Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуулиудын багш нар хүртэл тэтгэлэг авч байж

БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас оюутны үндэсний болон урамшууллын тэтгэлгийг картаар олгох болсонтой холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутнуудын тэтгэлгийг хугацаанд нь олгоогүй, огт өгөөгүй гэсэн санал, гомдол гараад байгаа. Эдгээр асуудлыг шийдэх гарц нь тэтгэлгийг картаар олгох гэлээ?
-Манай яамны иргэдийн санал, гомдол хүлээж авдаг утас болох 1209-д ирсэн их, дээд сургуультай холбоотой санал гомдлын дийлэнхи нь үндэсний тэтгэлэг 70200 төгрөгтэй холбоотой байсан. Энэ санал гомдлын 85 хувь нь хугацаандаа өгөхгүй байна, 10 хувь нь алга гэсэн санал байсан. Тиймээс манай яамнаас БШУ-ы сайд Гантөмөрийн “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох журам”-ыг баталсан. Үүний дагуу шат дараатай арга хэмжээ авахаар бэлдэж байна.
-Дээрх санал гомдол гарч байгаагийн цаад шалтгаан нь тухайн сургууль шүү дээ?
-Өнгөрсөн хугацаанд жи­лийн чөлөө авсан болон шилжсэн хүүхдүүдийнхээ нэр дээр тэтгэлэг авч байсан сургууль бий. Бүр тэтгэлэг авдаг багш нар ч байсан. Энэ байдлыг таслан зогсоож, цаг тухайд нь оюутнуудад тэтгэлгийг нь олгох үүднээс картаар олгох аргыг хэрэглэх гэж байна. Оюутнуудын зүгээс энэ ажилд маань идэвхитэй оролцох нь чухал. Өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн 15 хоногийн хугацаанд оюутнууд өөрийн сонгосон банк дээрээ очиж, бүртгүүлэх ёстой. Үүний дараа банкинд тухайн оюут­ны мэдээлэл сургуулиас нь очиж нягталсны дагуу карт олгогдоно. Банкинд ир­­сэн оюутнуудын тухай мэдээ­лэл Сургалтын төрийн сан дээр мөн төвлөрөөд нэг ёсон­доо оюутнуудын та­лаар мэдээллийн нэгдсэн сантай болох юм. Ингэснээр сургуулийн оролцоог үгүй болгож, оюутнууд  хэн нэгнээр дамжуулалгүйгээр тэтгэлэг, урамшууллаа авах боломж бий болж байна.
-Сургуулийн оролцоо байхгүй гэхээр хичээлдээ суудаггүй оюутнуудад яаж хяналт тавих вэ?
-Сургалтын төрийн сан дээр оюутнуудын нэгдсэн сан үүсгэж буйн ач холбогдол үүнд л байгаа юм. Сургалтын төрийн сан л тухайн сур­гуультай харилцаатай бай­на. Тэгснээр энэ талаархи мэдээллийг авна гэсэн үг л дээ.
-Банкинд бүртгүүлэхдээ ямар бичиг баримттай очих талаар мэдээлэл байхгүй юу?
-Иргэний болон сурал­цагчийн үнэмлэх, сургуулиас авсан голч дүнгийн тодор­хойлолт, хоёр хувь цээж зурагтай очих ёстой.
-Ямар нэг шалгуур байхгүйгээр арилжааны ямар ч банкинд шууд бүртгүүлж болох юм уу?
-Монголбанкнаас арил­жааны банкуудад тавигддаг зохистой харилцааны шал­гуур үзүүлэлтийг давсан бүх банкны ямар ч салбарт бүртгүүлж болно. Гэхдээ ямар нэг банкийг сонгох тал дээр оюутнуудад сургуулийн захиргаа, эцэг, эх ч зөвлөж, оролцох эрх байхгүй.
-Банкууд гүйлгээ хийсний төлбөр авдаг шүү дээ. Хэчнээн 100, 200 төгрөг авдаг ч гэсэн оюутны тоогоор бодвол багагүй мөнгө болно?
-Банкуудтай ярилцаж, тохир­соны дагуу шимтгэл, гүйл­гээ хийсний мөнгө авахгүй. Оюутнуудын картанд үндэсний тэтгэлгийн 70200 тэр чигээрээ л орох ёстой. Хэрэв дутуу орсон бол манайд хандах хэрэгтэй.
-Оюутнууд маань эхний улирлын тэтгэлгээ авсан. Хоёр­дугаар улирлынх хэзээнээс олгогдох юм бол?
-Оюутнуудыг картжуулах ажил дуусгавар болсны дараа буюу ирэх сарын 15-аас олгоод эхэлнэ.
-Зарим нэг шалтгаанаас болоод эхний улирлын тэтгэлгээ аваагүй оюутнууд нөхөж авах боломжтой юу?
-Нэгдүгээр улирлын тэтгэлэг болох 1512225 оюутны 10,5 тэрбум төгрөгийг Сургалтын төрийн сангаас сургуулиудын дансанд шилжүүлсэн. Үүнийгээ авч амжаагүй оюутнууд сургуулиасаа л авна.
-Та багш нар нь өөрс­дөө тэтгэлэг авч байсан тохиолдол гарсан гэсэн. Жишээ нь, ямар сургуулиас ийм зөрчил илрэв?
-Манай яаманд энэ талаар баримттай олон мэдээлэл ирдэг. Түүнийг нь холбогдох газруудад тухай бүрт нь шалгуулахаар өгдөг. Тийм болохоор энэ талаар нийтэд зарлах нь буруу болов уу.
-Хувийн дээд сургуу­лиудын бараг бүх оюутан нь онц сурах болсон. Тиймээс голч дүнгээр нь олгодог урамшууллын тэтгэлгийг авах шалгуурт будлиан үүсгээд байна гэсэн яриа гарах болсон?
-Тийм ээ. Ийм санал гом­дол их ирдэг. Хувийн сургуу­лиудын багш нар оюутнууддаа сайн дүн тавьдаг нь үнэн. Тийм учраас удахгүй урамшууллын тэт­гэлгийнхээ явцад хяналт тавих үүднээс хувийн дээд сур­гуулиудад хөндлөнгийн шал­галт хийхээр бэлтгэж байгаа.
-Тэтгэлэг урамшуулал олгох нь оюутнуудыг бэ­лэнч­лэх сэтгэлгээтэй бол­гож байна гэж хүмүүс шүүм­жилдэг?
-Энэ тэтгэлгүүдийг оюут­нуу­дад олгож байгаа нь тэднийг өөр зүйлд анхаарал хандуулахгүй сурлагын амжилт гаргах нөхцөл бололцоог бий болгох зорилготой шүү дээ. Мөн нэмж хэлэхэд, оюутнуудад олгох тэтгэлэг авах картаар архи, тамхи худалдан авахыг хориглосон санамжтай хийгдэж байгаа.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
тэтгэлэг өгдгөө болих хэрэгтэй оронд нь эрүүл цэвэр аюулгүй хот болгоход тэр мөнгийг зарцуулах хэрэгтэй
Их засгийн Ням-Осор оюутны тэтгэлгийн мөнгийг хадгаламжинд хийгээд хүүгээр нь орон сууц авдаг гэнэ
тэтгэлэг өгдгөө болих хэрэгтэй оронд нь эрүүл цэвэр аюулгүй хот болгоход тэр мөнгийг зарцуулах хэрэгтэй
Хамгийн их уншсан