ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар дэлхийн долоон тэрбум гаруй хүн нийт 6000 гаруй хэлээр ярьдгаар тэн хагас нь устаж үгүй болох дээрээ тулжээ. Иймээс 1999 онд ЮНЕСКО жил болгоны энэ өдрийг Олон улсын төрөлх хэлний өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм. Ингэж тэмдэглэх болсон гол зорилго нь дэлхийн хэл болон соёлын олон янз байдлыг хамгаалах юм. Үнэхээр ч нэг үндэстэн давамгайлсан том гүрнүүд нь бусад жижиг үндэстэн ястны хэл, соёлыг уусгахад чиглэсэн бодлогыг ил, далд явуулж байдаг болохоор ингэж хамгаалахаас ч өөр аргагүй. Наад захын жишээ нь, коммунист дэглэмийн үед ихээхэн хавчигдаж боогдон цагаан толгойгоо хүртэл тушаалаар өөрчилж байсан монгол хэл. Зарим үг хэллэгийг “бурангуй феодлуудынх” гээд хэрэглэхийг хориглож байсан хэнээтнүүд манай түүхэнд гарч л байсан.
Ийм хэнээтнүүд “дэнлүү” гэдэг үгийг хуучин дэглэмийн үг, урд зүгээс гаралтай гээд хориглон оронд нь Орос хэлнээс“фонарь” гэдэг үгийг хэрэглэх тушаал баталчихаад сууж байхад нь Б.Ринчен гуай “Арван тавны саран нь Агаар тэнгэртээ фонарь даа” гэж дуулахад нөгөө хэд нь ичиж тушаалаа буцааснаар “дэнлүү” гэдэг үг аврагдаж байсан гэдэг. Нэг талаас энэ инээдтэй санагдаж болох ч нөгөө талаас том эмгэнэл юм. Энэ эмгэнэлт зүйлс зөвхөн монгол хэл гэлтгүй бусад олон үндэстний хэл, тухайн хэлийг дагаж явдаг соёлд тохиолдож байсан билээ.
1952 оны яг энэ өдөр тухайн үедээ Дорнод Пакистан нэрээр Пакистаны мэдэлд байсан Бангладешд төрөлх Бенгали хэлийг албан ёсны болгон батлахыг уриалж жагссан хүмүүсийг пакистан цагдаа нар хэрцгийгээр тарааж, олон хүний аминд хүрсэн байдаг. Түүнээс хойш олон жилийн турш эрх чөлөөний төлөө тэмцэн тусгаар тогтнолоо олж авсан Бангладеш улсад энэ өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болсон.
Эрх баригчдын зүгээс элдэв хавчлага, дарамтад орж байсан, одоо ч хавчигдан гадуурхагдаж байгаа өөр нэг хэл бол курд хэл юм. 20 гаруй сая курд амьдардаг Курдистан нутгийг Турк, Иран, Ирак, Сири гэсэн дөрвөн улс хуваан эзэлсэн. Ингээд дор бүрдээ курд хэл, курд соёлыг нухчин дарах, устгах, өөрийн үндэсний олонхид уусгах бодлогыг маш эрчимтэй явуулсан. Жишээлэхэд, Турк. Турк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нэг улс, нэг үндэстэн, нэг хэл гэсэн бодлого явуулсан юм.
Энэ бодлогын хүрээнд боловсролын систем, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд курд хэл ашиглахыг хориглов. Ингээд ч зогсохгүй олон нийтийн газар курдээр ярихыг хүртэл хориглож байсан мэдээ байна. Гэтэл Туркт 16 сая курд үндэстэн амьдардаг. Ийм байдалтай курдууд эвлэрэлгүй зэвсэгт тэмцэл явуулдаг. Иймд сүүлийн хэдэн жил Эрдоганы Засгийн газраас арай зөөллөсөн бодлого явуулах болж, их сургуулиудад хүссэн хүн хувиараа курд хэл үзэхийг зөвшөөрч, хангалттай тооны сурах хүсэлтэй хүн байвал дунд сургуулиудад ч үзэхийг зөвшөөрнө гэж мэдэгдсэн. Иранд мөн л адил курдуудыг персүүдэд уусгахын тулд курд хэлийг хориглох, перс хэлийг хүчээр заах, ийм замаар соёлыг нь уусгах бодлогыг нэг үе хүчтэй явуулж байсан. Иракт ч байдал сайнгүй байснаа америкчууд Саддамыг түлхэн унагасны дараагаар дээрдсэн.
Ирланд, Шотландыг эзлэн авсны дараагаар англичууд мөн л нутгийн уугуул хэл, соёлыг боомилох устгах англи хэл, соёлыг хүчээр түгээхэд чигэлсэн бодлогыг олон зууны турш явуулсаар санасандаа бараг л хүрсэн гэж болно. Жишээлэхэд, 1872 онд гаргасан боловсролын хуульдаа шотланд хэлээр хичээл заах, хоорондоо ярихыг хүртэл хориглосон байдаг. Ирландын өмнөд хэсэг тусгаар тогтносны дараагаар байдал арай өөрчлөгдсөн ч өнөөдөр ирланд хэлийг өдөр тутмын амьдралдаа ашигладаг ердөө 65 мянган хүн байна гэсэн мэдээ бий.
Шотландчууд хорьдугаар зууны сүүлээр өөрийн гэсэн парламенттай болсны дараагаар л шотланд хэлээр заадаг сургуультай болсон. Гэсэн хэдий ч эдгээр улсад дийлэнх хүн өдөр тутмын амьдралдаа харь улсын хэл болох англи хэлийг ашиглаж байна. Ингэж хол явахгүйгээр хоёр хөршийн байдлыг харахад л ойлгомжтой. Орост гэхэд 136 хэл устах аюул нүүрлээд байгааг ЮНЕСКО мэдэгдсэн. Коммунистуудын эрх барьж байх үед оросжуулах бодлогыг далдуур эрчимтэй хэрэгжүүлсний үр дагавар. Буриад хэл үүний нэг жишээ. Одоо эх хэл дээрээ алдаа мадаггүй, цэвэрхэн ярьдаг буриад залуус Орост эрс цөөрсөн. Цагаан сар гэх мэт том баяр ёслолын үеэр л буриадаар ярьж байгаа хүнтэй олноор тааралдахаас бус өдөр тутмын жирийн амьдралд дийлэнх нь орос хэлээр ярьж байна. Латви, Литви зэрэг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд нэгэн үе оросжин хэлээ мартах дээрээ тулж байсан. Зөвлөлт систем задарсны дараа байдал эрс өөрчлөгдөж, Латви, Литви улсад орос хэлийг зүйл бүрээр гадуурхах болсон. Орос хэлээр ярьдаг уугуул иргэд биш хүмүүс цөөнх болсон болохоор тэр. Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа оросоор яривал торгох хэмжээнд очсон.
Урд хөршийн хувьд мөн л адил. Өвөрмонголын телевизээр бас ч гэж хэл соёлоо марталгүй, хадгалж үлдсэн хүмүүс харагддаг. Гэхдээ л... Гэхдээ л...“Салтаа байцаах газар”, “арьсан бөмбөг алгадах тэмцээн” гэдэг хэтрүүлэг байж болох ч үнэний хувь бий. Баяр ёслолын бус харин өдөр тутмын амьдралдаа ашиглахаа болиод ирэхээр л хэл мартагдах, мөхөх шатандаа ордог.
Монгол хэл, соёлоо хэвээр хадгалж үлдсэн гэдэг бидний хувьд ч байдал гялалзсан сайн биш хэвээр. Наад зах нь, зөв бичих дүрмийн ээдрээ байна. Нэгэн үе орос хэлнээс элдэв үг хэллэгийг эрчимтэй зээлдэж, албан хүчээр хэрэглэж байсан. Үүний нэг жишээ болсон үг нь “өшөө”. Өөр, ахиад гэсэн утгатай орос хэлний “ещё” гэсэн энэ үгийг өнөөдөр өдөр тутмын ярианд өөр нэгэн орос хараалын үгтэй хамт хаа ч явсан сонсч болно. Зөвлөлт задран унаж Оросын нөлөө багассан ч англи хэлний нөлөө орыг нь эзлэн бүр ч хүчтэй давшилтад ороод байгаа. Энэ дайралт нь үүрэн телефоны холбоо, интернэт харилцааны ач холбогдол сүүлийн хэдхэн жилийн дотор огцом нэмэгдсэнтэй холбоотой юм. Тэгэхээр Манжийн эзэрхийлэл, коммунист дарангуйллын үед ч уусгаж алдалгүй, мартаж мөхөөлгүй хөгжүүлсээр өнөөг хүргэсэн эх хэлээ хамгаалах, хөгжүүлэх дээр илүүтэй анхаарах хэрэгтэй байна.