Реалити шоуны од Ким Кардашиан хоёр тийшээ болоод удаж байгаа нөхрөөсөө албан ёсоор даруйхан салмаар байгаагаа шүүхэд гомдол мэдүүлжээ. Тэрээр ердөө 72 хоног хамтдаа амьдарсан нөхөр Крис Хамфригаас гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандаад удаж байгаа ч одоо хүртэл тэдний маргаан эцэс болоогүй байгаа юм. Гэтэл Ким Кардашиан шинэ найз залуу Кэни Уэстээс хүүхэдтэй болж, ирэх зургадугаар сард амаржих гэж байгаа. Түүнээс наана энэ бүх хэргийг нэг тийш болгож, шинэ амьдралаа эхлүүлмээр байна гэдгээ К.Кардашиан шүүхэд мэдэгджээ. “Хүүхэд маань хорвоод мэндлэх үед би эцгээс нь өөр хүнтэй нэг гэр бүл гэгдэж явмааргүй байна. Түүнээс гадна зөвхөн нэр төдий холбож байгаа энэ гэрлэлт цаашдын маань бизнес, ажил хэрэг, худалдан авалтад ч нөлөөлж болзошгүй” хэмээн санаа зовж байгаагаа тэрээр гаргасан гомдолдоо өгүүлсэн байна.
Ким Кардашианы энэ гомдолтой зэрэгцэн түүний ээж ч хэвлэлд хандаж, шүүхээр шийдвэрлэгдэхгүй байгаа энэ маргаан охиных нь хэвлийдээ тээж байгаа урагт муугаар нөлөөлөх вий гэж санаа зовж байгаагаа ярьжээ. Харин өөрийгөө Ким Кардашианд хууртсан гэж үзэж байгаа түүний салж амжаагүй нөхөр Крис Хамфри К.Кардашианы гаргасан гомдлын хариуд “Түүний төлөвлөөгүй жирэмслэлтээс болж шүүх хурлыг түргэсгэж болохгүй” гэж мэдэгдсэн байна.