Та энэ зургийг гутлыг хараад жирийн л нэг спорт гутал гэж бодож байна уу. Тэгвэл та андуурч байна. Гаднаас нь харахад энгийн л нэг гутал мэт харагдах энэхүү трэйнер бол матар, анаконда могой, далайн муур, заан, тэмээн хяруул, тугал гэсэн зургаа, долоон өөр амьтны арьс, ясыг ашиглаж хийсэн дэлхийн хаана ч байхгүй, цорын ганц загвар гэнэ шүү. Энэ тансаг эд хэнийх вэ гэж үү. Бионсегийнх.
Алдарт дуучин бүсгүйд зориулж, нөхөр Жэй Зи нь энэхүү гутлын тусгайлан захиалж хийлгэсэн гэнэ. Бүхэлдээ цагаан өнгөтэй энэ гуталны зөвхөн гадар хэсэгт гэхэд анаконда могой, матар, далайн муур, тэмээн хяруул гээд дөрвөн өөр амьтны арьс ашигласан байна. Гутлын хоншоор, арын хэсгийг матрын арьсаар хийсэн байхад хэлийг нь тэмээн хяруулын арьсаар хийсэн байх жишээтэй. Гэхдээ энэ бүх амьтны арьсыг ашиглахдаа ямар ч хууль зөрчөөгүй хэмээн гутлыг урласан “Perfectly Made Kicks” компанийн эзэн Андре Скот мэдэгдсэн байна. Гэвч амьтны амийг хороохгүйгээр яаж арьсыг нь авсан байж таарах вэ гэж амьтны эрхийг хамгаалагч идэвхтнүүд дургүйцлээ илэрхийлж байна.
Ер нь, тэмээн хяруул, могой, матрын арьс тансаг зэрэглэлийн загварын хувцас, хэрэглэлд ихээхэн ашиглагддаг, тэр хэрээрээ ч өндөр үнэтэй байдаг. Тэмээн хяруулын арьсаар хийсэн LV-гийн цүнх гэхэд 10 гаруй мянган ам.доллараар үнэлэгддэг. Анаконда могойн арьсаар хийсэн Том Фордын гутал гэхэд 4000 ам.доллар хүрдэг. Харин матрын арьсын хувьд жил бүр 90 мянган матрыг тансаг чамин цүнх болгохоор хороодог. Гэхдээ энэ бол загварын түүхий эд болгохоор тусгайлан үржүүлдэг матар. Үүн дээр жил бүр хууль бусаар агнадаг 225 мянган матар нэмэгдэнэ. Нэг цүнх хийхийн тулд дөрвөн матрын арьс хэрэг болдог бөгөөд үүний тулд 70 хүртэл насалдаг матрыг ердөө гурван жил тэжээгээд л хороодог тусгай ферм хүртэл бий. Гэвч матрын арьсаар хийсэн цүнх, тухайлбал “Hermes”-ийн матрын арьсан “Birkin” цүнх гэхэд 79 мянган фунт буюу100 гаруй мянган ам.долларын үнэ хүрдэг маш өндөр ашигтай учир хөөрхий матрууд хороогдсоор л байна.
Ховор амьтны амиар үнэлэгдэх энэ хэтэрхий тансаг гоёлыг сонгох нь дээд зэргийн ёс зүйгүй, хүнлэг бус хэрэг гэж амьтны эрхийг хамгаалагчид эсэргүүцлээ илэрхийлдэг. Харин Жэй Зигийн гэр бүл энэ эсэргүүцлийг төдийлэн авч үзэхгүй байгаа бололтой. Тансаг гэгдэх бүхий л амьтны арьсыг нэг гуталд багтаасан байх юм. Энэхүү цорын ганц гуталны үнэ хэд болох нь нууц ч иймэрхүү гоёлд гар татдаггүй рэпперийн гэр бүл нэлээд өндөр үнэ төлсөн нь тодорхой.
Бионсегийн тансаглалууд: Тэрээр 2012 оны аавуудын баяраар нөхөртөө 27 сая фунтээр онгоц бэлэглэж байв.
Тэгвэл Жэй Зи түүнтэй сүй тавихдаа 3,3 сая фунтийн алмаазан бөгж бэлэглэж байв.
Хоёр од бяцхан охиндоо 19 мянган ам.доллар цагаан алтан шигтгээтэй соосог авч өгчээ.
Бионсе нөхрийнхөө 43 насны төрсөн өдрөөр 3,3 сая фунтийн үнэтэй "Hublot"-ийн цаг бэлэглэжээ.
Тэдний хүүхдийн анхны тоглоом болох барби 50 мянган фунтийн үнэтэй бол усанд ордон ванн нь сваровски шигтгээтэй, 3200 фунтийн үнэтэй.
Харин Бионсегийн өөрийнх нь гоёлын хувьд 43 мянган фунтийн "Hermes Birkin" цүнх, 3700 фунтийн үнэтэй Кристин Лубитиний гутал ч бий.
Бионсе тоглолтынхоо үеэр 93 мянган ам.долларын үнэтэй алтадсан өмд өмсч байв.