Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫГ ХЭЗЭЭ ТОМИЛОХ ВЭ


Монголын маргааш дуусдаггүй гэдэг. Өдгөө энэ үг их дээд сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалт ирэх сард болно гэдгээр биеллээ олж байх шиг. 2013 оны эхний сард боловсролын салбар дахь их шинэчлэл хийнэ гэсэн.
Шинэ оны эхний долоо хоногт л МУИС-ийн ректор С.Төмөр-Очир, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нарыг тэтгэвэртээ гарч буй хэмээн суудлаас нь буулгаж шуугианы эхлэл тавигдав. Мөн ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн, ХААИС-ийн Б.Бямбаа, МУБИС-ийн ректор Б.Жадамба нар өөрийн хүсэлтээр захирлын албан тушаалаа өгсөн хэмээн мэдээлж байлаа.

Мэдээлэлтэй хамтатган дээрх эрхмүүдийн оронд үүрэг гүйцэтгэгчийг томилсноо зарласан.
Үүрэг гүйцэтгэгчид дараагийн захирал сонгогдох хүртэл төрийн өмчит сургуулийг удирдана гэж мэдэгдлээ.
Гэтэл дараагийн захирал томилогдохгүй явсаар дөрөв дэх сарынхаа нүүрийг үзэх нь.  
Шинэ захирлын нас, зүс, өндрийг заах нь холгүй шаардлага тавьж, тэр шалгуураар дараагийн ректор тодрох учиртайг БШУЯ-ны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Б.Насанбаяр хэлж байв.

Захирлын албанд нэр дэвшигчдийн материалыг дөрвөн долоо хоногийн турш хүлээн авч, нэгдүгээр сарын 28-нд эцэслэсэн. Энэ хугацаанд 50 гаруй хүний намтар, ажил байдлын тодорхойлолт, захирал болохыг хүссэн өргөдөл зэрэг баримт бичиг цугларчээ. Тухайлбал, МУИС-ийн захиралд 10 хүн, ХААИС-д 10 хүн нэрээ дэвшүүлж  ШУТИС-д 16 хүн, ЭМШУИС-д 14 хүн материалаа хүргүүлсэн аж. Тэднийд цугласан материал дундаас хамгийн чухал үнэлгээ авах зүйл нь тухайн сургуулиа хөгжүүлэх тухай төлөвлөгөө нь бололтой.

Гэхдээ хөгжлийн төлөвлөгөөнөөс илүү том асуудал айсуй явааг БШУЯ-ныханд сануулж, яаруулах ёстой болов уу. 40 мянган хүүхэд энэ жил оюутан болохоор Боловсролын үнэлгээний төвд шалгалт өгөх учиртай. Эдгээр элсэгчтэй холбоотой сургуулиас баримтлах шийдвэр, асуудал одоо захирлын үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн гарын үсгээр шийдэгдэх нь. Аль их дээд сургууль ямар шалгуур тавьж оюутнаа  элсүүлэх журмаа гаргах цаг хугацаа хаяанд тулчихлаа. Гэвч шийдвэр гаргах ректорууд хаана байна вэ.

Захирлаа шалгаруулж авах гэж мунгинасан энэ гурван сарын турш үүрэг гүйцэтгэгч  хэмээх хүмүүс ажиллаж байгааг анзаараасай. Үүрэг гүйцэтгэгчид нь шийдвэр гаргаад, захирлын эрх мэдлээ ашиглаад эхэлснийг хүмүүс хэлж байна. МУИС-ийн захирлыг орлох А.Галчулуун өнгөрсөн хугацаанд халаа, сэлгээ хийгээд амжсан гэнэ. ШУТИС-ийг түр удирдаж яваа Д.Батчулуун өөрийгөө ректор болсон мэт ойлгож явааг хэвлэлээр шүүмжлээд эхэллээ. Хэрэв ямар нэг асуудал үүслээ гэхэд үүрэг гүйцэтгэгчдэд дараа нь хариуцлага тооцож болох уу гэдэг асуулт эндээс гарч байна.

БСШУЯ-ны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Б.Насанбаяр “Шударга шалгуур, өрсөлдөөнөөр захирлын суудлыг өгнө” хэмээн баталж байхад араар нь хэн нэг нөлөө бүхий хүний танил тал, найз нөхөд, ах дүүс очих вий хэмээн сэрдэх хүн цөөнгүй. Тиймээс “Яагаад өдийг хүртэл захирлууд томилогдохгүй байна вэ” гэх асуултад албаны хүн ингэж тайлбарлаж байна. “Их, дээд сургуулийн захирлын сонгон шалгаруулалт томилгоог Төрийн албаны салбар зөвлөлөөр шийдвэрлэдэг. Энэ зөвлөлд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар багтдаг юм. Зөвлөл нь бүрдэж, баталгаажаагүй учраас томилгоо сунжирч байна” гэх тайлбар өгсөн байв.

Сүр дуулиантайгаар их, дээд сургуулиудын захирлуудыг ажлаас нь чөлөөлсөн. Харин жинхэнэ захирлуудыг хэзээ сонгон шалгаруулж, суудлыг нь эзэнтэй, сургуулийг ректортой болгох вэ, Төрийн албаны зөвлөлийнхөөн.

0 Сэтгэгдэл
SHUTIS-in ediin zasgiin prorektoriig hen tavisan be??? avaachee terniigee... mungu idej huviin companyiaraa mungu ugaaj duuslaa... gadni yumnuudig tomilood nuguuduul n surguuliig bodohgui idej idej yavtsgaadag!!!Bolimoor yumaa.
Хамгийн их уншсан