Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголдоо авсан диплом дэлхийн боловсролд гологдохооргүй болно

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл/БМИҮЗ/-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Тунгалагтай ярилцлаа. Тус зөвлөл нь манай улсын дээд боловсролын 97 байгууллагын магадлан итгэмжлэл хариуцаж ажилладаг. Харин сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагууд Монголын дээд боловсролд магадлан итгэмжлэл олгож, дэлхийн төвшинд батламжилж байгаа баярт мэдээ дуулдах болсон.

-Манай их, дээд сургууль бүр магадлан итгэмжлэгдсэн гэдэг. Энэ итгэмжлэл ямар ач холбогдолтой зүйл вэ?

-Магадлан итгэмжлэл гэж тухайн байгууллагын давуу болон сул талыг тодорхойлдог. Ингээд давуу талаа сайжруулж, сул талаа хэрхэн нөхөх вэ гэдэгт хөндлөнгийн байгууллагаар чанарын баталгаа гаргуулж буй үйл ажиллагаа. Манай улсад чанарын баталгааны олон аргачлал бий. БШУЯ, Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийдэг боловч магадлан итгэмжлэл нь сайн дурын гэдгээрээ бусдаас өөр. Сургуулийн удирдлагууд бидэнд шалгуулах хүсэлт тавиад, манай тавьж буй шалгуурыг хангаж байвал магадлан итгэмжлэл авдаг. Тухайн сургууль өмнөх ажилласан туршлагадаа тулгуурлаад дараагийн жилүүдийн үйл ажиллагаандаа итгэлцэл үзүүлж буй явдал юм. Мэдээж хэрэг, сайн дурынх учраас манай шалгуурыг хангаж чадна гэж үзсэн тохиолдолд магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ гаргадаг.
-Иргэд олон удаа магадлан итгэмжлүүлсэн нь сайн гэж ойлгох нь бий. Монголын 97 сургуулиас магадлан итгэмжлэлгүй байгууллага байдаг болов уу?
-Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудаас 70 нь магадлан итгэмжлэгдсэн. 50 гаруй нь хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн байна. Ирэх жил гурав дахь магадлан итгэмжлэлдээ орох юм. Энэ магадлан итгэмжлэл бүр боловсролын байгууллагаа урагш нь хөгжүүлэхэд чиглэгддэг. Дэлхий дахинд ч ийм аргачлал түгээмэл. Тийм учраас манай их, дээд сургуулиуд эхлээд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдчихээд одоо олон улсынхыг авч амжилттай ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь бизнес, эдийн засгийн их, дээд сургуулиуд юм. 2012 онд СЭЗДС АНУ-ын нэр хүндтэй магадлан итгэмжлэлийн байгууллагын батламж авсан.  Энэ “ACBSР” гэдэг нь дэлхий дахинд 30 гаруй орны 1000 гаруй сургуулийн гишүүнчлэлтэй, нэр хүндтэй байгууллага. Ирэх дөрөвдүгээр сард МУИС-ийн Эдийн засгийн сургууль батламж авах хүсэлт гаргаж шинжээчид ирсэн байгаа.
-АНУ-ын магадлан итгэмжлэлийн энэ байгууллагад Монголын хэдэн сургууль хамрагдсан юм бэ?
-“ACBSР” байгууллагатай манайхаас 21 сургууль хамтын ажиллагаа эхлүүлээд байна. СЭЗДС магадлан итгэмжлэлээ авчихсан, МУИС-ийн ЭЗС итгэмжлүүлэх шатандаа явна. Мөн 10 сургууль нэр дэвшигч буюу өөрсдийн хүсэлтээ “ACBSР”-д хүргүүлсэн. Харин үлдсэн есөн сургууль нь энэ жилээс чиглэл авч байна. Энэ сургуулиуд “ACBSР”-тай хамтрах нь нэгдүгээрт, манай боловсролын төвшин олон улсын хэмжээнд тодорхой байр суурь эзэлж байгааг харуулна. Хоёрдугаарт, дэлхий нийтийн боловсон хүчний маш өргөн хүрээтэй ном, сурах бичгийн том ертөнцөд холбогдоно.
-2012 онд СЭЗДС олон улсын байгууллагад анх удаа магадлан итгэмжлүүлсэн. Харин одоо олуулаа болжээ. Өнгөрсөн хугацаанд манай сургуулиудад ямар ахиц, үр дүн гарсан бол?
-Магадлан итгэмжлэлд хамрагдсан бүх сургуульд бүртгүүлэх цаг үеэс эхлээд л өөрчлөлт, ахиц гарч байгаа. Юун түрүүнд, сургалтынхаа агуулга, бүтцийг шинэчилж, олон улсын төвшинд хүргэх ажлуудаа эхэлдэг. Сүүлийн жилүүдэд манай сургуулиуд зөвхөн сургалтдаа анхаарч явсан бол одоо нийгмийн ажил, бусдад тустай үйлс бүтээх зэрэгт анхаардаг боллоо. Урьд нь үндэсний хэмжээний ном, сурах бичгээр л хичээл ордог байсан бол одоо олон улсын баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах боломж бүрдсэн. Мөн их, дээд сургуулиуд “ACBSР”-д өөрсдөө бүртгүүлбэл маш өндөр үнэтэй бол манай БМИҮЗ-өөр зуучлуулж бүртгүүлэхэд тал хувь нь хөнгөлөлттэй байдаг гээд олон давуу талыг нэрлэж болно. Үүнээс гадна магадлан итгэмжлэлийн дараа сургууль бүрт цаашдын үйл ажиллагаанд баримтлах тодорхой зөвлөмж гаргаж өгдөг.
-Дотоодод бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалан гадаадад очихоор боловсрол гологддог асуудал энэ итгэмжлэлээр дуусч байна гэсэн үг үү?
-Яг зөв. БМИҮЗ-өөс дотоодын үндэсний их, дээд сургуулиудын боловсролын төвшинг олон улсад гаргахаар шат дараалалтай ажиллаж байгаагийн нэлээд түлхэцтэй нь энэ юм. Олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн гэдэг нь бусад гишүүн орны сургуулиудтай адилхан мэргэжлийн суурь мэдлэгийг бүрэн өгч байгаагийн нотолгоо.
-Өнөөдөр болж буй үйл ажиллагаа бүгд эдийн засаг, бизнесийн сургууль руу чиглэжээ. Өөр салбарт энэ төрлийн ажил хэрэг хэр өрнөдөг бол?
-Ер нь, энэ чиглэлээр хамгийн анх хийсэн үйл ажиллагаа нь мэргэжлийн боловсролын сургуулиудыг Зүүн өмнөд Азид бэлтгэх шаардлагын үүднээс хийсэн байдаг. Барилгын технологийн сургуулийн техникийн коллеж, Хүнсний технологийн коллеж, ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургуулиуд энэ ажилд хамрагдсан. Эдгээрийг зүүн өмнөд Азийн “АПАК” гэдэг байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн. Мөн ЭМШИУС, ШУТИС, ХААИС гээд салбар, салбарт олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлээд байна.
-Монголд чанаргүй олон дээд сургууль байна гэж хүмүүс шүүмжилдэг. Тэгвэл тэдний дундаас сайн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр цугларчээ гэж ойлгож болох нь?
-Маш зөв. Эхлээд өөрсдийн, дараа нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа магадлан итгэмжлээд, одоо олон улсын төвшинд гарахаар эрмэлзэж байна. Зөвхөн эрмэлзэл ч биш бодит үйл ажиллагаа явуулж байгаа болохоор энэ сургуулийн хамт олонд их баярлаж байна. Бидний үйл ажиллагаа цаашид өргөжинө гэдэгт итгэлтэй байдаг.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан