Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрсөн өдрийн мэнд, хатагтай Гага


Түүнийг манай үеийн хөгжмийн гоц үзэгдэл гэдэг. Тэр зөвхөн хөгжмийн ертөнцийн төдийгүй нийгмийн ч гоц үзэгдэл болж, амьдралынх нь алхам бүр олны анхаарлыг татсан хүмүүсийн харах дуртай “шоу үзүүлбэр” болжээ. Хэн ч өмсөмгүй этгээд чамин хувцсаараа олныг ангайлгаж, эрх чөлөөт байдлаа тунхаглаж чадсан энэ бүсгүй ердөө 28 настай ч Майкл Жексон, Мадоннатай адил хөгжмийн түүхэнд үлдэх амжилт гарган, Гиннесийн номонд хоёр ч удаа бичигдээд байна. Ердөө 2005 онд хөгжмийн ертөнцөд хөл тавьсан тэрээр өнөөдөр 23 сая цомог, 64 сая синглээ борлуулсан, “Time”, “Forbes” сэтгүүлээс нэрлэдэг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг болж чаджээ. Өнөөдөр түүний 28 насны төрсөн өдөр тохиож байгаа юм. Ингээд Лэйди Гагагийн ярилцлагыг товч намтрын хамт хүргэж байна. 



Лэйди Гага: Этгээд  байдлаараа би фэнүүддээ өөрийгөө чөлөөлж, дотоод дуу хоолойгоо мэдэрч амьдрахыг уриалдаг

-Таны жинхэнэ нэр бол Стефани. Харин яаж яваад Лэйди Гага болов оо?
-Уг нь, энэ миний хоч байгаа юм. Манай Нью-Йоркийн найзууд намайг  ингэж хочилдог байсан. Тэр үед би ердийн л поп дуу дуулдаг байлаа. Харин одоогийн энэ стилиэр дуулахын өмнөхөн нэрээ ч бас содон сонирхолтой байлгахын тулд хочоо нэр болгохоор шийдсэн. Гага гэдэг “Queen” хамтлагийн "Radio Gaga" дуунаас гаралтай нэр шүү дээ.
-Та хэзээнээс уран бүтээлч болохыг хүссэн бэ?
-Эхийн хэвлийд байхаасаа. Би төрсөн цагаасаа, ухаан орсон үеэсээ л урлагийн хүн болох нь миний хувь тавилан гэдгийг мэддэг байсан. Би хаа л бол хаана дуулж явдаг хүүхэд байлаа. Амьдралыхаа эцсийн мөчийг ч тайзан дээр л өнгөрүүлэхийг хүсдэг.
-Дуулж эхлэхээсээ өмнө өөр ажил хийж байсан уу?
-Би олон жил зөөгчөөр ажилласан. Бармен ч хийж байлаа. Бас бүжиглэдэг ч байв. Дуу бичүүлэх, тоглолтынхоо сурталчилгааны хуудас хэвлүүлэхэд мөнгө маш их ордог учраас энэ бүхнийг хийдэг байсан. Би 15 наснаасаа ажиллаж эхэлсэн л дээ. Миний эцэг эх долоо хоногт надад 20 ам.доллар л өгдөг байв. Энэ мөнгөөр яаж Нью-Йоркт амьдрах вэ. Тийм болохоор багаасаа зөөгч хийсэн.  Тэгж олсон бүх мөнгөө жааз хөгжмийн тоглолт үзэхэд л зориулдаг байлаа.
-Хүмүүс дүр төрх гэдэг үгийг замбараагүй хэрэглэж байна гэж та шүүмжилдэг. Харин та өөрийгөө манай үеийн дүр төрх болсон хүн гэж боддог уу?
- Үгүй. Магадгүй намайг өнгөрсний дараа тэгж хэлж болох байх.
-Тэгвэл таны хувьд жинхэнэ дүр төрх болсон хүн хэн бэ?
-Миний ээж, эмээ. Бас Диана гүнж. Манай гэр бүлийн эмэгтэйчүүд Диана гүнжид үнэн зүрхнээсээ хайртай.
-Таныг урлагийн хүн болоход гэр бүлийнхэн тань хэр дэмжиж тусалсан бэ. Энэ этгээд гаж байдлыг тань тэд шүүмжилдэг үү?
-Манай гэрийнхэн харин ч намайг маш их дэмжиж, урам зориг өгдөг. Ээж маань хөгжмийн театрт ажилладаг байсан бол манай аав Брьюс Спрингстинтэй хамт уран бүтээл хийдэг байв. Тиймээс тэд намайг урлагийн хүн болоход маш их дэмжсэн. Тэд намайг улам шаргуу ажиллахыг шахаж шаарддаг. Хэрвээ би тэдний үгийг аваагүй, залхуурч суусан бол өнөөдөр Лэйди Гага гэж хүн байхгүй байсан биз.
-Хэрвээ та дуучин болоогүй бол өнөөдөр хэн байх байсан бол?
-Би үхчихсэн байх байсан. Хэдийгээр өнөө үед шоу бизнесийн утга учир алдагдсан ч би энэ амьдралд дуртай. Хэрэв энэ ертөнцөд орсон л бол бүхий л амьдралаа зориулдаг. Майкл Жексон айхтар түлэгдээд түргэний машин руу хүргэгдэж байхдаа ч цагаан бээлийгээ дээш өргөж, фэнүүддээ харуулж байсан шүү дээ. Хүмүүс ингэж л шоу бизнесийн ертөнцөд амьдардаг юм.
- Таны анхны хит “Just Dance” дуу амьдралыг тань аварсан гэж хэлж байсан. Яаж энэ дуу таны аминд оров?
-Анх Лос-Анжелост нүүж ирэх гэж байхад миний ажил хэрэг үнэхээр бүтэмжгүй байлаа. Студиуд миний дууг бичихээс татгалзаж, дандаа л “үгүй, үгүй” гэсэн хариулт өгдөг байсан үе. “Чи дуучин болохоор хөөрхөн биш юм. Чи сайн дуулж чадахгүй байна. Дуунууд чинь муу юм. Чиний стиль гаж солиотой” гээд л бөөн шүүмжлэлд дарагдаастай, саад бэрхшээл ихтэй.  Яг тэр үед би энэ дуугаа бичсэн нь жинхэнэ эргэлт болсон. Хүмүүс энэ дууг хүлээн авсан. Ялангуяа ижил хүйстнүүд маш сайхнаар хүлээн авч, намайг дэмжсэн. Тийм болохоор би тэдэнд үргэлж талархаж явдаг юм. “Алехандро” дуугаа би тэдэнд талархсан сэтгэлээр зохиосон.
-Хүмүүс таныг Мадоннатай дандаа харьцуулж, түүнтэй их адилхан гэлцдэг. Түүний тухай таны бодол?
-Нэг инээдтэй зүйл хэлэхэд үнэндээ би биш манай ээж Мадоннатай илүү адилхан. Би нас ахих тусам ээжтэйгээ адилхан болж байгаа. Тэгэхээр би ээжийгээ дуурайсан болохоос Мадоннатай адилхан биш л дээ.
-Тайзан дээр хамгийн хачин сонин тоглолт хийдэг дуучин бол та. Яагаад зүгээр л бусад дуучин шиг дуугаа дуулахын оронд бүхэл бүтэн жүжиг шиг үзүүлбэр хийдэг юм бэ?
-Би далайн эрэг дээр амарч байгаад паппарацад өртөж, сонин сэтгүүл бүрийн нүүрэн дээр гардаг жирийн л нэг поп дуучин баймааргүй байна. Би бусдын хувьд гаж мэт харагддаг энэ этгээд  байдлаараа фэнүүддээ өөрийгөө чөлөөлж, дотоод дуу хоолойгоо мэдэрч амьдрахыг уриалдаг. Ихэнх хүмүүс нийгэмдээ хүлэгдэж, өөрийнхөө юунд дуртайг ч үл анзааран дургүй зүйлээ хийж амьдардаг. Харин би тэднийг өөрийнхөө юу хүссэнийг хийх эрх чөлөөтэй нэгэн байгаасай гэж хүсч байна.
-Та яагаад бусдаас ийм өөр, этгээд байдаг юм бэ?
-Би хүүхэд байхдаа л сургуулийнхаа хамгийн этгээд хүүхэд байлаа. Цөөн хэдхэн найзтай. Хүмүүс надтай дотносч, найзлахыг хүсдэггүй. Тэглээ гээд би өөрөөсөө өөр байж чадаагүй. Би өдөр бүр өөрийнхөө хүссэнээр байж,  өөртөө таалагдах хувцсаа өмсөөд л явдаг байсан. Хэн нэгэнд таалагдах гэж биш. Үүгээрээ бусдад гаж юм шиг харагддаг байх. Миний фэнүүдийн хүрээ тэлэх тусам над шиг өөрийгөө чөлөөлсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Би үүнд маш их баярладаг. Хүмүүс биднийг гаж гэх байх л даа. Гэхдээ хүн болгон адилгүй.
-Та энэ олон гайхалтай хувцасныхаа санааг яаж олдог юм бэ? Та зөвхөн дуулж, бүжиглээд зогсохгүй хувцсаараа өөрийгөө бүрэн төгс илэрхийлэх юм.
-Зарим хувцсыг нь зохион бүтээгчид надад зориулан хийж өгдөг. Тэдний дийлэнх нь 70, 80-аад оны загвараас санаа авсан байдаг юм. Гэхдээ миний хувцаснуудад байдаг шинэлэг хэсгүүд бол эмэгтэй хүний тухай нийтлэг ойлголтыг эвдэх гэсэн санаатай. Би хил хязгаарыг эвдэх дуртай. Тиймээс миний хувцаслалтад тэр болохгүй, энэ болно гэсэн хязгаар байхгүй. Би одоо энэ байгаа байдалдаа дуртай. Энэ нь надад өөртөө таалагдах сэтгэгдэл төрүүлж, баяр хөөр авчирдаг.
-Домогт Майкл Жексон хамгийн сүүлчийн тоглолтоо таны дуугаар эхлүүлэхийг хүссэн гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Майкл үнэхээр шоугаа миний дуугаар нээхийг хүссэн. Үүнд бэлтгээд хамтран ажиллаж ч байсан.
-Алдар нэртэй байх нь танд таалагддаг уу?

-Алдар нэр гэхээс илүү фэнүүдтэй байх нь надад таалагддаг. Шүтэн бишрэгчид бол миний хувьд юугаар л арилжаалж болохгүй үнэт эрдэнэ. Тэр олон үзэгч намайг хараад орилж хашхирч, сэтгэл нь хөөрч догдлон, уйлж, хамтдаа дуулж бүжиглэнэ гэдэг надад бурхнаас заяасан хайр хишиг юм гэж би боддог. Хэдэн мянган хүн миний дууны үгийг цээжилчихсэн, дагаж дуулж байна гэхээр итгэмээргүй ч юм шиг санагддаг.Харин алдар нэртэй байх нь заримдаа залхмаар. Би Холливудын тансаг үдэшлэгт очихын оронд гудамжны нэг жижиг пабд ороод тэнд байгаа хүмүүсийг дайлах дуртай.
-Таны дуунуудаас харахад эрэгтэй, эмэгтэй гэж хүйс ялгахгүй сэтгэл татагддагийг чинь хүн болгон мэддэг болсон. Та ямар хүнтэй гэрлэхийг хүсдэг вэ. Эрэгтэй юу, эмэгтэй юу. Хүүхэдтэй болохыг хүсдэг үү?
-Би бусдын л адил сайхан хайрыг хүсдэг. Гэхдээ яг одоо бол фэнүүдээ л хамгийн их хайрлахыг хүсч байна. Хайр олон янз шүү дээ. Одоогоор би шүтэн бишрэгчдэдээ л хайраа өгч, сайн уран бүтээл хүргэхийг хүсч байна.
-Хүүхдийн тухайд?
-Заримдаа хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэхдээ одоо цаг нь биш. Эх хүн болоход өөрийгөө ч бэлтгэж амжаагүй байна. Бас хүүхэдтэй болвол хөдөлмөрийн бүтээмж маань буурах вий гэж айж байна.
-Та хэр шүтлэгтэй вэ?
-Би бурханд итгэдэг, маш их залбирдаг. Би католик шашинтан.
-Тэгвэл энэ хорвоогоос хальсны дараа диваажинд очно гэдэгт итгэдэг байх нь?
-Тийм ээ. Диваажинд очно гэж найдаж байна.


Лэйди Гагагийн тухай товчхон...

Жинхэнэ нэр: Стефани Жоанне Анжелина Жерманотта
Төрсөн он сар өдөр: 1986 оны гуравдугаар сарын 28
Төрсөн газар: АНУ, Нью-Йорк
Гэр бүл: Эцэг эх, дүү
Уран бүтээлийн урсгал чиглэл:  2005 оноос поп, электро дэнс урсгалаар уран бүтээл хийж эхэлсэн.

Түүний он жилүүд:




1990-ээд он

Стефани дөрвөн настайдаа төгөлдөр хуур сурч, 14 настайдаа ая зохиож, 17-тойдоо олны өмнө анх дуулжээ.








2005 он

Амжилтын бэлтгэл
19 настай Гага Нью-Йоркийн их сургуулийг хаяж, бүхий л цагаа хөгжимд зориулах болжээ. Тэрээр зөөгчөөр ажиллан, өөртөө зориулан хувцас оёж, бааранд дуулдаг байв.


2008 он
Амжилтын амт
Кристина Агилерагийн дууны багштай хамтран ажилласнаар 20 насныхаа төрсөн өдрөөр тэрээр хөгжмийн студитэй анхны гэрээгээ байгуулжээ. Бүх дуугаа өөрөө зохиодог залуу дуучин “Just Dance” хэмээх электро-поп дуугаараа  амжилтын гараагаа тавьсан юм. Энэ дуугаар тэр анх удаа Биллбордын жагсаалтад тэргүүлсэн.





2009 он

Хувцаслахуйн хувьсгал
70-аад оны загварыг санагдуулам тэгсэн атлаа цоо шинэ хувцас загварын хэв маягийг тэр гаргаж ирлээ. Хэрээ шиг хар өдөөр бүх биеэ бүрхэж, хөөсөн бөмбөлгөөр гоёж, үсээ утас, эрвээхэй, сагс гээд хүссэн хэлбэртээ хувиргах түүний содон хувцаслалт гайхаж цочирдом байсан ч энэ бүхэн түүнийг улам алдаршуулж байв.


2010 он
Рекорд эвдэгч шинэ дива
Түүний "Just Dance," "Poker Face," "LoveGame," дуунууд хитийн жагсаалтыг тэргүүлснээр гурван дуу нь жагсаалтад түрүүлсэн гурав дахь уран бүтээлч болж хөгжмийн түүхэнд нэрээ бичүүлсэн юм. Мөн тэрээр 2009 онд Грэммийн ёслолоос гурав, 2010 оныхоос найман шагнал хүртэж, “Bad Romance” нь оны шилдэг видеогоор шалгарснаар поп хөгжмийн шинэ дива гарч ирснийг нотолсон билээ.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан