Охидууд барби хүүхэлдэй шиг болохыг хүсдэг нь тийм ч хачирхалтай зүйл биш. Харин эрчүүд дунд амьдаараа хүүхэлдэй болохыг хүсэх хүн хэр олон бол...Ямартай ч Жастин Жедлика хэмээх 32 настай эр барбигийн найз залуу болох Кений дүрийг өөрийн биеэр бодитоор бүтээхээр шийдсэн юм. Үүний тулд тэрээр том, жижиг, хүнд хөнгөн нийлсэн 100 шахам мэс засалд орж, үүндээ 100 гаруй мянган ам.доллар зарцуулжээ. Тэрээр зөвхөн хамартаа гэхэд таван удаа мэс засал хийлгэж, эрүү, хацар, уруул гээд нүүрэндээ мэс хүргээгүй газар бараг үлдээгүй байна. Үүний дүнд тэрээр одоо Кений дүрд тун дөхөж очоод байгаа юм. АНУ-ын Нью-Йоркоос гаралтай Жастин 17 насандаа Майкл Жексоноос үлгэр дуурайл авч мэс заслын аргаар өөрийгөө төгс төгөлдөр болгож болох юм гэсэн санаа авчээ.
Ингэхдээ тэрээр Барбигийн найз залуу Кен шиг болохыг хүсч нүүр царайгаа өөрчлүүлээд зогсохгүй, түүн шиг булчинлаг биетэй болохын тулд силикон хүртэл шахуулжээ. Түүнээс мэс заслын ширээнд хэвтэхийн оронд яагаад зааланд очоод фитнес, бодибилдингээр хичээллэж болохгүй гэж хэмээн сэтгүүлч асуухад хэрвээ жинхэнээсээ биеэ хөгжүүлж, булчинтай болохыг хүсвэл урт удаан хугацааны хөдөлмөр шаардана. Тэгээд ч жимд явах төлбөр мэс засал хийлгэхээс ч үнэтэй тусах учраас богино хугацаанд үр дүнд хүрэх илүү сайн арга нь мэс засал хэмээн ярьжээ.
Амьдаараа Кен хүүхэлдэй болсон Жастин мөн л амьд барби гэгддэг Украины Валерия Лукьянова бүсгүйтэй уулзаж байсан ч тэд хэн хэндээ ер таалагдаагүй, бие биеэ хармагцаа үзэн ядсан хэмээн ярьж байсан юм.