Нийслэлд барихаар төлөвлөж байгаа 80 бага сургуулийн байршлын тухай Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Хүүхдийн амьдрах орчинг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнхэн ойролцоо барих ажлыг судлан, хэрэгжүүлэхийг нийслэлийн удирдлагаас зорьж, нийслэлийн эдийн засаг нийгмийн 2013 оны зорилтод энэ асуудлыг тусгасан юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186.822 хүүхэд суралцдаг юм байна. Мөн жилд дунджаар 20 мянга орчим хүүхэд шинээр сургуульд элсэн орж байгаа бөгөөд сургуулийн суудлын тоо хүрэлцээгүй, анги дүүргэлт тогтоосон нормативаас давж сургалтын орчин болон чанарт сөргөөр нөлөөлж байна гэж албаныхан онцолж байна.
Тиймээс нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 80 бага сургуулийг шинээр барих шаардалгатай байгаа юм байна. 80 бага сургууль барих газрын байршлыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3 хувилбараар сонгосон байна. Тодруулбал одоо байгаа сургуулиудын газар дээр 29м х13 м хэмжээтэй, 3 давхар, 300 хүүхдийн сургууль байршуулан дэд бүтцэд холбогдох 7 байршлыг сонгон төлөвлөсөн байна. Мөн сууршил үүссэн гэр хороололд 3-6 хашаа чөлөөлж дэд бүтцийг бие даасан байдлаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Ингэж барихын тулд урдчилсан төлөвлөгөөгөөр 260 хашаа чөлөөлөх 73 байршлыг сонгожээ. Гуравдугаарт гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 байршлын 4 байршилд бага сургууль барина гэж төлөвлөжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 80 байршилд бага сургууль баригдсанаар шинэ суурьшлын төвөөс 500 м-ийн радиус дотор 24 000 хүүхэд суралцах нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, бага сургуулийн барилгын газрын байршил тогтоох асуудлыг улсын болон орон нутгийн төсвийн бодлогтой нягт уялдуудан судлаж, дахин нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.