Эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах 2013 оны тэмцээн манай улсад болж өндөрлөлөө. Чөлөөт бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч найман орны шилдэг тамирчид Буянт-Ухаа спорт цогцолборт өрсөлдөж, энэ оны шилдгүүдийн чансааг тогтоосон юм. 48-72 хүртэлх долоон жинд бөхчүүд багийн дүнгээр амжилтаараа жагсч эхний өдөр гурван шатны барилдаан болж, ням гарагт шийдвэрлэх барилдаан болов.
5000 хүний суудалтай том танхим дүүргэсэн үзэгчийн уухайнд Монголын долоон бөх урьд нь үзүүлээгүй амжилтаа гаргалаа. 2001 оноос хойш зохиогдож буй эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом” тэмцээнд манай улсын бөхчүүд сүүлийн таван жил тасралтгүй оролцож байгаа. Эдгээр тэмцээнд японы эмэгтэйчүүдийн багийг ялж байсан удаагүй бол Улаанбаатар хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын дэвжээнд илүүрхэж ялсан юм. Гэхдээ энэ тэмцээний хамгийн том амжилт нь багаараа мөнгөн медаль хүртэж, алтан медалиас дутахааргүй амжилт гаргасан явдал байлаа. Өмнө нь болж байсан тэмцээнүүдэд 6-7 дугаар байрт орж байсан бол эх орондоо зохиогдсон тэмцээнээс аваргын ард анх удаа жагссан нь түүхэнд тэмдэглэгдэхүйц амжилт юм.
Дэлхийд чөлөөт бөхөөрөө шилдэгт тооцогддог Монгол, АНУ, Япон, Канад, Белорусь, Казахстан, Энэтхэг, Хятад улсын тамирчид өрсөлдлөө. Монголын баг тамирчид эхний шатанд Канад улсын тамирчидтай өрсөлдсөн. Долоон жингийн тамирчдаас дөрөв нь ялалт авснаар манай баг ялсан юм. Тухайлбал, 55 кг жинд С.Бямбацэрэн, 63 кг жинд С.Батцэцэг, 67 кг жинд О.Насанбурмаа, 72 кг жинд О.Бурмаа нар тус тус ялснаар эхний шатанд ялалт авлаа. Хоёрдугаар шатны тэмцээнд Энэтхэгийн багийнхантай учраа таарсан. Энд монголчууд таван ялалт авч илүүрхсэн амжилт гаргалаа. Ц.Энхжаргал, С.Бямбацэрэн, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Б.Бурмаа нар жингийнхээ бөхийг давсан нь энэ амжилтад хүргэсэн. Энэ шатны 51 кг жинд барилдсан ОУХМ Э.Даваачимэг Энэтхэгийн бөх Винешт ялагдсан бол 59 кг жинд ОУХМ С.Цэрэнчимэд өрсөлдөгч Геетад ялагдсан юм.
Гуравдугаар шатанд Монголын эмэгтэй бөхчүүд “Дэлхийн цом”-д ялж байгаагүй японы багтай учраа таарсан. 48 кг жинд Ц.Энхжаргал японы Юки Ириетэй барилдаж ялагдсан. 51 кг жинд Э.Даваачимэг Ю.Мияхиратай таарч мөн ялагдал хүлээсэн юм. Гурав дахь барилдаан нь С.Бямбацэрэн, Чихо Хамада нарын дунд болж монголын тал дахин ялагдав. Монголчуудын хувьд дэлхийн цомын аваргын төлөөх барилдаан өмнөх тэмцээнүүдтэй адилхан дүнтэй төгсөх магадлал өндөрсөж ирсэн. Гэсэн ч 59 кг жинд Т.Мөнхтуяа, 63 кг жинд С.Батцэцэг, 67 кг жинд О.Насанбурмаа, 72 кг жинд Б.Одончимэг нар учраа бөхчүүдээ дараалан ялж алтан цом, аваргын төлөө өрсөлдөх боломж бүрдэж, танхимд цугласан монголчуудыг удаа дараалан уухай хашгирууллаа.
Ийнхүү ням гарагт аваргын төлөөх барилдаан Монгол, Хятадын хооронд өрнөж, гуравдугаар байрны төлөөх барилдаан Япон, АНУ-ын дунд болсон юм. Японы долоон тамирчин дөрвөн ялалт авч тэмцээнд ялсан. Тухайлбал, 51 кг жинд Ю.Мияхира АНУ-ын бөх Жессика Мединаг ялсан ч 48, 55, 59, кг жинд америкчууд ялалт байгуулж илүүрхээд байв. Тав дахь барилдаанаас япончуудын барилдаан сэргэж Ито Юрика, Чиаки Ижима, Хирое Сүзүки нар ялалт авснаар хүрэл цомын болзол хангав.
Түүний араас аваргын төлөөх барилдаан эхэлж, Монголын талаас 48 кг жинд Цогтбазарын Энхжаргал Сун Янантай барилдлаа. Эхний үед Ц.Энхжаргал таван оноо авч илүүрхэж байсан боловч Сун Янан мөн таван оноо нөхөн авснаар ялалт байгуулсан юм. Хоёрдугаар үед манай тамирчин оноо авч амжаагүй байхад өрсөлдөгч нь таван оноо авч цэвэр ялалтаар тэмцээнээ дуусгалаа. Алтан медалийн төлөөх өрсөлдөөн тааруухан эхэлсэн хэдий ч дараагийн хоёр ялалт монголчуудынх байсан юм. Тухайлбал, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 51 кг жинд Ли Шуаныг хоёр үед оноогоор ялсан. Мөн Сүндэвийн Бямбацэрэн учраа бөх Сон Венпинийг 55 кг жинд эхний үедээ ялсан ч хоёр дахь үед оноо аваагүй дуусгасан. Тиймээс шүүгч шодож С.Бямбацэрэн барьц аван барилдаж оноо авснаар хоёр дахь ялалт авсан юм. Дөрөв дэх учраа монголчуудын ялагдлаар өндөрлөж хоёр улсын оноог тэнцүүлсэн. Тодруулбал, ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа 59 кг жинд 2008 оны олимпын наадмын мөнгөн медальт Ли Хьютэй барилдсан. Эхний үедээ 3:0 оноогоор ялсан хэдий ч хоёрдугаар үедээ 2:2 оноогоор ялагдсан юм. Ийнхүү гуравдугаар шатны өрсөлдөөн гарч 0:1 онооны харьцаагаар ялагдал хүлээж хятадууд тэнцэж ирэв. Энэ нөхцөл байдлыг 2012 оны Лондоны олимпын хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг өөрчилж, ялалт байгуулсан. Түүнтэй учраа таарсан Азийн аваргын мөнгөн медальт Жоу Жантин гурван үеийн барилдаан гаргасан өрсөлдөгч байсан юм. Эхний үед С.Батцэцэг 1:0 харьцаагаар ялсан бол хоёрдугаар үед хоёр оноогоор тэнцэж ялагдлаа. Гурав дахь шатны барилдаанд С.Батцэцэг өрсөлдөгчөө цэвэр ялж, багийнхаа амжилтыг ахиулж, тэргүүлэгч байр сууринд хүрсэн юм. Сүүлийн хоёр барилдаанаас ганцхан ялалт авахад монголчууд алтын эзэн, аваргын алдар зүүх байв. 67 кг жинд МУГТ Очирбатын Насанбурмаа Хью Хаяньтай барилдсан хэдий ч хоёр үед ялагдсанаар амжилтаар тэнцэж, долдугаар шатны барилдаанаас аварга тодрохоор болсон юм.
Тэмцээний хамгийн хүнд жин буюу 72 кг-д Бадрахын Одончимэг учраа бөх Жан Фенглю нарын барилдаан эхэллээ. Эхний үеийн хоёр минутад Б.Одончимэг нэг оноо алдсан. Хоёрдугаар үе эхлээд нэг минут өнгөрч байхад Б.Одончимэг хятадын бөхөөс техникийн илүүтэй байж, өрсөлдөгчөө торгуулж чадсан. Гэсэн ч барилдааны төгсгөлд хятадын бөх дэвжээний захад нэг оноо авсан юм. Эндээс Б.Одончимэг оноо алдаагүй гэж үзээд, бичлэг дахин харахыг хүссэн. Хэрэв энэ бичлэгт Б.Одончимэгийн зөв байсан бол оноогоо хадгалах байсан. Харин үнэхээр оноо алдсан байвал барилдаан цаашид үргэлжлэхээр болох байжээ. Шийдвэрлэх барилдаанд тэрээр бага зэрэг буруу бодож, дасгалжуулагчаараа дөрвөлжин шидүүлсэн нь алдаа байсан гэж үзэх хүн цөөнгүй байна. Учир нь, торгуулиар авсан оноо нь тэмцээний нэг онооноос чанарын хувьд илүү байдаг аж. Тиймээс хоёрдугаар шатанд оноо тэнцсэн ч гэлээ барилдаан шүүгчийн шодолтоор үргэлжлэх боломжтой байв. Энд бага ч атугай боломж харагдаж байсан гэж бөх судлаачид хэлсэн. Ийнхүү манай улсын тамирчид алтын төлөөх барилдаанд 3:4 харьцаагаар ялагдаж мөнгөн медалийн эзэд боллоо. Хэдий өнгө нь мөнгө боловч үнэ цэнэ нь алтын дайтай гэж хэлэх хүн цөөнгүй байна. Үүнээс илүү амжилт гаргах боломж байсан ч урьд урьдын амжилтаа өсгөж, дэлхийд дээгүүр жагсах бөхчүүдтэй гэдгээ мэдрүүлсэн тэмцээн боллоо. Монголд анх удаа зохион байгуулагдсан “Дэлхийн цом” эмэгтэйчүүдийн тэмцээний энэ эрч хүч дараагийн өрсөлдөөнд илүү амжилт гаргах, ялагдсан багаа давах боломж олгож байгаа нь дамжиггүй.
Тэмцээнд 100 орчим шилдэг тамирчин өрсөлдөж, дүнгээ гаргасан. Багийн дүнгээр зохион байгуулагдсан “Дэлхийн цом 2013”-т Казахстаны баг наймдугаар байр, Канад долдугаар байр, Белорусь зургаад, Энэтхэг тавд орсон юм. Дөрөвдүгээр байрт АНУ орсон бол япончууд хүрэл медаль, хятадууд алтан медалийн эзэн боллоо. Харин монголчууд урьд нь байгаагүй амжилт үзүүлж тэмцээний хоёрдугаар байрт шалгарсан нь түүхэнд тэмдэглэгдэхүйц амжилт байв.
Шилдэг гурван багийн медалийг тэмцээн зохион байгуулагчид гардуулж өгсөн. Тухайлбал, тэмцээний зохион байгуулах хорооны дарга, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Л.Чинбат, МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар тамирчдад медаль зүүж өглөө. Мөн Ази тивийн бөхийн холбооны ерөнхийлөгч Жан Кею Ким тэргүүтэй олон улсын төлөөлөгчид тамирчдад баяр хүргэн шагнал гардуулсан юм.
Энэ удаагийн тэмцээн нэгэн үйл явдал давхацсан юм. Олон улсын олимпын хорооноос чөлөөт бөхийн төрлийг 2020 онд хасах шийдвэр гаргасныг дэлхийн шилдэг тамирчид эсэргүүцэж буйгаа нэгэн дор илэрхийллээ. Чансаагаараа олон улсад дээгүүр байрт орох эмэгтэй бөхчүүд үгээ хэлж, олимпын бэлгэдэл таван цагираг барилаа. Мөн “Бидний мөрөөдлийг авраач” хэмээх лоозон үгтэй хуудаснаа олимпын цагирагийг хар дэвсгэр дээр байршуулсан байв. Энэ нь, өнөөдөр чөлөөт бөхийн спортод хүч үзэж, хөл тавьж байгаа залуучуудын олимпын аварга болох хүсэл мөрөөдлийг ОУОХ-ны шийдвэр боогдуулах гэж байна гэсэн агуулгатай аж.
Монгол Улсад анх удаа болсон “Дэлхийн цом” эмэгтэйчүүдийн тэмцээнийг өндөрлүүлж МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч, Японы сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж үг хэлсэн. Тэрээр урьдны амжилтаа ахиулж, түүхэн ялалт байгуулсан тамирчдадаа баяр хүргээд “Дэлхийн топ тавд орж буй орнуудтай нэг эгнээнд зогсох амжилт үзүүлж байгаа нь манай бөхчүүд сайн бэлдсэн, өнгөрсөн тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаа бататгаж буй хэрэг. Одоо юу, юугүй дараагийн олимпын наадам эхэлнэ. Энэ наадмынхаа бэлтгэлийг сайн хийж, амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэлээ. Тэрээр ялалт байгуулсан гурван орны эх хэлээр нь “Зан Жень, Баяртай, Саёо-нара” хэмээсэн юм.