Дуучин Рианна дөрвөн жилийн өмнө өөрт нь гарч хүрч, зэрлэгээр зодож байсан найз залуу Крис Браунтайгаа эргэн нийлж олон нийтийг гайхашруулсан билээ. Олны нүдийг орой дээр нь гаргах шахсан энэ явдлынхаа тухай Рианна анх удаа дэлгэрэнгүй тайлбар хийсэн ярилцлагыг “Rolling Stones” сэтгүүлд өгчээ. Одоо үргэлжилж байгаа эсэх нь ч тодорхойгүй байгаа Крис Браунтай дахин тогтоосон учир битүүлэг харилцааныхаа талаар тэрээр ярихдаа “Тэр явдал /2009 оны хоёрдугаар сард Грэммигийн шагнал гардуулах ёслолын өмнөх шөнө Крис Браун Рианнаг зодсон/ болсны дараахан цагдаагийнхан Крисийг баривчлаад явахад би түүнийг намайг алдсандаа харамсч гэмшиг, шийтгэлээ амсаг гэж бодож байсан. Гэвч удалгүй тэр бүхэн эргээд над дээр буусан. Бурхан минь, та надаар тоглоод байна уу гэж өөртөө төрсөн мэдрэмжид итгэж ядаж байсан. Гэвч тэр мэдрэмж сэтгэл бүхнийг дарж булшлахын аргагүй байсан” хэмээн ярьжээ.
Рианна Крист дахин нэг боломж олгохоор шийдэхдээ фэнүүд, найз нөхөд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлүүлнэ гэж мэдэж байсан ч зүрхээ дагахаар шийджээ. “Бусдын хүсэл бодлоор явахгүй. Би өөрөө л жаргалтай байх нь чухал гэж би шийдсэн. Ер нь алдсан ч энэ миний л алдаа шүү дээ.Олон жил уурлаж бухимдаж, зовж гуньж хар бараан жилүүдийг давсны дараа би буцаж очихоор шийдсэн юм” гэж Рианна ярьжээ.
Гэхдээ одоо тэдний харилцаа дөрвөн жилийн өмнөхөөс тэс өөр болсон гэдгийг Рианна хүлээн зөвшөөрчээ. “Тэр үед Крис өсвөр насны хүү байсан. Харин одоо бол бид бие биеэ үнэлж чаддаг, тэр хэн бэ, түүнд юу байгаа вэ гэдгийг сайтар мэддэг, бас түүнийгээ алдахыг зөвшөөрөхгүй насанд хүрсэн” гэдгийг Рианна “Rolling Stones”-д ярьжээ.