Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан, багш нар сурагчдаа интернэт тоглоомын газраар хэсч “баривчилдаг” талаар өмнө нь нийтлэлдээ дурдсан. Тэгвэл БНСУ –д ажлаар явсан тус сургуулийн багш орчуулагчаа дагуулан интернэт тоглоомын газраар орж туршлага судалжээ. Ингээд тус сургуулийн багш Ё.Лхагвацэрэнтэй ярилцлаа.
-Танай сургуулийн эргэн тойронд 10 гаруй интернэт тоглоомын газар бий гэсэн. Хичээлээ таслан тогтмол үйлчлүүлдэг 200 гаруй сурагчаа багш, нийгмийн ажилтан нь хайгаад явдаг гэхээр энэ асуудал ямар төвшинд очсоныг харуулж байна л даа?
-Тэгэлгүй яахав. Манай сургууль хичээлийн хоёрдугаар цаг дээр ирц авч, тасалсан сурагчдынхаа нэрийг гаргаад багш, нийгмийн ажилтнууд нь ойролцоохь тоглоомын газраар хайдаг. Тоглоомын газраар сурагчдаа хайж явах нь бидний хийх ёстой ажил мөн үү. Хүүхдүүдээ интернэтээс аваад гарахаар тэнд ажилладаг хүмүүс нь бүдүүлэг ааш гаргана. Мэдээж, хүчээр аваад ирсэн хүүхэд хичээлдээ суусан ч анхаарал нь төвлөрөхгүй. Бид хэдийгээр эмч биш ч гэсэн хүүхдүүдээ ажигладаг. Нүдний цавчилт, хөдөлгөөн нь маш ойр, ойрхон хурдан давтагдаж, ой тогтоолт нь үнэхээр мууддаг.
Хамгийн гол нь, хүүхдүүд мөнгө олохгүй мөртлөө тоглоомын газарт орлого оруулаад байгаа биз дээ. Өдөржин тоглодог хүүхэд хаанаас мөнгө олоод байгааг судлах хэрэгтэй. Магадгүй, сургууль дээр хэн нэгнээс, бага насны хүүхдээс мөнгө зээлэх, дээрэмдэх, зэргээр хүчирхийлэл үйлдэгдэж байгааг үгүйсгэхгүй.
-Сурагчдын мөнгийг нь хурааж хүртэл үзсэн гэсэн байх аа?
-Тийм ээ. Нэг багш маань ангийнхаа хөвгүүдийг зогсоож байгаад тоглоом тоглох мөнгөө гаргаад ир гээд хураасан байсан. Гэтэл атганд нь багтахгүй их хэмжээний мөнгө гарч ирсэн. Зарим эцэг эхийн хувьд хориод дэмий юм болов уу гээд мөнгө өгчихсөн юм гээд хэлэх жишээтэй.
-Таны бодлоор цаашдаа ямар арга хэмжээ авбал зүгээр вэ. Хүүхдийн төлөө газраас интернэт тоглоомын газрыг хаах санал гаргасан шүү дээ?
-Сургуулийн орчноос холдуулмаар байна. Дүүрэг бүрт нэг томоохон төв баймаар байна. Гэхдээ тэр төв нь гэрэл гэгээтэй, агааржуулагчтай, зохих стандарттай, тоглоомууд нь хүчирхийллийг сурталчилаагүй байвал ямар вэ. Хамгийн гол нь, интернэт тоглоомын газарт стандарт тогтоож, камержуулах ёстой. Ерөнхий боловсролын сургууль байгуулахад цонхноос тусах нарны гэрлийн тусгал 90 градусын тусгалтай, ширээ хоорондын зай энэ тэр гээд маш нарийн заадаг. Гэтэл интернэт тоглоомын газрын стандартыг хараад өрөвдөж л суулаа. Манай сургууль өөрсдийн хөрөнгө мөнгөөр цахим сургууль болж чадаж байхад бизнес эрхэлдэг хүмүүс яагаад болохгүй гэж. Хүүхдүүд интернэтээс шинжлэх ухаан сүүлийн үеийн техних технологийн дэвшлийг авч байгааг үгүйсгэхгүй. Юмыг дандаа хараар бодож болохгүй л дээ. Эцэст нь, гэр бүлийн хариуцлага өндөржүүлмээр байна.
-Эцэг эхчүүдэд нь хүүхдүүдийнх талаар хэлэхээр юу гэх юм?
-“Ердөө дийлэхгүй нь байна. Багш минь та л анхаарч үз” гэдэг. Би эцэг эхийн зүгээс анхааръя, та нар сургуулийн зүгээс шаардлага тавиад хамтарч ажиллая, арга хэмжээ авъя гэж нэг ч хүн хэлэхгүй. Хэтэрхий их ажилдаа анхаарч цаг наргүй ажилласнаас үр хүүхэд ар гэрээ орхигдуулдаг болчихож. Ээжийг нь дуудаж авчраад хүүхэдтэй нь хамт уулзахад эхийнхээ юу ярьж байгааг нь ойлгохгүй байдалтай хүүхэд нь сууж байна. Нийгмийн энэ асуудлыг бид хамтдаа шийдэх ёстой. Заавал хүчээр хааж боогоод хэн нэгний бизнесийг зогсооё гээд байгаа юм биш. Бага насны хүүхдүүд ийм байдалд орчихсон байхад санаа зовж байгаа нэг ч төрийн байгууллага, албан тушаалтан алга. Зөвхөн манай сургууль хүүхдүүдийнхээ араас явдаг юм биш. Сургууль бүрийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар үүнд анхаараад ч дийлэхгүй байна. Хүүхдүүд гэр бүлийн золиосоос гадна нийгмийнх бас болоод байна шүү дээ.
-БНСУ-д ажлаар явж байхдаа интернэт тоглоомын газраар нь очиж үзсэн гэсэн. Шал өөр орчин угтсан байлгүй?
-Багш солилцооны хөтөлбөрөөр гурван сар Солонгосын Тэжүн хотын дунд сургуульд ажилласан. Дунд сургуульдаа очоод ажиллатал эргэн тойронд нь нэг ч баар, худалдааны төв, тоглоомын газар байгаагүй. Харин миний амьдарч байсан буудлын урд талд интернэт тоглоомын газар байсан. Анх хараад л шууд Монголынхоороо сэтгэж энэ хүүхдүүдийн дуу чимээнд яаж гурван сар амьдарна даа гэж бодогдсон. Гэтэл өнөөх тоглоомын газар нь хүн орж гарч байгаа нь огт мэдэгдэхгүй, ямар ч дуу чимээгүй. Өглөө, оройдоо хэзээ хааж, онгойж байгаа нь анзаарагдахгүй байсан.
-Интернэт тоглоомын газар сурагчид тоглодоггүй хэрэг үү?
-Харин тийм. Нэг өдөр орчуулагчаа дагуулаад “РС” тоглоомын газар ортол маш цэвэрхэн, гэрэл гэгээтэй орчин угтсан. Орчуулагчаараа дамжуулан интернэт тоглоомын газрын хүнээс асуулаа. Гэтэл хүүхдүүдийн хувьд зөвхөн хагас сайн өдөр тоглодог юм билээ. Солонгос хүүхдүүдийн хувьд өдөрт гурван цаг л унтаж хичээлээ хийхгүй бол Сөүлийн их сургуульд орж чадахгүй гэдэг бодол хар багаас нь толгойд суучихсан. Хичээлээ их хийдэг учраас толгойгоо амраахын тулд бага цагаар л хагас сайн өдөр тоглодог гэнэ.
-Хүүхдүүдийн насны хувьд хязгаар байдаг юм болов уу. Манайд бол бараг л зургаа, долоон настайгаасаа тоглож байгаа шүү дээ?
-Тоглоомын газрын ажилтны хэлснээр манайд зөвхөн ийм, ийм тоглоом тоглодог гээд нэр дурдсан. Гэхдээ эдгээр тоглоомыг 16-17 насны хүүхэд тоглох ёстой гэсэн. Хэрвээ нэр нь дурдагдаагүй бусад тоглоомыг тогловол холбогдох газраас нь зөвшөөрөл авдаг гэсэн тайлбар өгсөн.