УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллахыг тун ч их хүссэн нэгэн. “Би Эрүүл мэндийн сайд болмоор байна” гэдгээ илэрхийлж, намдаа хандсан боловч түүний хүслийг нь биелүүлж өгөөгүй. Өмнө нь хоёр ч удаа парламентын гишүүнээр сонгогдсон түүнийг өнгөрсөн онд УИХ-ын ээлжит сонгуульд төрсөн нутаг Хөвсгөлдөө нэрээ дэвшүүлсэн боловч ялагдал хүлээсэн юм. Өөрөөр хэлбэл, Л.Гүндалай УИХ-ын гишүүний сэнтийгээс бууснаас хойш албан тушаалгүй гундуухан яваа цөөхөн хүний нэг. Тэрээр албан тушаалгүй яваа шалтгаанаа “АН-ын аль нэг фракцад багтдаггүй учраас” хэмээн нэгэн телевизийн хөтлөгчид тайлбарлаж харагдана билээ. Мөн орон нутгийн сонгуульд оролцохгүй байхыг ч намаас нь үүрэгдсэн гэсэн шүү. Тиймээс Л.Гүндалай ажилгүй суух хугацаандаа хотын төвөөс зайдуухан шиг газар өөрийн гараар модон байшин сүндэрлүүлж, гөрөөс тэжээх аж ахуйгаа эрхэлсэн шигээ аж төрж байгаа аж.