Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгтэй холбогдлоо. Тэрээр шинэ уран бүтээлийн ажилдаа ороод завгүй яваа гэнэ.
-Сайн байна уу. Цагаан сарын бэлтгэлээ хэр базааж байна. Та хэдэн бууз хийсэн бэ?
-Сар шинийн бэлтгэлээ базааж байгаа. Гэхдээ би бууз хийдэггүй юм. Яагаад гэхээр аав, ээж хоёр маань олон бууз хийдэг, түүнээсээ манайд өгдөг. Харин битүүний оройдоо гэр бүлээрээ буузаа хийж битүүрдэг. Маргаашнаас нь эхлээд гурван өдөр айл хэсч баярладаг болохоор бууз хийх шаардлага бараг гардаггүй гэж болно.
-Таны уран бүтээлийн ажил хэр амжилттай явна вэ. Ирэх могой жилд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Би гуравдугаар сарын 22, 23-нд тоглолтоо хийхээр болсон. Наана нь эмэгтэйчүүдийн баяраар шинэ цомгийнхоо нээлтийг хийнэ. Тэгэхээр цомог гаргах, тоглолтын бэлтгэл гээд их ажилтай явна даа. Баярын дараа цомгийн дуунууддаа клип хийлгэх зураг авалтын ажил эхэлнэ. Үүнээс гадна “ПроСаунд” студийн ажилтай завгүй яваад л байна.