Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАРАК & МИШЕЛЬ ОБАМА


“Барак+Мишель” бол америкчуудын хувьд үлгэр жишээ хос. Жинхэнэ хань, хамтрагч л улстөрчийг гялалзсан амжилтад хөтөлж, түүний имиж болж чаддаг гэдэг. Мишель бол энэ тодорхойлолтод тэнцсэн ухаантай, өөрийнхөө эмоцийг зөв илэрхийлж чаддаг тэргүүн хатагтай. Сонгуульд ялснаа баталгаажуулан эхнэрээ чанга тэвэрч буй Обамагийн  цахим ертөнцөд хамгийн олон хүний ташаал хүртсэн зургийн талаар  Мишель сонгуулийн сурталчилгааны энэ хугацаанд нөхрөө бараг л олж хараагүй учраас тайзан дээр түүнийг тэврэхдээ “ямар их аз жаргалтай хүн бэ гэдгээ л мэдэрсэн”  хэмээхэд Обама “ Би чамайгаа тэврэх дуртай” гэж хариу барьсан байдаг. “Гэр бүлийн аз жаргал гэдэг юу вэ” гэдэг асуултад тэд “ Амьдралын нугачаанд бүдэрч бас босч ахиад  унаж, эргээд сэргэх тэр л мөч бүхэнд хамт байж чадах хэрэгтэй. Бас маш инээж байхаа мартав аа” хэмээн хариулсан юм.  Тэд үнэхээр Цагаан ордны хамгийн инээмтгий хосууд гэсэн тодотгол автлаа их инээдэг гэнэ лээ.  Гэр бүлийн  амьдралын “цемент” нь  хошин шогийн мэдрэмж, баяр баясал гэдгийг тэд өөрсдөөрөө жишээ аван бусдад ярих дуртай.

УЛАМЖЛАЛЫН ҮНЭ ЦЭНЭ

Мэдээж АНУ-ын тэргүүн хатагтай болохыг тулд Мишельд сайн боловсрол, хүмүүжил хэрэгтэй байсан биз. Гэвч Мишель Ла Вон Робинсон энгийнээс энгийн гэр бүлд төржээ. Аав нь жирийн л нэг үйлдвэрийн ажилтан, ээж нь нарийн бичгээр ажилладаг байв. Түүнээс гадна эцэг, эхийнх нь дээд үе нь боол байсан гэдгийг ч өнөөдрийн АНУ-ын тэргүүн хатагтай нуудаггүй. Мишель түүний ах  гэрийн уламжлалт хүмүүжлээр өсчээ.   Ээж гэртээ, аав ажилдаа, оройн хоолныхоо ширээг нямбай засах гээд л тэднийх уламжлалт сэтгэлгээтэй айл байв. Амралтын өдрөө гэр бүлээрээ заавал сүмд очдог байлаа.
Мишель сурлагаараа бусдыгаа манлайлагч байсан учраас хоцорсон хүүхдүүдийн хувьд багш нь байжээ. Дунд сургуулиа төгсөөд  Принстоний болоод Харвардын хуулийн сургуульд суралцсан байдаг. Их сургуулиа төгсөөд  Чикаго хотын захиргаа, хуулийн фирм,  Чикагогийн их сургуулийн  анагаах ухааны төв зэрэг газар ажиллаж байв. Тэр маш хурдан бас өөртөө итгэлтэйгээр карьер өөд өгссөн шатаар алхаж ирээдүйн төлөвлөгөөгөө яг таг сүндэрлүүлж байсан ч өөрийнхөө хамтрагч бас ханиа хараахан сонгож амжихгүй л байв.
 
БҮСГҮЙЧҮҮДИЙН ХҮРЭЭЛЭЛД

Хэдийгээр Барак Хусейн Обамагийн удам сударт боол байгаагүй ч тэр баян айлын өв залгамжлагч биш. Хавайн их сургуулийн Орос хэлний курсийн нэг ангийн суралцагчид бол Обамагийн эцэг эх нь.  Барак бол Хавайд төрсөн АНУ-ын анхны Ерөнхийлөгч.  Хүүг гурван нас ч хүрээгүй байхад эцэг эх нь салжээ. Хүүгийн цаашдын хувьд заяанд хайртай эмээ нь л хамаг анхаарлаа хандуулж байв. Эцэг эхийнх нь салалтын дараа гэрийнх нь орлогын эх үүсвэр болж, нуруун дээрээ энэ айлыг үүрсэн хүн бол эмээ нь.  Дунд сургуулийн боловсролтой нарийн бичигчээс Хавайн  банкны дэд ерөнхийлөгч хүртэл дэвшсэн эмээгээрээ тэр үргэлж бахархдаг. Ээж, эмээгээрээ бахархах тэднийгээ хайрлах сэтгэлийнхээ ачаар л эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч болсон гэж өөрийгөө тодорхойлдог.
Бүсгүйчүүдээр хүрээлүүлчихээд санаа амар амьдарч чаддаг байсан Обама тийм ч сайн сурагч байгаагүй гэдэг.  Тэрээр хотынхоо хамгийн сайн сургуульд сурдаг бас дуртай зүйлээ хүссэн үедээ авдаг байсан учраас амьдрал хялбархан зүйл мэт санагддаг байж. Барак  сургуульд байхдаа хар тамхи татаж, архи ууж үзсэн гэдгээ өөрөө л баталж хэлсэн байдаг.  Гэвч тэр өөрийнх нь төлөө бүхий л амьдралаа зориулан зүтгэж буй эмээ ээж хоёрыгоо гомдоохоос хамгийн их айдаг байсан учраас буруу зам руу хальтраагүй байна. Дунд сургуулиа төгсөөд Лос-Анджелесийн коллеж, дараа их Колумбийн их сургуульд суралцаж баклавр болоод олон улсын бизнес корпорац, Нью-Йоркийн  шинжлэх ухааны төвд ажиллажээ. 1988 онд Харвардын их сургуульд элсэн, сургуулийнхаа амралтаар Чикагод байх “Сидли Остин” хуулийн фирмд туслахаар ажилладаг байв. Энд л анх тэр Мишельтэй учирсан байдаг.
 
ШИДЭТ ҮНСЭЛТ

Мишель залуухан ажилтан Баракийн халамжлан хүмүүжүүлэгч болов. Хамтын ажил нь тэднийг улам л ойртуулж, Барак халамжлан хүмүүжүүлэгчээ болзоонд урьжээ.  Гэвч бүсгүй “боломжгүй” гэдэг хариултаар хөөрхөн бултчихдаг байж. Барак Мишелийг татгалзах бүрт нь улам л шунаж, маргааш нөгөөдөр гээд уриад л байлаа. Эцсийн эцэст тэр зөвшөөрсөн хариу авч чадлаа.  Чикаго хотын худалдааны төвийн хажууханд Барак Мишелийг анх үнсчээ. Жилийн дараа тэд анх үнсэлцсэн газартаа Обамагийн “ Би түүнийг үнсээд жинхэнэ шоколадны амтыг мэдэрч билээ” хэмээн хэлсэн үгтэй дурсгалын хөшөө босгосон гэдэг. Обама “Баскин Роббинсийн зайрмагийн ачаар л анхны үнсэлт маань шоколадны амттай байлаа” хэмээн дурсгалынхаа номонд бичсэн байдаг.
Гурван жилийн дараа хосууд  хуримаа хийв.  Харин Мишелийн хувьд  Барак ээж эмээ хоёрынхоо тухай ярьсны дараа л эргэлт буцалтгүй түүнд дурласан хэмээн ярьдаг. “ Тэдний хурим нэг л шидтэй юм шиг  гэрэл гэгээтэй байлаа” хэмээн найз  нөхөд нь дурсаад “ тэд аз жаргалдаа гэрэлтэж байлаа” гэж дурсгал болгон бичжээ.
 
ҮРГЭЛЖЛЭЛ...

Гэвч гэр бүлийн амьдрал гэдэг ямар ч залуу хүмүүсийн хувьд жинхэнэ сорилт. Эхлээд бие биенийхээ араншинг ялан дийлэх шаардлага гардаг. Барак найзууддаа Мишель ундуй сундуй байгаа хувцсыг үзэн яддаг. Үүнээс болж үргэлж үглэх юм хэмээн гомдоллодог бол Мишель түүний хурхирах, ажилдаа улайраад гэр бүлээ мартдаг занг үзэн яддаг байж.  Малий  төрснөөр энэхүү асуудлууд улам ч лавшрав. Мишель бүх л өдөржингөө бяцхан охинтойгоо зууралдаж, өөрийн амбицаас болоод гэр бүлдээ анхаарал тавьдаггүй нөхөртөө гомдож буйгаа ч илэрхийлдэг болж. Барак ч улс төрд эргэлт буцалтгүй толгойгоо дүрж, Мишелийн жинхэнэ чадвар, зан араншинг сорьж байлаа.  Улс төрд орсон эхний жилүүдэд тэр гэр бүлдээ хангалттай мөнгө олж чаддаггүй байснаас цаг зуурын зүйлд зарцуулж байгаа энэ хугацаанд  хэрвээ хуулийн фирмд ажилласан  бол багагүй мөнгө цуглуулах боломжтой байлаа хэмээн Мишель нөхрөө буруутгаж эхлэв.
Хоёр дахь охин Наташагаа төрсний дараа тэд салах дээрээ тулсан аж. Мишель өөрийн боловсрол мэдлэгээ хөсөр хаян хоёр охиноо өсгөж байхад нөхөр нь туслахын оронд хаячихаад л өөрийн дуртай ажлыг хөөгөөд явж байгаад бүсгүй гомдоллож “ Би хэзээ ч хүүхдүүдээ ганцаараа өсгөнө гэж бодож байсангүй” хэмээн чангахан хэлснийхээ төлөө нөхрөөсөө “ Би чамаас халамж, дэмжлэг хүсч байдаг. Гэтэл чи үргэлж хэрүүлээр угтаж намайг залхааж байна” гэсэн үг сонсчээ.
Харин энэ гэр бүлийг бяцхан охин Сашагийнх нь туссан  хүнд хэлбэрийн “менингит” өвчин аварчээ. Барак бүх л ажлаа хойш тавин эхнэртэйгээ гурав гурван өдрөөр 24 цагаар охиноо сахиж байв. Обама энэ хар өдрүүдийг дурсахдаа “ Миний ертөнц ганцхан цэг дээр л оршиж байлаа. Дөрвөн ханан дунд орших эмнэлгийн энэ өрөөнөөс өөр юу ч надад сонин биш. Ажил, уулзалт, ирээдүйн төлөвлөгөө толгойноос минь шууд арчигдчихсан мэт...” хэмээн ярьсан байдаг

Жолооны ард хамтдаа

Охиноо эмнэлгээс гарсан даруйд Мишель нөхөртөө бараг л тулган шаардах бичиг өгөв. Хэрвээ тэр улс төрд орохоор шийдсэн бол гэр бүлээ ч гэсэн чирч явах ёстой. Харин Барак улс төрийн шатан дээр зогсч байсан ч ойр дотныхондоо илүү их цаг зарцуулдаг болжээ.
Түүнээс гадна Мишель ч нөхрийнхөө бат ар тал болж, хаана ч явсан арын ажлыг нь зохицуулж, нууцхан зөвлөгч болов.  Барак өнөөдөр ч АН-ын зарим чухал асуудлыг эхнэртэйгээ ярилцаж шийддэг хэмээн нээлттэй хэлдэг. Мишель нөхөртөө улс төрийн чухал шийдвэр гаргахад нь туслаад зогсохгүй гол имижийг нь бүрдүүлэгч .
Ийнхүү Мишель өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, дэлхийн хамгийн алдартай Forbes сэтгүүлийн 2010 онд хамгийн нөлөөтэй эмэгтэйгээр шалгарсан юм.
 
“Олон хүн Ерөнхийлөгчийнхөө сайн талыг олж хардаг ч тэргүүн хатагтайгаа огт анзаардаггүй” хэмээн Барак эхнэрээ магтдаг. Эхнэрийнх нь “төрийн жолоог атгах” гэсэн хүсэл түүнийг огт зовоодоггүй. Гэхдээ Мишель бол улс төрийн зогсолтгүй ажилтай байдаг ч АНУ-ын хамгийн сайхан хувцасладаг, жинхэнэ эмэгтэй гэдэг тодотголыг үргэлж зүүж явдаг хүн. “The Times” “Мишель Обама бол нөхрөө дэмжиж, итгэл хайрлаж чаддаг бас хараат бус, загварын мэдрэмжтэй гэсэн хамгийн чухал гурван шинжийг өөртөө хадгалсан эмэгтэй” гэж тодорхойлсон байдаг. Түүний нэр алдар зарим алдааг нь далдлах хүртэл шидтэй байгаа билээ.  
 Өнгөрсөн жил тэд хуримаа хийсний 20 жилийг ойгоо тэмдэглэсэн. Барак Обама сонгуулийн кампанит их ажлынхаа хажуугаар гайхалтай оройн зоог барих зав эхнэртээ зориулж гаргаж байсан юм.  Ер нь Барак Мишель хоёрын хувьд  Цагаан ордны түүхэн дэх хамгийн романтик хосоор тодрох нь.   Тэд дэлхий даяар амтархан унших жинхэнэ хайрын түүхийг ийнхүү бүтээж буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан