Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эко- од Леонардо

Холливудын жүжигчин Леонардо ДиКаприогийн leonardodicaprio.com  цахим хуудас руу орвол тус сайтын хагас нь түүний уран бүтээлийн тухай,  үлдсэн хэсэг нь экологид зориулагдсан байдаг юм. Түүнээс өөр ямар ч урлагийн од ингэж вебсайтынхаа тал хувийг өөртөө бус ямар нэг амьтан, ургамал, орчлон ертөнцийн сайн сайхан амьдралын төлөө зориулаагүй билээ. Леонардо ДиКаприо цахим хуудас шигээ өөрийнхөө амьдралыг ч хоёр хуваан уран бүтээл, байгаль орчны төлөөх үйлст зориулдаг юм. Багаасаа кино ертөнцтэй холбогдсон тэрээр харьцангуй залуугаасаа байгаль орчны төлөө дуу хоолойгоо өргөж эхэлсэн юм. Тэрээр “Титаник”-т тоглоод удаагүй, гялалзсан залуухан од байхаасаа л бусад оддын жишгээр хувийн онгоц түрээслэлгүй, харин жирийн л арилжааны нислэгээр зорчдог. Холливудын бусад од томоохон шагнал гардуулах ёслол, тансаг хүлээн авалтад дээд зэргийн үнэтэй машин хөлөглөн ирж байхад тэр л ганцаараа цахилгаанаар ажилладаг эко машинтай улаан хивсний өмнө ирдэг болсон юм. Түүнээс өөр хэн нэгэн алдартан “Toyota Prius”-тэй улаан хивсний ёслолд ирж зүрхлэхгүй байсан биз ээ. Тэр бас гэртээ уламжлалт цахилгааны оронд нарны эрчим хүчийг ашигладаг. Леонардо өөрийн гэрээс гадна нэгэн зочид буудлыг экологид ээлтэй болгон өөрчилсөн нь алдарт “Four Seasons Hotel”-той хамтран байгуулсан Кариббын тэнгис дэх буудал юм. Түүний санаачилгаар бүтээн босгосон энэ буудал бусадтайгаа адил дээд зэрэглэлийн тансаг боловч, байгаль орчинд халгүй технологи ашигласан гэдгээрээ ялгардаг юм.  Леонардо амьдралын энэ хэв маягаараа фэнүүдийгээ төдийгүй Холливудын оддыг ч байгальд ээлтэйгээр амьдрахад уриалан дууддаг юм. Гэхдээ түүний хийж буй эко үйлс зөвхөн бусдыг уриалан дуудахаар хязгаарлагдаагүй.
Тэрээр өнөөгийн байгаль дэлхийд ямар аюул, асуудал бэрхшээл тулгараад байгааг, түүнээс гарах ямар арга зам байгааг харуулсан “11th Hour” хэмээх баримтат киног хамтран бичиж, продюсерлэн үзэгчдэд хүргэсэн юм. Леонардогийн бүтээсэн энэ кинонд Михаил Горбачев, Стифен Хаукинг, Вангари Маатай зэрэг дэлхийд нэртэй 50 гаруй улстөрч, эрдэмтэн, байгаль орчны зүтгэлтэн оролцож, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэсэн нь үзэгчдийн талархлыг хүлээсэн. Дэлхийн дулаарал, цөлжилт, амьтны төрөл зүйл хэрхэн хорогдож, далайн амьтад яаж устаж үгүй болж буй тухай сэтгэл эмзэглэм үнэнийг өгүүлсэн энэ кино АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Альберт Горын “An Inconvenient Truth” баримтат киноны дараахан дэлгэцэнд гарч, олон улсаас өндөр үнэлгээ авсан юм. Тэрээр үүнээс гадна “Water Planet”, “Global Warning” гэсэн богино хэмжээний хоёр баримтат киног өөрийн хөрөнгөөр бүтээж байсан билээ. Леонардо байгалийн гамшигт өртсөн ядуу буурай оронд мөнгөн тусламж байнга үзүүлэхээс гадна ховордож буй ан амьтныг хамгаалахын төлөө өөрийн хөрөнгийн багагүй хэсгийг зориулдаг юм. Тухайлбал, тэрээр Орост болсон бар хамгаалах олон улсын чуулганд оролцохдоо 100 мянган ам.доллар хандивлажээ. Энэ чуулганд оролцохоор Санкт-Петербург руу нисэх гэтэл онгоц нь хоёр ч удаа саатсан боловч Леонардо оддын ихэмсэг зан гаргалгүйгээр, тэвчээртэй хүлээн байж Оросыг зорин ирсэнд Ерөнхий сайд В.Путин түүнийг “мужик” хэмээн магтсан гэдэг.

Энэ бүхнээрээ тэрээр сүүлийн хэдэн жилийн дотор хүрээгээ маш хурдан тэлж буй ногоон оддын тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэх болжээ.  Түүний байгаль орчны төлөө оруулсан хувь нэмрийг үнэлж, 2003 онд   “Эко од” өргөмжлөл гардуулж байсан бол Мартин Литтоны нэрэмжит байгаль орчны нийгэмлэгээс “Хүрээлэн буй орчны төлөө зүтгэлтэн” хэмээн нэрлэсэн юм. Мөн “Global Green USA” олон улсын байгууллагаас түүнийг Байгаль орчны төлөө тэргүүлэгч зүтгэлтэн хэмээн өргөмжилжээ.

Леонардогийн экологид ээлтэй унаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан