Төр буй бол татвар буй хэмээдэг. Хүн төрөх нь үнэн, татвар төлөх нь бас үнэн гэсэн үг ч бий. Үнэхээр төр бий болсон цагаасаа хэн хүнээс татвар хурааж эхэлсэн ч бас сонин сонин татвар авдаг байж. Эртний Римд Весписианы эзэнт гүрний үед нийтийн бие засах газарт орсны нь төлөө татвар авдаг байсан бол XYII зууны үед Башкирт нүдний өнгөнөөс хамаарч татвар оногдуулдаг байж. Харин өнөөдөр ямар ямар сонин татвар хаана байна вэ.
Балеарын арлын нарны татвар
Энэ татварыг 2000 оны эхээр бий болгосон гэнэ. Эндэхийн Ибицу, Майорк, Менор болон бусад арлуудад зорчсон жуулчид өдөрт нэг еврогийн нарны татвар төлөх ёстой гэнэ. Нарны татвараас орсон орлогыг эрэг, наранд шарлагын газрын хогийг цэвэрлэх, байгалийг нөхөн сэргээх, жуулчлалын дэд бүтэц бий болгоход ашигладаг гэнэ. Балеарын арлуудад зөвхөн 2012 онд гэхэд л 10,4 сая жуулчин очсон байдаг.
Үхрийн унгадасны татвар
Энэ бол тоглоом биш өнөөгийн Эстони улсад байдаг татвар.Үхэр унгах нь метаны хий ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг гэж үзээд Эстоний хууль тогтоогчид ийм татварыг 2008 онд бий болгож. Харин тэд адуу, гахай, бусад амьтны унгадас нь агаар мандлыг бохирдуулахгүй гэж үзсэн бололтой. Магадгүй Эстони улс үнээний ферм олонтой, сүү үйлдвэрлэлээр томд ордог болохоор ч тэр байж магадгүй.
Гвинейн энх тайвны татвар
Баруун Африкийн хамгийн ядуу орны нэг Гвинейд дайн самуун болоогүйн төлөө иргэдээсээ жил бүр энхтайвны татвар авдаг байна. Ямар нэг дайн самуун, цэргийн мөргөлдөөн болоогүй бол иргэн бүр жилийн 17 еврогийн татвар төлнө. Энд нэг кг кофе ердөө л 50 евроцент байдаг байна.
Гипстэй бол Австрид татвар төлнө
Австри бол уулын цанын аяллаар европтоо алдартай, ийм амралтын газар олонтой газар. Ийшээ зорин ирдэг цаначид, сноубордчдоос мөнгө саах аргыг Засгийн газар хэдийнээ олоод харчихаж. Энэ бол ердөө та бэртэж гэмтээд биедээ гипс тавиулбал татвар төлнө гэсэн үг. Австрид жил бүр өвлийн гулгах үеэр 150 мянга орчим жуулчин бэртэж гэмтэн эмнэлэгт очдог гэсэн тоо бий. Гэтэл төлбөр нь даатгалаас хийгдээд, орлого нь тухайн эмнэлэгтээ л очдог болохоор төр өөртөө авах хувийг ийн гипсийн татвар болгосон нь энэ.
Шарах зуухтай юу та
Дөрвөн сая гаруй хүнтэй Валлоны засаг захиргаа дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд ийм татварыг 2007 онд гаргажээ. Байгаль хамгаалагчдын тооцсоноор шарах зууханд хүнс бэлтгэхэд 50-100 грамм нүүрсхүчлийн хий ялгардаг нь агаар мандлын өөрчлөлтөд нөлөөлдөг гэнэ. Ийм болохоор гал тогоондоо шарах зуухтай айл бүр жилд 20 еврогийн татвар төлөх ёстой.
Шивээстэй бол бас татвар төл
АНУ-ын Арканзас муж 2005 оноос ийм татвар авдаг болж. Мэдээж шивээс урлаачид татвар төлөх ч биен дээрээ шивээс хийлгэсэн иргэн төлсөн төлбөрийнхөө 6 хувиар бас татвар төлнө. Энэ татварын орлогыг шивээсийг мэргэжлийн хийх, элдэв өвчин халдварлуулахгүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхад зориулдаг гэнэ.
Нэг удаагийн савхны татвар
Хятад орон, хятад хоолыг савхгүйгээр төсөөлөх аргагүй. Элдэв чамин тансаг савхнаас гадна нэг удаагийн савх бас бий. Харин 2006 оноос эхлээд нэг удаагийн савхаар хоол идэхэд татвар төлөх болжээ. Худалдаалсан үнийн 5 хувьтай тэнцэх татвар нь мэдээж ой хамгаалахад чиглэж байгаа. Тооцоогоор хятадад жилд нэг удаагийн 45 тэрбум савх үйлдвэрлэхийн тулд ойролцоогоор 25 сая мод огтолдог байна. Ийм хурдаар явбал ойрын 10 жилд Хятад ойгүй үлдэх аюулд тулгараад байгаа юм. Хятад бас хулсан эдлэлд татвар оногдуулдаг юм.
Ял эдлэх байсан ч татвараа төл
Мансууруулах бодис худалдаалах нь тэртэй тэргүй хориотой, хууль зөрчсөн үйлдэл. АНУ-ын Теннес мужийн эрх баригичд 2005 оноос сэтгэцэд нөлөөлөх хэрэгсэл, кокайн, марихуан зэрэгт татвар оногдуулдаг болж. Хар тамхи наймаалагчид баривчлагдвал борлуулсан бүтээгдэхүүнийхээ татварыг бас төлнө гэсэн үг.
Сүүдэрт суувал татвар төлөх нь ээ бас
Италийн Венеци ийм татварыг 1993 оноос авдаг болсон байна. Гудамж талбай, барилгын гадаа сүүдрэвч байрлуулсан бүх эзэмшигч татвар төлөх ёстой. Гэхдээ ийм сүүдрэвч барьж байгуулахдаа барилгын гаднах төрхийг өөрчлөхгүй байх үүрэг хүлээнэ. Татварыг өдрөөр тооцдог болохоор нартай байсан ч, сүүдэртэй байсан ч та татвараа төлөх л ёстой.
Хамтран амьдрагчийн татвар
Гэр бүлээ албан ёсоор бүртгүүлэлгүй, хамтран амьдарч байгаа бол та Хятадад жилийн 1000 юанийн татвар төлөх ёстой болж байна. 1990-ээд оны дундуураас авдаг болсон энэ татвар тогтовортой гэр бүлийг дэмжих, хамтран амьдарснаас үүдэх элдэв аюулаас сэргийлэх зорилготой гэнэ.