БШУ-ы сайдын тушаалаар оюутнуудад олгодог тэтгэлгийг тэдний өөрсдийн дансаар олгохоор болсон билээ. Сургуулиуд оюутнуудын тэтгэлгийг хугацаанд нь өгөхгүй байгаа болон бусад асуудлаас болж ийм шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор оюутнуудыг энэ сарын 4-өөс эхлэн дурын банкинд тэтгэлэг авах карт нээлгэхийг уриалсан. Карт захиалгын хугацаа 14 хоногийн турш үргэлжилнэ.
Тэгвэл одоо хугацаа дуусахад дөрвөн өдөр үлдээд байна. Ингээд оюутнууд тэтгэлгийн картаа хэрхэн захиалж байгаа болон карт захиалахад хүндрэлтэй зүйл юу байгаа талаар сурвалжиллаа.
“Спортын төв ордон” ХААН банкны салбараар өчигдөр 13 цагийн орчим ороход 20 гаруй оюутан карт захиалахаар дугаарлаж байлаа. Тэднээс ямар бичиг баримт бүрдүүлэх талаар тодруулахад, хоёр хувь цээж зураг, дүнгийн хуулбар, оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх гэсэн бичиг баримт бүрдүүлж ирсэн гэнэ. Гурван хүүхэд дүнгийн хуулбараа авч ирээгүй учраас сургуулиа зорьж байна билээ.
Дүнгийн хуулбараар эхний улирлын голч дүнг бодож, үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөг дээр урамшууллын тэтгэлгийг нь энэ сараас нэмж олгох гэнэ.
Тиймээс оюутнуудаа хоёр ажил хийхгүйгээр бүх зүйлээ бүрдүүлээд банкинд хандвал хэн хэндээ явдал чирэгдэлгүй мэт.
Б.Бямбаням: Дүнгийн хуулбар, оюутны үнэмлэхээ заавал авч ирэх хэрэгтэй
Ингээд тус банкны оюутнуудад үйлчилж байгаа мэдээллийн ажилтан Б.Бямбанямаас дараахь зүйлийг тодрууллаа. Тэрээр ажлын ачаалал ихтэй учраас миний асуултанд товчхон хариулсан.
-Оюутнууд картаа хэр идэвхитэй захиалж байна вэ?
-Эхний долоо хоног идэвх муутай байсан. Харин өчигдрөөс оюутнууд идэвхитэй ирж байна.
-Оюутнууд картаа захиалах гэж ирэхдээ юунаас болж буцаж байна. Сая сургууль руугаа буцаж байгаа оюутнууд харагдсан?
-Бүртгүүлэхээр ирж байгаа оюутнууд маань үнэмлэхээ гээсэн байна. Тийм оюутнууд өөрийн сургуулиас сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт авч ирэх хэрэгтэй. Бас дүнгийн хуулбараа авч ирэх ёстой. Тийм тохиолдолд буцааж байгаа.
-Өмнө нь танай банкинд нээлгэсэн картын данстай бол түүгээрээ дамжуулан оюутны тэтгэлгээ авч болох уу?
-Болно. Заавал өөрийн биеэр ирэх хэрэгтэй.
-Танай банк карт нээлгэж байгаа оюутнуудаас ямар нэг хураамж авч байгаа юу?
-БШУЯ-тай тохиролцсоны дагуу ямар ч хураамж авахгүй байгаа. Мөн картаар нь дамжуулан тэтгэлгийг нь олгохдоо ч гүйлгээний хураамж авахгүй. Үүн дээрээ нэмээд бид харин ч оюутнууддаа урамшуулал олгож байна. “Мобайл банк”-ны бүтэн жилийн эрх үнэгүй өгч байна.