Мистер Биний дүрээрээ алдаршсан жүжигчин Рован Аткинсон жил гаруйн өмнө “McLaren F1” машинтайгаа осолд орж, мөрөө хүндээр бэртээсэн. Түүний машин ч нүд халтрим эвдэрсэн юм. Маш ховорхон, цөөн тоотойгоор үйлдвэрлэсэн “McLaren F1” машинаа хуучин янзанд нь оруулж, засахын тулд Рован Аткинсон 1,4 сая ам.доллар төлж, шинээр худалдан авахаас дутуугүй мөнгө зарцуулжээ. Учир нь, “McLaren F1” шиг супермашинуудыг засварлана гэдэг маш өндөр өртөгтэй байдаг ажээ. Ийм машины эд анги бүр нь өндөр үнэтэй, хөдөлгүүрийн булан гэхэд алтадсан байдаг учир шинээр сэлбэг тавьж засах нь шинэ машин бүтээхээс ялгаагүй өндөр өртөг зардалтай байдаг гэнэ.
Тийм ч учраас ийм машин эзэмшдэг хүмүүс төмөр хүлгээ нялх хүүхэд мэт нандигнан хайрлаж, жилд тоотой хэдхэн удаа цаг агаар тогтуун сайхан үед унадаг. Харин Мистер Бин машинаа тэгж гарааштаа хадгалдаг нэгэн биш бөгөөд Британийн түүхэнд хамгийн өндөр даатгалын нөхөн төлбөр авсан автозамын осол гаргасан юм. Тэрээр үнэтэй машинаа өдөр шөнөгүй унадаг шалтгаанаа “Ийм сайхан эдийг эдлэж хэрэглэхгүй байх нь өөрөө гэмт хэрэг” хэмээн тайлбарладаг. Тэрээр “McLaren F1”-аа худалдаж аваад 15 жилийн нүүр үзэж байгаа аж. Түүнийх шиг машин зах зээлд 3,5 сая фунт буюу 5,4 сая ам.доллар орчим үнэтэй байдаг.