Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Энэ онд 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээнд АНУ, Япон, Хятад, Энэтхэг, Канад, Казахстан, Беларусь, зохион байгуулагч Монгол гэсэн найман орны баг тамирчид оролцож байна.
2009 оноос хойш эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцож эхэлсэн манай улсын баг тамирчид энэ удаа эх орныоо дэвжээнд медальд хүрэх зорилго өвөртлөн барилдаж байна. Өмнөх дэлхийн цомын тэмцээнүүдэд манай бүсгүйчүүд 5-7-р байрыг эзэлсэн амжилт үзүүлж байсан юм. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомд Японы бүсгүйчүүд хамгийн олон буюу зургаан удаа аваргалсан байдал бол хөрш Хятадын тамирчид таван удаагийн түрүүгээр удаалдаг ажээ. Энэ удаагийн тэмцээнд олимпын медальтай хоёр, дэлхийн аварга хэд хэдэн тамирчин ирж өрсөлдөж байгаа юм.