Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таны хүүхэд хөдөлгөөнөөр “цангаж” байгаа юм биш биз


Нийслэлд  хүүхдийн цэцэрлэг дутмаг байна гэсэн гомдол жил бүр л гардаг. Гэхдээ хичээлийн шинэ жил эхлээд сар гаруйн дараа энэ гомдол тасардаг. Учир нь, “азтай” эцэг эхчүүд хүүхдээ улсын цэцэрлэгт өгөөд, үлдсэн хэсэг нь хувийн цэцэрлэгт даатгадаг. Бүр ор хоосон хоцорсон нь хүүхдээ эмээ, өвөөгийн “цэцэрлэгт” өгөхөөс эхлээд ямар нэг аргаар хүүхдийнхээ “аргыг олчихоод” ажлаа хийдэг. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх насныхан /2-5 настай хүүхэд/ 89240 байна. Тэдний 59711 нь сургуулийн өмнөх боловсролын ямар нэг байгууллагад харьяалагддаг. Харин “азтай” гэж тодорхойлсонд 50825 нь багтаж байна. Гэтэл нийслэлд ажиллаж буй төрийн өмчийн нийт цэцэрлэгт 31462 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл, 9541 хүүхдээр буюу 23.6 хувиар хүчин чадлаа давуулан ашигладаг гэсэн үг. Аль нэг цэцэрлэгийн эрхлэгчид хадаг барих нь холгүй гуйж мөргөөд, хэдэн төгрөг өгч хүүхдээ цэцэрлэгт оруулж чадсан эцэг эхчүүд өөрсдийгөө “азтай” гэж бодоод л яваа. Гэтэл энэ “аз” юу дагуулах талаар бодож байв уу...
Хүүхдүүдийг бага балчраас нь бие бялдрын зөв хөгжилтэй, хөдөлгөөний эвсэлтэй болгодог ганц боломжит газар нь тэдний хоёр дахь гэр буюу цэцэрлэг. Гэхдээ хүүхдээ л багтааж байвал ангид нь хэр олон хүүхэд байх нь хүүхэд юу сурах эцэг эхчүүдэд хамаагүй, тэд ч үүнд буруугүй. Харах хүнгүй бяцхан жаалуудыг аль болох багтаахыг хичээдэг цэцэрлэгийн удирдлагууд, багш нар ч буруугүй. Гэтэл нэг бүлгийн ачаалал хэтэрхий ихэдсэнээс, нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ үлэмж буурч, тэр хэрээр хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд нэрвэгдэж байна.

Тэдэнд санаснаараа хөдөлж, гүйж харайх талбай алга. Тэр ч бүү хэл, сургалтын хөтөлбөрт тусгагдсан өдөр бүр хийх ёстой дасгалаа хийж чадахгүй байна. Энэ бүхнийг амралтын өдөр болсон нэгэн явдлаас болж бичих боллоо. Дүү маань хүүхэлдэйн кино үзэх их дуртай. Гэтэл сүүлийн үед огт хүүхэлдэйн кино сонирхохоо больжээ. “Маша баавгай хоёр”-оо ч тоохоо байчихсан. Дүүгээсээ учрыг асуутал цэцэрлэг дээрээ байнга хүүхэлдэйн кино үздэг гэнэ. Ингээд дүүгээ цэцэрлэгт нь өгөхдөө багшаас нь өдөрт хүүхдүүд юу хийдэг талаар лавлалаа.

БЗД-ийн 32 дугаар цэцэрлэг уг нь стандартынхаа дагуу бол 185 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл одоогоор 250 гаруй хүүхэд энэ цэцэрлэгээр хүмүүжиж байна. Норм, стандартаасаа нэлээд давуулан хүүхэд элсүүлжээ. Тиймээс дүүгийн маань багш өөртөө тохиолддог зовлонгоо тоочсон юм. Гэхдээ өөрийнх нь цэцэрлэгт хүмүүждэг хүүхдийн эгч гэдэг үүднээс шүү дээ.
“Нэг ангид олон хүүхэд байх хэцүү. 40-45 хүүхдийг харж хандана гэдэг багшаас их чадвар шаарддаг. Манай цэцэрлэгт зориулалтын биеийн тамирын заал байхгүй болохоор дасгал хөдөлгөөн ховор хийлгэдэг. Ангидаа л гар хөлний дасгал хийлгэнэ. Үнэндээ бол гишгэх зайгүй энэ умгар өрөөнд яаж дасгал хийлгэх вэ дээ. Чимээгүй суулгаж, нэг нэгнийгээ гэмтээх вий гэхээс болгоомжилж харахаас өөрийг хийж чадахгүй шүү дээ. Ингэхийн тулд хүүхдүүдэд хүүхэлдэйн кино үзүүлж, томоотой суулгахаас өөр аргагүй. Улсаас үнэгүй хоол унд өгч, хүүхдүүдийг нь харж өгдөг болохоор улсын цэцэрлэгт хүмүүс хүүхдээ өгөх дуртай. Уг нь, нэг ангид тогтоосон стандарт нормын дагуу 25-30 хүүхэд бүртгэх ёстой л доо. Гэхдээ цэцэрлэгийн ажилчдын танил, найз нөхөд, дарга цэргийн хүүхдүүд гээд л нормоосоо илүү гарчихдаг. Нэг ангид олон хүүхэд хүмүүжнэ гэдэг нэгдүгээрт хөдөлгөөний дутагдал, хоёрдугаарт бие биенээ гэмтээх магадлалтай. Энэ жилийн хувьд харьцангуй гайгүй байгаа. Түүнээс өмнөх жилүүдэд нэг ангид энэ жилийнхээс олон хүүхэд байсан. Цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй бол хүүхдүүд багаасаа хөдөлгөөнөөр дутмаг байснаар ирээдүйд ямар бие эрхтний хөгжил төлөвшилтэй хүн болох нь ойлгомжтой” гэдгийг хэлээд мөн эцэг эхчүүд ч хүүхэддээ анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн юм.

Хүүхдүүдэд хөдөлгөөн дутагдаж байгааг багш мэдэхгүй биш мэдэж байна. Тийм ч учраас амралтын өдрөөр нь дүүгээ томоотой байлгах гэж шахаж шаардалгүй дураар нь байлгахыг надад захисан.

Хүүхдэд хөдөлгөөн дутагдсанаар өсөлт зогсох, жин нэмэгдэх, сэтгэл санаа нь тогтворгүй болох муу үр дагавартай. Бүр цаашилбал, гүйцэт бэхжиж амжаагүй нурууны ясанд суулт өгч, нурууны мөгөөрс шохойжих аюултай аж. Шинээр цэцэрлэг барих тухай асуудал “дээгүүр” яригдаж, хөрөнгө санхүү нь шийдэгдсэн ч цэцэрлэг барих газар олдохгүй гацаа үүссэн тухай албаныхан ярьсаар. Тиймээс шинэ цэцэрлэгүүд баригдаж, хүүхдүүд маань чөлөөтэй хөдлөх талбайтай болох хүртэл эцэг эхчүүдээ хүүхдээ ядаж амралтын өдрөөр нь томоотой суулгах гэж хичээгээд хэрэггүй л болов уу. Та хүүхдэдээ анхаарал тавихгүй бол таниас илүү хүүхдийг тань хайрлах хүн байгаа гэж үү...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан