Өмнөд Африкийн саятны охин Челси Дэвитэй удаан хугацааны туршид үерхэж байгаад салсны дараа олон ч бүсгүйтэй нэр холбогдсон Английн ханхүү Харри одоо л жинхэнэ хайраа олсон бололтой. Өнгөрсөн тавдугаар сараас Крессида Бонас хэмээх нэгэн бинзесмэний охинтой болзож буй тэрээр сая Швейцарьт амрахдаа найз охиноо дагуулж явжээ. Түүний авга ах, хунтайж Эндрью төрсөн өдрөө тэмдэглэхээр гэр бүлийнхэнтэйгээ Швейцарь явахдаа ханхүүг ч бас урьжээ. Ханхүү харин найз бүсгүйгээ авч явсан бөгөөд тэдний харилцаа улам дотно болсон нь олны нүдэнд илт байж. Ханхүү Харри оройн зоог барих үеэр гэр бүлийнхнээсээ ч эмээлгүй найз бүсгүйгээ өвдөг дээрээ суулган эрхэлж байхыг тэнд байсан хүмүүс хараад, нүдэндээ ч итгээгүй гайхсан гэнэ. Ханхүүгийн хайрыг татсан Крессида бол 24 настай, загвар өмсөгч, ирээдүйд жүжигчин болохоор бэлтгэж буй нэгэн аж. Тэрээр амжилттай яваа бизнесмэний охин бөгөөд Английн ихэс дээдсийн хүрээлэлд аль хэдийнэ танигдсан нэгэн гэнэ.