Дэлхийд тэргүүлэгч, шилдэг нь хэмээн Америк тэргүүтэй өрнөдийн нийгмийн маш олон зүйлийг бид хуулбарлан өөрийн болгохоор зүтгэж байгаа. Наад захын жишээ нь бүрэн дунд боловсрол олгох систем. 12 жилийн сургалттай боллоо, орчин үеийн шаардлагаар гээд цөөнгүй сурах бичгийг өөрчилж, зарим хичээлийг нь халлаа. Сурах бичгийг сургуулиуд өөрсдөө сонгодог болсон гээд цөөнгүй өөрчлөлт сүүлийн жилүүдэд Боловсролын салбарт гарсан. Энэ бүхний үр дүнд Монголын боловсролыг цэнгэлийн манлайд хүргэхээр зорьсон юм. Гэтэл зөвхөн давуу талыг нь дөвийлгөн судлаж магтахын оронд сул тал, сөрөг нөлөөг ч судлах хэрэгтэй байж. Тиймээс Америкийн боловсролын системийн доголдол, түүний нөлөө ба эрх баригчдын зүгээс засах гэж зүтгэж байгаа арга хэмжээний талаар товч сонирхуулъя.
Юуны өмнө Америкийн дунд сургууль дүүргэгчдийн мэдлэгийн төвшин наад захын шаардлагыг огт хангахгүй байгаагийн дээр сургууль завсардалтын гүн хямралд орсон талаар улстөрчид нь түгшүүрийн харанга дэлдсээр нэлээд олон жилийн нүүр үзэж буйг хэлэх хэрэгтэй байх.
Цаашилбал, Америкийн боловсролын системийн гол ээдрээ нь хэтэрхий тархай бутархай байдал гэдэг. Боловсрол хариуцсан яамтай ч гэлээ энэ нь өөрийн хянах ёстой салбарт болж байгаа үйл явцад тун хязгаарлагдмал нөлөөлдөг. Тиймээс гол төлөв дагаж мөрдөх ёстой стандарт боловсруулахыг л хариуцдаг. Харин тухайн сургуулийг амжилтад хүрэх эсэхэд багагүй нөлөө үзүүлдэг нарийн зүйлийг мужуудын эрх баригчид ба тэдэнд захирагддаг боловсролын тойргуудад өөрсдөө дураараа шийд хэмээн даатгаж орхисон.
Америкийн сургуулиуд нь бага, дунд ба ахлах сургууль гэж үндсэн гурван хэсэгт ангилагддаг. Ахлах сургуулийг дүүргээд хүн бүрэн дунд боловсролтой гэсэн аттестат авна. Хүүхдээ хэдийд сургуульд өгөх, хэдэн жил сургахыг муж болгон өөрийнхөөрөө шийднэ. Дийлэнх нь 12 жилийн системтэй. Бага сургуульд таван жил, дундад нь дөрөв, ахлахад нь дөрвөн жил сурдаг. Дунд боловсролыг 18-19 настайдаа эзэмшдэг. Одоогоор Америкийн 21 мужийн хүүхдүүд 18 хүртэл, эсвэл аттестат автлаа заавал суралцах ёстой. Харин 11 мужид нь 17 хүрээд сургуулиа орхиж болдог бол үлдсэн мужид 16 хүрээд сургуулиасаа гарч болно. Хэдийд сургуулиа орхихоо хүүхдүүд бие даан шийднэ. Сургуулиа орхихыг хүссэн хүүхдэд саад болох эрх хэнд ч байхгүй. Үүний дээр зайлшгүй боловсрол олгох хугацааг нэмэх гэхэд хүний эрхийг хамгаалагч нар хэн ч байсан, ямар ч сайхан зорилгоор, хаана ч тэр, түүний дотор сургуульд албадан байлгаж болохгүй гэж үзээд болиулсан. Хүний эрх хэдий чухал ч гэлээ үүнээс болоод хүүхэд бүрэн дунд боловсролын аттестат авах боломжгүй болж байгаа юм. Гэхдээ аттестат авалгүй сургуулиа орхисон хүүхдүүд дараа нь нөхөн суралцаад тусгай сертификат авч болно. Ийм сертификат нь дунд боловсролтой гэдгийг гэрчилдэг ч чанарын хувьд аттестатаа гүйцдэггүй. Зарим судалгаанаас үзвэл аттестат авалгүй сургуулиа хаяж байгаа хүүхдүүд ажил хийснээр 337 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжгүй болсон гэдэг. Улс нь ч эндээс татвар авч чадахгүй болж алдагдал хүлээсэн нь ойлгомжтой.
Энэ бүхний дээр Америкийн сурагчид өөрийн сонирхсон хичээлүүдээ сонгож үздэг. Ийм сонголт хийх хамгийн өргөн боломж ахлах сургуулиудад бий. Энэ мэтээр дунд боловсрол олгох системийг хүний, өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг чухалчилсан болгож өөрчлөх ажил 1960-аад оноос эхэлж, ихэнх хичээлийг факультатив /сонголтын/ байдалтай болгожээ. Хандлага 1980-аад онд дээд цэгтээ хүрэх үед орон даяар хүмүүс хэрэг бишидлээ гэж түгшүүр зарлах болов. Эхлээд сургуулиудын сурагчдын амжилт тогтмол унасаар олон жил болж байгааг судалгаа харуулсан болохоор сургуулиуд өөрсдөө түгшүүр зарлаад байгаа. Дараа нь элсэгчдээ уншиж, бичиж, энгийн аргаар тоо зөв боддог болгохын тулд давтан сургалт явуулах шаардлагатай болсон их, дээд сургуулиуд түгшүүр зарлав. Статистик мэдээнээс үзвэл 17 нас хүрсэн хүүхдүүдийн 13 хувь нь бичиг үсэггүй байжээ. Үүний үр дүнд Боловсролын яам нь хичээлийн цагийн тоог нэмэх, суурь хичээлийн хөтөлбөрийг өөрчлөх, шалгалтын стандартыг чангаруулах, заавал үзэх ёстой хичээлийн тоог нэмэх зэрэг зөвлөмж гаргав. 1980-аад оны сүүлээр байдал бага зэрэг дээрджээ.
Сургуулийн боловсролыг стандартчлах хамгийн том оролдлогыг хүү Жорж Буш хийсэн. Тэрээр “Хүүхэд бүр хэрэгтэй” нэртэй хууль батлуулсан юм. Хуулийн дагуу сургууль болгонд адил тестүүдийг нэвтрүүлээд дараа нь түүн дээрээ үндэслэн үр дүн муутай ажиллаж байгаа сургуулийг тодруулах ёстой. Муу дүн үзүүлсэн сургуулиудыг бүрэн татан буулгаж, сурагчдыг нь шилжүүлэх хүртэл арга хэмжээ авдаг. Үр дүнд нь англи хэл, математикийн хичээлийн хоцрогдлоо улсын хэмжээнд 2014 он гэхэд бүрэн үгүй хийх ёстой байж.
Гэтэл хууль үйлчилж эхэлмэгц улсын мэдлийн сургуулиудын тал нь шахуу сурагчдынхаа сургалтын чанарын тасралтгүй өсөлтийг хангаж чадахгүй болж таарчээ. Ингээд ч зогсохгүй энэ хуулийг батлуулахаас өмнө сурагч илүү сайн сурч байсан болж таарсан юм. Харин Барак Обама хуулинд өөрчлөлт оруулж муу дүнтэй сургуулиудад арай уян хатан ханддаг болгосны дээр тэдэнд нэмэлт санхүүжилт олгосон. Явсаар 2010 онд заавал үзэх ёстой хичээлийн нэгдсэн стандартын системийг мөрдөж эхэлжээ. Ингэж батлахгүй бол төгсөгчид нь их дээд суургуульд элсэн дүүргэж чадахгүй, цаашлаад нарийн мэргэжлийн ажил хийж чадахгүй болчихсон байсан гэнэ. Одоохондоо зөвхөн англи хэл, математик дээр л ийм нэгдсэн стандарт мөрдөгдөж байгаа. 2010 оны байдлаар Америкт сурагчдынх нь 60 хувиас ихгүй нь дунд боловсролын аттестаттай төгссөн 1550 дунд сургууль байжээ. Ийм сургуулиудыг “дутуу сурагчдын үйлдвэр” хэмээж, их дээд сургуульд элсэх хүсэлтэй сурагчдын тоо цөөрснийг “дутуу сурагчдын хямрал” гэж нэрлэжээ.
Зарим судлаач байдал энэ мэтээр үргэлжилбэл хэдэн жилийн дараа гэхэд Америк нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орно. Дутагдлаа нөхөхийн тулд Энэтхэг, Орос, Хятад гэх мэт оронд дээрх мэргэжил эзэмшсэн залуусыг өндөр цалин, таатай нөхцөлөөр нутагтаа урьж ажиллуулахаас өөр аргагүй байдалд орж магадгүй болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл Америк боловсронгуй орчин үеийн техниктэй, зэвсэгтэй, өндөр хөгжилтэй улс байхын тулд гадаадын боловсролын системээс хамаарах болж магадгүй гэжээ. Эдгээр судалгаанд итгэхгүй байж болох ч манай улсад үүнтэй адил байдал бий болоод нэлээд хэдэн жил болж байгааг их, дээд сургуулийн багш нар хэлж байгаа юм. Тухайлбал, зарим дээд сургууль нэгдүгээр дамжааны дийлэнх оюутандаа дунд сургуульд үзэх ёстой байсан хичээлүүдээр нь давтан сургалт явуулахаас өөр аргагүй болж байсан байна.