Оскарын энэ оны шагналын эзэд бараг тодорч дуусч байна. Оскарын хамгийн чухал номинацын нэг болох эмэгтэй шилдэг гол дүрийн шагналыг залуу жүжигчин Женнифер Лоуренс хүртлээ. Тэрээр Брэдли Күпертэй хамтран тоглосон "Silver Linings Playbook" киногоороо ийнхүү Оскарын алтан хүнийг гардлаа. Харин шагналаа гардахаар тайз руу хүрэх замд бяцхан саад тохиолдож, жүжигчин бүсгүй бүдэрч унасан юм. Үүндээ нэлээд ичиж сандарч, нүүрээ дарж суусан бүсгүйг дэмжиж босгохоор шагналыг гардуулах өгөхөөр хүлээж зогссон Хью Жэкмэн тосон иржээ. Женнифер энэ үдэш Диорын даашинзаар гоёжээ.
Женнифер дээрх дүрээрээ Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагналыг мөн хүртсэн бөгөөд тэрхүү шагналаа гардан авахаар тайз руу явах замдаа бас л ичгэвтэр байдалд орж байсан удаатай. Түүний хоёр хэсгээс бүрддэг даашинз нь суудлаас нь босох үед салж, жүжигчин бүсгүйг эвгүй байдалд оруулж байсан юм.