Тэр хэзээ ч хэнээс урваж байсангүй. Бусдын халаасанд ч гараа дүрдэггүй. Тэр хар тамхи, галт зэвсэг зардаггүй. Харин ч түүний хөдөлмөр бусдын мөнгө олох арга зам нь болдог. Тиймээс хүн бүр дуртайяа түүнд мөнгө төлдөг. Тэр дэлхийн хамгийн баян нь. Өдгөө 58 настай. Түүний хувьд өглөө бүр сая ам.долларын дэвсгэрт өөрийгөө дулаацуулах гэж ил зуухандаа шатаагаад ч хөрөнгөө амьдралынхаа эцсийн мөч хүртэл барж чадахгүй. Лав 210 жил ингэж шатаахад түүний мөнгө хүрэлцээтэй.
Энэ хүнийг заримдаа мах, ясан биетэй хүн мөн үү хэмээн эргэлзэхэд хүрдэг. Учир нь тэр өөрийн ажлыг л хийх гэж хүний биеэс гарамгүй зүтгэл, хөдөлмөр зарцуулдаг учраас түүний өрсөлдөгчид тэр бол хүн биш хэмээн итгэдэг. Тэр өөрийн компаниа хатуу гараар барьдаг бөгөөд зах зээлийг бүхэлд нь хянаж чаддаг. Зөвхөн хэрэгтэй зүйлдээ л яг компьютерийн программ шиг хөрөнгө зардаг. Билл Гейтст хайртай хүмүүс бол үнэндээ хуруугаараа хоолоо олж, түүнийгээ мөнгө болгон хувиргагсад байдаг.
Гейтс хотынхоо хамгийн сайн сургалттай сургуульд орсон ч сурлага муутайхан хүүхэд байсан гэнэ. Ангийнхан нь түүнийг үргэлж шоолдог ноомой бас дуу муутай нэгэн байжээ. Сурлага муутай хүүгийнхээ урам зоригийг бадраахын тулд ээж аав нь онц авах тоолонд нь 25 центийн урамшуулал олгох болзол тавьжээ. Гэвч жилийн дотор хүүгийн мөнгө таван ам.долларт ч хүрсэнгүй. Харин эгч нь өдөр бүр онц авдаг учраас гайгүй сайн баяжжээ. Эцэг эх нь өндөр боловсролтой бас багагүй мөнгөтэй учраас сэтгэл зүйчид хүүгээ үзүүлэхэд хүрсэн гэдэг. Аав нь Сиэтль хотынхоо нэр хүндтэй хуульч, ээж нь хотынхоо жижиг банкны эрхлэгч байсан юм.
Сэтгэл зүйч хүүтэй уулзаад
-Чамайг гэрийнхэн чинь хэн гэж дууддаг вэ? хэмээн түүнээс тодруулав.
-Гурваа
-Энэ чинь юу гэсэн үг билээ?
-Яахав гурав дахь үе учраас л. Би чинь Гуравдугаар Билл Гейтс
-Аан за за. Эцэг эх чинь чамайг магадгүй өвөө, аав шигээ хүн болоосой гэсэн үүднээс ингэж дууддаг юм байна л даа.
- Билл дуугаа хурааснаа, сандал дээрээ хэсэг хайвганаад гэнэт:
-Миний бодлоор тэд зүгээр л болгоомжилдог байхаа. Би гэнэт хамгийн хэрэгтэй бас хамгийн баян хүн болчихвол аймаар биз дээ. Гэхдээ хүнийг дуудахын тулд заавал Уильям Генри Гейтс гуравдугаар гэх юм уу нэр өгөх хэрэгтэй байх л даа.
Ноён Уильям Генри Гейтс II хүмүүнлэгийн ажлаар
-Тийм ээ, чамайг одоо ч гэсэн тэгж дуудаж байгаа биз дээ.
-Тэгээд юу гэж? Өөрсдөөсөө өөр болчих вий гэж үргэлж л айж байдаг юм чинь хэмээн ууртайхан хэлжээ.
Орой нь эмч Гейтсийн аав руу залгав.
-Та битгий ай. Хүү чинь эв эрүүл, энгийн нэгэн байна. Тэр их дотогшоо, гүн гүнзгий бодолтой, жинхэнэ бие даасан нөхөр юм. Гэвч энэ бол тийм ч айгаад байх зүйл биш шүү дээ гэжээ.
Сэтгэлзүйн эмчилгээ жилийн турш үргэлжлэв. Харин Билл аавынхаа мөрөөдсөн онц сурлагатан болж хувирсангүй. Ээж нь ахиад л хүүдээ санаа зовсоор байлаа. Тэр футболкныхоо энгэр арыг нь ч ялгаад зөв өмсдөггүй хүүдээ санаа зовохоос өөр яалтай билээ. Цамц, өмд нь энд тэндгүй толбо болчихсон байхад хүү сохор хүн шиг өглөө босоод өмсөөд л явчихдаг байжээ. Эцэст нь хатагтай Гейтс орой бүр хүүгийнхээ өглөө босоод өмсөх хувцсыг нь бэлтгэж тавьдаг болов. Цамц, өмд, пиджак, зангиаг нь цэвэрлэж индүүдээд бас аль болох өнгө нь хоорондоо зохицохоор сонгодог байж. Гэтэл хүү нь үүнийг огт тоодоггүй. Цамцаа авахдаа зангиагаа хаячихаад л яваад өгнө. Билл хэтэрхий зөрүүд бас өөртөө итгэлтэй, өөрийнхөө зөв хэмээн итгэдэг нэгэн болж байсан нь ахиад л ээж аавыг нь зовоож байв. Гэхдээ тэр хоол хувцаст хуучнаараа л хайш яйш хандсаар байсан аж.
Тавдугаар сард наймдугаар анги төгсөх шалгалтаа өглөө. 700 оноо авбал онц, 750 бол гайхалтай дүн үзүүлэх учраас хүүхдүүд тэр бүр энэ оноог авч чаддаггүй. Гэтэл Гейтс 800-г авч боломжтой оноо гэдгийг батлав. Эцэг, эх нь хүүгээ суралцах чадвартай бүр гарамгай нэгэн гэдгийг ч мэдрэв.
Сурагчдын бөглөсөн тестийг электрон машинаар уншуулсан байна. Яг үнэндээ математикийн багш нь түүнийг анзаарч харсан энэ сургуулийн анхны хүн. Нэлээн орой болсон хойно малгайгаа мартсанаа санасан багш нь шалгалт авсан зааланд оров. Гэтэл Гейтс тест уншигч машины урд очоод суучихсан ямар нэгэн юм бичиж байгаа харагдав.
-Хүүе ээ орой болчихсон байна залуу минь, гэртээ харих болоогүй юу хэмээн багш асуухад Гейтс цааснаасаа нүд салгалгүй
- Зүгээр дээ, Би аавдаа намайг авах хэрэггүй гээд хэлчихсэн. Сүүлчийн автобус 11 цаг хүртэл явдаг шүү дээ гэв.
Гэвч энэ байдал хоёр ч удаа давтагдахад эцэг эх нь багшаас нь лавлахаас өөр аргагүй болов. Билл ангийн анд Пол Аллений хамт тэрхүү машины өмнө сууж байгаа тухай багш хэлж. Пол Аллен бол хүмүүжил сайтай гэр бүлээс гаралтай хүүхэд. Багш нь тэд ямар нэгэн юм бичээд л байна гэсэн тайлбар эцэг эхэд нь өгчээ. Удалгүй Сиэтль хотын захиргаа замын хөдөлгөөний программад шинжилгээ хийх ажилд хөвгүүдийг хөлсөлжээ. Хөвгүүдийн ажлын хөлсийг 20 мянган ам.доллараар үнэлсэн байна. Билл сургуулиа төгсөөд гэнэт л
-Аав аа, би таны хүсээд байгаа Харвардад элсэхээр шийдлээ. Гэвч хууль зүйн факультетэд биш шүү. Би математикийн шинжлэх ухааны профессор болохоор шийдлээ хэмээн хэлсэн гэдэг. Хэдийгээр хуульч болоогүй ч аав нь хүүгээ Харвардад элссэнд өөрийн эрхгүй баярлаж байлаа.
...Хатагтай Мэри Гейтс 1994 онд нас баржээ. Харин Гейтс II буюу Биллийн аав хууль зүйн салбарын тэргүүлэх мэргэжилтэн хэвээр байсан юм. Ноён Гейтс эхнэрийнхээ дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэсэн сан байгуулсан байна.
АНУ-д хагас жилд нэг удаа ангиа солих, өөрийнхөө дуртай хичээлээ сонгох боломж хүүхдүүддээ олгодог. Харин Гейтс Аллен нарын хувьд хаана ч явсан хамт л байдаг байж. Тэд хувь заяаны ямарч эргүүлэгт үргэлж хамт байсан бөгөөд мэргэжлээ сонгохдоо ч бие биеийнхээ сонголтыг харгалзаж байсан юм. Гейтс Харвардын математикийн факультэтэд элсэхэд Аллен харин шууд электроникийн томоохон фирмд ажиллах өргөдөл өгчээ. Тэр Гейтсийн сургуулиас хагас цаг явах зайд байрлах компанид ажилд оржээ.
Гейтсийг “ Сиэтлиэс ирсэн гайхал” хэмээн Харвардад хочилдог болов. Түүний өрөө учир тойм нь олдохгүй замбараагүй, заваан байдаг. Хэзээ ч ороо хураадаггүй байдлаа дэмий зүйлд цаг алдахын нэмэр гэж тэр тайлбарладаг. Гэвч түүнийг чухам юунд хамаг цаг заваа зориулдгийг энгийн оюутнууд огт ойлгодоггүй байлаа. Тэр хэзээ ч сургуулийн үдэшлэгт очдоггүй бас лекцэнд хааяахан харагддаг. Сонирхолтой нь шалгалтаа тун төвөггүйхэн өгчихдөг. Түүнд ганцхан хобби гэмээр зүйл байдаг нь покерийн ширээний ард суух. Яг л илбэчин шиг гайхамшигтай сайн тоглодог байв. Тэр гартаа ганцхан тамгатай суусан ч 2000 ам.доллартай болоод л өрөөндөө орчихдог. Биллийн Харвард дахь ганц найз Стив Боллмер нь түүнийг дайснуудаас нь үргэлж авардаг нэгэн байлаа.
... Аллен долоо хоногт гурваас доошгүй удаа Харвардад ирнэ. Тэр Биллийн өрөөнд ороод өөрийн хийж байгаа төсөл программын ажилд найзыгаа дайчилна. Билл сайхан сэтгэлээсээ ч юмуу эсвэл өөртөө хэрэгтэй гэж бодсондоо ч тэр үү заримдаа үүр цайтал ажиллана. Өглөө нь Аллен ажилдаа явж харин Билл нойр авахаар түр хэвтэх ч өдрийн хагаст л нэг юм сэрнэ. Лекц дуусчихсан учраас Билл урд шөнийн ажлаа л бодсоор кофе уухаар явна.
1974 оны арванхоёр дугаар сар. Аллен бараг хоёр долоо хоног ор сураггүй алга болчихов. Гейтс санаа зовниж байтал Зул сарын баярын өмнөхөн ашгүй хүрээд иржээ. Тэр найздаа “Алдарт Механик” гэсэн сэтгүүл авчрав.
-Сэтгүүлээ дэлгээд “Чи эндээс хэрвээ нэг зүйлийг олж чадвал зул сарын бэлэг” гэж бодоорой хэмээн Аллен жоготой инээлээ.
-Гейтс байдаг хурдаараа сэтгүүлийн хуудас бүрийг эргүүлж харав.Гэвч...
-“Бензин мотортой зүлэг тэгшлэгчээс өөр суут ухааныг чинь ашиглачихаар зүйл алга даа” гэж Алленийг тэр ёжлоод сэтгүүлийн сүүлийн хуудсыг эргүүлэв. Тэгээд сүүлийн хуудсан дээрх сурталчилгааг гөлрөв.
Сурталчилгаа нь MITS компаниас гаргасан сонирхогчдод зориулсан анхны компьютер болох “Altair 8800”-г үг, будаг гамналгүй магтжээ. Программ хангамж сонирхдог хүн болгонд зориулав, захиалгын дагуу ердөө 397 доллар, хүргэлт үнэгүй гэх мэт үгээр магтжээ.
-Аан гээч гэж Аллейн бувтнав.
-Энэ юу гэсэн үг болохыг чи ойлгож байна уу? Хэрэв ийм компьютертэй хүн эхлээд зуу, дараа нь мянга дараа нь бүр олон болвол бүгд заавал өөрөө программ бичих гэж биеэ зовоох хэрэг юу байна? Хэрвээ бүх машинд зориулж үүнийг нь ганцхан хүн хийчихвэл.
-Тэгэхээр би яах гэж энэ сэтгүүлийг авчирсныг чи ойлгов уу? Дашрамд би MITS-ийн захиралтай ярьчихсан. Тэд энэ санааг тун их сонирхож байна билээ. Бидэнтэй уулзахаар болсон шүү гэлээ.
-Тэдний албан байр хаана байдаг юм бэ?
-Альбукеркид. Гэхдээ тэдэнтэй уулзаад хоёулаа хэрхэн тайлбарлахаа замдаа ярилцья гээд гарав.
Цэвэрхэн хувцас өмсч зангиа зүүхэд Биллийн гэр арай л холдоод байдаг, гэтэл MITS-ийн босс уулзахыг зөвшөөрчихөөд байдаг. Гейтс яг л гудамжинд хог түүж амьдардаг орон гэргүй хүн шиг харагдаж байлаа. MITS-ийн боссын нарийн бичиг бүсгүй түүнийг оруулахаас татгалзсан ч Аллен азаар арай эрүүл сэргэлэн цэвэрхэн эр харагдсан учраас бүсгүйтэй хэл амаа амархан ололцов. Билл хэд хэдэн гаргалгааг танилцуулсны дараа компани тэдэнтэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Гейтс, Аллен нар тэр өдөртөө амжиж компанийн ойролцоо зочид буудалд нэг өрөө хөлслөн, Аллен ажил руугаа, Билл сургууль руугаа ярив. Аллен халагдаж, Билл жилийн чөлөө авлаа. Мөн ээж аавдаа хагас жил уулзаж чадахгүй гэдгээ ч хэллээ.
-Үгүй чиний бие, сургууль сайн уу? хэмээн ээжийгээ асуухад
-Зүгээр дээ. Би зүгээр л маш их ажилтай байна гээд Гейтс утсаа тавилаа. Ажлын цаг тарахад цөөхөн минут үлдсэн ч тэр Альбукерке хотын захиргаанд “Microsoft”-ийг бүртгүүлж амжжээ.
“MITS” рүү Аллен л хааяа очино. Харин Гейтс хагас жилийн турш буудлаасаа толгой цухуйлгасангүй. Хоолоо ойролцоох хятад ресторанаас утсаар захиалаад идчихнэ. Долоо хоноод л цаг хэмнэх үүднээс хятад ресторан руу залгаад хуучныгаа захиалья л гэдэг болж.
Гейтс, Аллен нар программчлалын хэл болсон Бейсик, Фортран, Коболыг зохиож, Apple-д зориулж маш олон программ бичиж өгчээ. 1979 онд тэр маш авьяаслаг эр Тима Патерсоныг хөлсөлж авлаа. DOS үйлдлийн системийг хагас сарын дараа гаргаж, дэлхийн стандарт тогтоов. Тим хийсэн ажлынхаа хөлсөнд 75 мянган ам.доллар авч, “Тоуоtа”-гийн шинэхэн жип худалдаж авсан байна. Өнөөдөр ч гэсэн Патерсон тэрхүү машинаараа явдаг. Харин Гейтсийн хувьд Porsche хамгийн шилдэг сонголт. 1986 он гэхэд 30 гаруйхан настай Билл, Аллен хоёрын хөрөнгө хэдэн тэрбум болжээ. DOS үйлдлийн системийг дэлхийн бүх компьютерийн 90 хувь ашиглаж байлаа. Өнөөдөр ч энэ тоо алдагдаагүй байгаа гэдэг.
...1980-аад оны сүүлээр Аллен компанийнхаа дэд ерөнхийлөгчийн суудалд бэлгэдлийн чанартай үлдэж. Тэр хүнд өвчний улмаас тахир дутуугийн сандлаас салахаа больсон аж. Гэвч Microsoft-д анагаах ухааныг гайхамшиг болгон хувиргах хангалттай мөнгө байгаа учраас Пол Аллений өвчний явцыг зогсоож нааштайгаар эргүүлж чадсан аж. Өнөөдөр тэрээр заримдаа компанийнхаа ажилд оролцдог. Гэвч одоо компаниасаа илүү Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд анхаарал тавьдаг. Тэр Portland Trail Blazers багийн эзэн учраас тэр. Аллен гэртээ Биллийг авчрахын тулд хувийн онгоцоо Сиэтль рүү заримдаа явуулна. Энэ урилга бол Гейтсийг ажлаас нь хөндийрүүлж чаддаг цорын ганц зүйл. Гейтсийг эзгүй хойгуур Microsoft-ийн ажлыг дэд ерөнхийлөгч Стив Боллмер хариуцаж үлддэг. Тэр бол Биллийн Харвардын цорын ганц найз нь.
Гейтсийг гэрлээсэй хэмээн түүнтэй ойр байх бүхий л хүмүүс залбирч байсан гэдэг. Тэр бизнесээсээ болоод хэзээ ч бүсгүй хүнийг сонирхохгүй гэдэгт зарим нь итгэлтэй байв. Хамгийн гол нь ийм хүнтэй гэр бүл болж амьдрах эмэгтэй бий юу гэдэг л... Хэдийгээр түүнд маш их мөнгө байгаа ч тэр ойр орчныхондоо харгис хэрцгий нэгэн санагддаг. 1980 онд “Microsoft” анхны дөрвөн ажилчнаа авсан аж. Гэвч ажлын анхны өдрөө гурав нь эхлүүлжээ. Шинэ ажилтан ажлаасаа хоцорсон учраас шууд л халагдах өргөдлөө бичсэн гэдэг. Өнөөдөр “Microsoft” хагас жил бүр нийт ажилчдынхаа таван хувийг халдаг. Гейтсийн гарын үсгээр тус улсад хэдэн мянган ажлын байр бий болж байдаг. Тэр долоо хоногийн зургаан өдөр нь тасралтгүй 16 цаг ажилладаг. Амрахдаа Economist сэтгүүл уншиж, биотехнологийн шинэ нээлтийн талаар сонирхдог. Тэр гэртээ зурагт байлгах дургүй. Дэмий зүйлд цаг үрэхийн нэмэр гэж үздэг. Орчин үеийн урлаг утга зохиолд төдийлэн анхаарал хандуулдаггүй. Амьдралдаа гаргасан алдаа гэхээр Майкрософтийн цахим шуудангийн программд гарсан алдааг л хэлдэг. Гайхалтай их мөнгө түүний төрөлх араншинг огт эвдээгүй гэдэг. Өнөөдөр ч “хятад”-ын түргэн хоол будаа, гоймонтой шөл идсээр л байгаа. Хэрвээ зөөгч түүнээс амттан идэх үү гэж асуувал гамбургер л гэж хариулдаг. Үнэндээ үүнээс өөр амттан энэ дэлхий дээр байдаг гэдгийг бараг мэддэггүй бололтой. Тэр хэт тансаглалаас зугатаж явдаг учраас өөрийн гэсэн онгоцгүй. Хэрвээ улс хооронд болоод дотооддоо нисэх болбол зүгээр л нэгдүгээр зэрэглэлээр тасалбар авчихдаг. Тэр товлосон бүх л уулзалтандаа өөрийнхөө поршегоор л очдог. Өмнө нь торгуулийн тасалбараа цуглуулж, хэдэн зуугаар бөөгнүүлж байсан ч гэдэг. Сүү уух дуртай, гэхдээ цаасан саваа цонхоороо биш арынхаа суудал руу хаядаг. Заримдаа хаяхаа мартаад машинаа үнэхээр хэцүүхэн үнэртэй болгох нь энүүхэнд.
...Гэхдээ Гейтс ямар ч байсан гэрлэсэн. 1994 оны нэгдүгээр сарын 1-нд Хавайд Мелинда Фрэнчтэй гэрлэв. Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад нэлээд дээгүүр байр эзэлдэг Мелинда, Билл Гейтстэй суухаасаа өмнө бие даасан өөрийн гэсэн санхүү хөрөнгөтэй эмэгтэй болчихсон байсан учраас маш хатуу гэрээ хийсэн ч гэх яриа байдаг. Тэр Гейтстэй төрүүлж өгсөн хүүхдийнхээ тоогоор 10 сая ам.доллар хадгаламжиндаа авах гэрээ хийсэн гэдэг юм.
“Microsoft”-ийн менежер бүсгүйтэй гэрлэх ёслолоо Билл маш нууцхан хүрээлэлд хийсэн байдаг . Хуримынхаа өдөр Хавай арлын бүхий л зочид буудлын өрөөг Уильям Генри Гейтс III-ийн нэр дээр авчээ. Тэр аль ч хүрээлэлд бүсгүйчүүдтэй орооцолдож байгаагүй учраас “Билл Гейтс гэрлэх нь” гэдэг үг яг “модон хүүхэлдэй усанд живжээ” гэдэгтэй ижил сонсогдож байсан биз. Түүний гэрлэлтийг дагасан янз бүрийн онигоо, яриа гарч байлаа. Энэ гэрлэлт бол Билл Гейтсийн имижийг өөрчлөх гэсэн хэрэг гэдэг үзэл хүн бүрт л байв. Харин залуу хосууд хуримын аяллаа -30 хэмийн хүйтэнтэй Аляскид хийсэн нь хүн бүрийг гайхашруулсан ч 1996 онд Билл Меланда хоёр охин Женниферээ, 1999 онд хүү Роригоо, 2002 онд Фиби Адель охиноо төрүүлэв. Гэр бүлдээ зориулан Гейтсийн Вашингтон голын эрэгт байрлах 50 саяын үнэтэй байшинд компьютер байдаг ч нэг ч зурагт байхгүй. Зурагт байхгүй ч Леонардо да Винчигийн 30,8 сая ам.доллараар үнэлэгдсэн зураг Гейтсийн өрөөнд бий. Гараашид нь 30-аад машин байдаг.
Билл Гейтс нас барвал хөрөнгөө хүмүүнлэгийн санд хандивлаж, хүүхдүүдээ цөөхөн хэдэн ам.доллар л үлдээнэ гэж гэрээслэлдээ бичсэн байдаг. Түүнээс сэтгүүлч цөөхөн хэдэн ам.доллар гэдгээ тодотгооч гэж хүсэхэд тэрбумын ганц хувь л хангалттай гэжээ. Зуун мянган ам.доллар гэдэг бага мөнгө ч биш л дээ. Гэхдээ хэдэн тэрбумын хөрөнгөтэй ааваас нь ийм зүйл л үлдэнэ гэдэг хүүхдүүдэд жаахан тийм...
Иордан, Их Британи, Нигерийн төрийн тэргүүнүүд,
Дуучин Боно, Билл Гейтс
Гэвч хүүхдүүд аавдаа хайртай. Хуримынх нь дараахан сэтгүүлч Мелиндагийн юунд нь та тэгтлээ татагдав хэмээн асуухад тэрээр дуугүй хэсэгхэн байснаа энэ чинь хэт хувийн асуулт юм биш үү хэмээн хэлсэн гэдэг. Сүүлд нь тэрээр энэ асуултад “ Би үргэлж ухаантай, хараат бус, эрч хүчтэй бүсгүйчүүдийг үнэлдэг” хэмээн хариулсан байдаг.
Үнэндээ тэр өөр юу хэлж чадах гэж? 1987 онд Мелинда Microsoft-д хоёр ч диплом өвөртөлсөн шинэхэн боловсон хүчин ирсэн байдаг.
Тэгвэл шөнө дөл болтол ажилладаг Гейтсийн нүдэнд хэрхэн өртсөн бэ ? Гейтс хааяахан амрах гэж цонхоороо харна. Харин цонхоор нь Мелинда л харагддаг байж. Захирлуудын зөвлөлөөс Мелиндаг томоохон төслийн удирдагчаар томилж ажиллуулах шийдвэр гарахад Гейтс яагаад ч юм их баярласан гэнэ. Тэр бүсгүйг ажилдаа ирэхэд нь Мелиндад өөрөө л энэ шийдвэрийг дуулгамаар санагдсан байна. Гэвч түүнд гэрлэх санал тавих гэж зургаан жил хүлээсэн бөгөөд Билл энэ хугацаанд сонголтоо хийхийн тулд зөвхөн өөрөө өөртэйгөө л зөвлөлдөж байсан аж. Харин Мелиндагийн хувьд “ Тэр хамгийн ухаантай бас хосгүй хүчирхэг эр” хэмээн үнэлээд сэтгүүлчийн
- Таны мэддэг бүх хүнээс хамгийн ухаантай бас хүчирхэг нь гэж үү хэмээн лавласан асуултад “Үгүй ээ, энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүнээс” хэмээн хариулсан байдаг.