Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙНХЭЭ УДИРДЛАГЫГ ЭЦЭГ ЭХ, ХҮҮХДҮҮД СОНГОНО

Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг явуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.

-Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн удирдлагыг шинээр томилох гэж байгаа талаар сонслоо?

-Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулах болоод байна. Гэхдээ бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагыг солино гэсэн үг биш. Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон удирдлагуудын дунд сонгон шалгаруулалт явуулах юм.
-Чухам ямар өөрчлөлт орсон юм бол. Ямар шалгаруулалт явуулах вэ?
-Сонгон шалгаруулалтад боловсролын салбарт таваас доошгүй жил ажилласан, ерөнхий боловсролын сургуулийн болон, сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй мэргэжилтэн оролцох боломжтой. Мөн дипломын дээд болон бакалавраас дээш боловсролын зэрэгтэй байх ёстой. Энэ хоёр шалгуурыг биелүүлсэн сургууль, цэцэрлэгийн захирал болох хүсэлтэй иргэдийг сорилын шалгалт, баримт бичгийн шалгалт, ур чадварын  шалгалт, ярилцлагын болон хөтөлбөрийн шалгалт гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулах юм. Сонгон шалгаруулахад улс төрийн хүчин, төрийн өндөр албан тушаалтан болон бусад албан тушаалтнаас нөлөө үзүүлэхийг хориглохыг журамд заасан байгаа. Тийм учраас үнэн шударга шүүлт болж чадах болов уу гэж бодож байна.
-Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг танил талаа ашиглан албан тушаалд суусан гэх яриа гардаг. Тэгвэл тэр яриаг шалгаруулалт таслан зогсоох нь?
-Хамгийн гол нь захирлын шалгаруулалтанд оролцогч тухайн сургууль дээрээ ур чадварын хичээл заах юм. Тэр хичээлд нь сургуулийн сурагчид эцэг эхчүүдийн төлөөлөлтэйгөө сууж, өөрсдийн үнэлгээгээ өгнө. Ингэж эцэг эх, сурагчдын оролцоотойгоор шалгаруулалт явууснаар эцэг эхийн зүгээс ирдэг санал гомдол багасна. Одоо бол танил талаа ашиглаж сургуулийн захирал болчихоод хөрөнгө мөнгөө өөртөө хэрэглэж байна гэсэн гомдол их гардаг л даа.
-Энэ ажил маань хэзээнээс эхлэх вэ?
-Ерөнхийдөө өнөөдрөөс захирлын шалгаруулалт явуулах сургууль, цэцэрлэгүүдийг тодорхой болгоод, захирлын албан тушаалд шалгуулах хүмүүсээ бүртгэж авна. Энэ ажлыг энэ сардаа багтааж дуусгах үүрэг аваад байгаа.
-Жил бүр залуу боловсон хүчин шинээр нэмэгдэж байгаа ч багшлах боловсон хүчин дутагдалтай байна?
-Мэргэжлийн багшийн хангалт нийслэлд 99 гаруй хувьтай байна. 2014 гэхэд мэргэжилтэй багшаар бүрэн хангагдана. Гэхдээ багшлах боловсон хүчний чанарын хувьд сайн байж чадахгүй байна. Ялангуяа өнөөдөр их дээд сургууль төгсөөд ирж байгаа залуу багш нарын хувьд нэлээд учир дутагдалтай.
-Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байнга яригддаг. Үүнээс өөр даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал юу байна?
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хамгийн их хүндрэлтэй байна. Сургуулийн барилгын хүчин чадал 1.5, цэцэрлэгийн барилгын хүчин чадлын ашиглалтын коэффициент 1.64 байна. Гэтэл цаана нь 27 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй гэртээ байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх нь нэн тэргүүний асуудал. Нөгөө талаас Шинэчлэлийн Засгийн газраас тавьж байгаа хүүхэд бүрийн авьяасыг нээх, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд сургуулиудын хичээлийн ээлжийн тоог цөөрүүлж эхэлсэн ч боломжгүй сургуулиуд байна. Нийслэлийн 17 сургууль гурван ээлжээр, бараг бусад бүх сургууль хоёр ээлжээр хичээллэж байна. Хоёр ээлжээр хичээллэж байгаа тохиолдолд ч хичээлээс гадуурх сургалт, хүмүүжлийн ажил явуулах боломж хомс байдаг. Мөн сургалтын чанарт нөлөөлдөг хэрэглэгдэхүүнүүдийн асуудал сургуулиудад байхгүйтэй адил. Физик, химийн лаборатори, биеийн тамирын техник хэрэгслүүд, дуу хөгжмийн зэмсэг, технологийн хичээлийн багаж, зориулалтын ширээ, тоног төхөөрөмж зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй. Зарим нэг сургуульд байгаа ч хуучирч муудсан. Орчин үед нэн шаардлагатай компьютер, сүлжээ бас л хомс. Байгаа ихэнх компьютер нь 5-10 жилийн өмнө авсан одоо сургалт явуулах боломжгүй болсон гээд шийдвэл зохих асуудал ар араасаа ундарсаар л байна.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан