гэхдээ өсөлтийнх нь яс хугарсан учраас цаашид гарах үр дагаврыг хэлж мэдэхгүй байна гэсэн. Тиймээс бид гомдолтой байгаа.

-“Соронз” цэцэрлэгээр ороход бидэнд буруу байхгүй гэж байна лээ?
-Угаасаа тэгээд байгаа юм. Цэцэрлэгийн захирал нь жирэмсний амралт аваад ажиллахгүй байгаа гэсэн.

-Цэцэрлэгийнхэн та нарыг шүүхээр явна гэж байсан?
-Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар өргөдлөө өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлт удахгүй гарна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Гэтэл цэцэрлэгийн багш нар нь “Охин нь яаж байна” гээд ганц ч ярихгүй байгаа.

-Охины бие одоо ямар байна вэ?
-Хөлийг нь гипсдүүлсэн. Жаахан учраас хөлөө гэмтсэн гэдгийг мэдэхгүй. Өвдөхгүй болохоор нь орноосоо бууж алхах гээд байгаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлах Хүүхдийн клиникийн цэцэрлэгт явдаг байсан нэг ой 11 сартай хүү Э хоёр давхрын цонхоор унаж хүнд гэмтсэн хэрэг гарч байсан. Үүнийг тухайн үед нь харьяа яамныхан “Бид хариуцлага алдсан багшийг буруутгаж ажлаас халах эрхгүй. Тэрийг зөвхөн захирал нь шийднэ” хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ хүү гэмтсэнд хэн хариуцлага хүлээх, яаж шийтгүүлэх нь тэгсгээд л мартагдсан. Энэ мэтээр хэлд орж амжаагүй бяцхан үрсээ харь хэлээр бөмбөгдөөд, хөлд орж амжаагүйх нь хөлийг хугалж гэмтээгээд байвал хэндээ итгэх болж байна.
Амьдралаа залгуулах гэж ажил хийж, үр хүүхдээ цэцэрлэгийн багшийн гарт даатгасан эцэг эхийг буруутгах уу, эцэг эхдээ аз жаргал бэлэглэн ирсэн бяцхан үрсийг буруутгах уу. Цэцэрлэгийн багш та их “ажлын”-хаа есөн цагийн хооронд хариуцлага алдаж байгаа юм биш биз...

0 Сэтгэгдэл
huuhdiin teterleg ajilluulna gedeg amarhan mungu oloh hereg bish shuu.huuhded hairtai , mergejildee durtai tiim bagshiig songoj avah heregtei zahirluudaaaa! hunii umnuus amidarch baigaa yum shig huuhded uuraa gargadag bagsh nar baidag shuu. tsalingaa avch baigaa bol ajlaa setgeleesee hiih heregtei ylanguya huuhdiin tuluvshiltund mash muugaar nuluulnu mungu tulchuud huuhdee aimhai,urui doroi, dotogshoo hun bolgomoorgui baina shuu bagsh, erhlegch naraa. avsan bol uguh ni zah zeeliin huuli biz dee. Ene yvdald soronz tsetserlegiin bagsh , erhlegch hoyrt zaaval arga hemjee avhuulj olon niited zarlaarai.
Хамгийн их уншсан