Японы мафи нь 1612 онд эрх баригчид тэнэмэл самурай нартай тэмцэж эхэлсэн үед үүссэн гэдэг. Японы хаа сайгүй л үсээ сонин маягаар хусуулж засуулсан самурай ганцаар тэнүүчлэн дээрэм тонуул хийж хүчирхийлж явсныг засгийн газар ангуучилж номхотгохоор тэмцэж эхэлж.
Харин тэд хариуд нь өөр хоорондоо нэгдэж, хатуу сахилга зохион байгуулалтад орон нэгээрээ удирдуулан түүндээ үнэнч байхаа илэрхийлснээр жинхэнэ мафи болсон гэнэ. Засгийн газар, эрх баригчид тэдэнтэй тэмцээд дийлэхгүй болохоороо өөр якуза нарыг зохион байгуулж тариачид, ард иргэдээ хамгаалж эхэлсэн байна. Ингээд л засгийн газар хууль ёсны биезнесийг хянадаг бол хууль бус наймаа бизнесийг якуза нар хянадаг болох нь тэр. Якуза нар эрх баригчидтай муудалцахыг хүсдэггүй, эрх баригчид ч тэднийг албан бусаар ч юм уу, албан ёсоор ч юм уу дэмжээд “За яахав байж л байг” гэдэг болсон нь энэ.
Японы орчин үеийн мафийн бүлэглэл нь 18 дугаар зуунд сууриа тавьсан хоёр бүлгээс үүдэлтэй. Эд бол бакуто болон тэкия нар.
Тэкия нар нь худалдааны зах зээлд худалдан авагчдаа мэхэлдэг наймаачид нэгдэж захыг бүхэлд нь хяналтдаа авдаг байснаас үүдэлтэй. Тэд эмх журмыг сахиулахаас гадна хэн хаана юу худалдахыг шийдэж хуваарилна. Жижиг дээрэмчин, халаасны хулгайч нараас өөрийн талбайгаа хамгаална.
Бакуто нь дээр хэлсэн төрийн байгууллага, ард иргэдийг хамгаалахаар байгуулсан бүлэглэл. Цалингийнхаа хэсгийг алдсан бол эргүүлж авах л ёстой гэсэн үг. Ингээд л тэд гэмт хэргийн замд орсон хэрэг. Бакутогийнхан шивээсээрээ ялгарна. Өөр бас нэг уламжлал нь гэм буруутайнхаа чигчий хурууг тайрдаг явдал өнөө хүртэл байсаар байгаа. Чигчий хуруугүй хүн илд, хөзрийг бат атгаж чадахгүй гэдгээс үүдэлтэй гэдэг.
Якуза нар эхлээд мөрийтэй тоглоом, жижиг дунд худалдааг хянадаг байсан бол аажимдаа тэд нэгдэж томорсоор одоо хүний наймаа, янханчлал, бүр улс төрд хутгалдах болсон. Тэд хууран мэхлэх, дарамтлах, сонгогчдыг худалдан авах гээд төрөл бүрийн арга хэрэглэнэ. Ингэснээр тэд улстөрчдийн ивээлд багтана.
Орчин үеийн якуза төлөвшсөн нь
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж якуза нарыг цэрэгт татаж нэг хэсгийг нь шоронд хорив. Эд бараа хомсдож эхлэхэд орчин үеийн якуза нарын бүлэглэл буюу “Гүрэнтай” гэгч гарч ирлээ. Тэд улс орныг бүхэлд нь хяналтад авсан. 1950 он гэхэд америкчууд гүрэнтайчуудаас эгэл ардуудыг хамгаалж чадахгүй гэдгээ зарлав. Японы мафи ч орчин үеийн хэлбэрт орлоо. Тэд илдээ орхиж америкийн гангстерууд шиг хар костюм, цагаан цамц өмсөн хар шил зүүж, гар буу, хутгатай явдаг болов. 1963 он гэхэд 5200 гаруй бүлэглэлд 184 мянган якуза багтаж байсан нь японы өөрийгөө хамгаалах хүчний тооноос давж байлаа. Энэ олон бүлэглэл зөрчилдөн тэмцэж байдал хурцдаад ирэхэд улс оронд эмх журам тогтоох хүн хэрэгтэй болсон нь мэдээж. Энэ бол дайны үед ерөнхий сайдын зөвлөх байсан контр-адмирал Кодама Ёсио байв. Түүнийг эхлээд америкчууд барьж хорьсон байснаа дараа нь хамтран ажиллах болж. Ингээд Комада томоохон бүлэглэлүүдийг нэгтгэж өнөөгийн хэлбэрт нь оруулсан гэдэг.
Якузагийн бүтэц
Якуза нарын бүлэглэл ердөө “эцэг-хүү”, “ах-дүү” гэсэн эцгийн эрхт ёсны уламжлалаар бүрэлдэнэ. Бүлгийн тэргүүнээ шеф /оябун/ гээд бүгд захирагдана. Түүний дараа ахлах зөвлөх /сайко комон/ байх бол тамгын газрын дарга /со-хомбутё/ тэргүүний туслах “фуку-хомбутё/, орлогч /вакагасира/ байна. Зөвлөх, нарийн бичгийн дарга, нягтлан гээд бүгд тэргүүндээ захирагдана. Гишүүн бүр өөрийн гэсэн дүүтэй, дүү нар нь залуу гишүүн буюу ерийн якузатай. Эд нь 20-200 хүн болно. Нэг бүлэг хэдэн арван мянган хүнтэй нь ч бий. Ийм бүлэг бол хэд хэдэн хотыг хянана.
Ямар нэгэн бүлэглэлд хамаарагдахгүй дээрэмчид бас бий. Гэхдээ цөөн. Ер нь ганцаараа бол нэг их газар авахгүй.
Бэлгэ тэмдэг, шийтгэл
Якуза нарын гол бэлгэ тэмдэг нь биен дээрх шивээс. Бүлэглэл бүр өөр өөрийн өнгө аястай үүгээрээ бие беэсээ ялгарна. Якузагийн бүлэглэлд элсэхээрээ нэг нэр оноож авна, “есөн луу”, “бар ба тогоруу” гэх жишээний. Тэгээд л ар нуруу, цээжин дээрээ энэ бүхнээ шивүүлнэ. Тэгээд гэм буруутай якуза бол чигчий хуруугүй байна даа. Өнөөдөр харин хуучин якуза нар мэс засал хийлгэн чигчий хуруу хийлгэдэг болсон гэнэ.
Бас нэг шийтгэл бол гэдсээ хүүлэх. Самурай нарын хамгийн хүндтэй, дээд энэ шийтгэлийг якуза нар өнөөдөр хэрэглэдэг.
Якузагийн зарчим, итгэл үнэмшил
Якуза нар ямагт самурай нарын уламжлал, гэр бүлийн итгэл үнэмшлээр явна. Тэд бүлэглэлдээ хэзээ ч эмэгтэйчүүдийг элсүүлэхгүй, тэд бол гэр бүлээ асарч явах ёстой гэж үзнэ. Бүлгийн тэргүүний эхнэрийг “том эгч” хэмээн хүндэтгэнэ. Гэхдээ тэдэнтэй ойртож ярьж хөөрөхгүй. Тэргүүн эмнэлэгт юм уу, шоронд орсон бол хааяа эхнэртэй нь зөвлөлдөнө. Бусад эмэгтэйчүүдтэй бол харьцахгүй.
Якузагийн хамгийн эрхэмлэдэг зүйл бол өөрийн болон бүлгийн нэр төр. Ийм болохоор тэд хэзээ ч хүний өмнө бөхөлзөхгүй, уучлал гуйхгүй. Харин бие биедээ ямагт тусална. Бүлгийн гишүүнээс хэн нэгэн нь шоронд орвол суллахын төлөө бүхий арга хэрэглэнэ.
Өнөөгийн якуза нар
Тэд өнөөдөр хэний ч харсан жирийн бизнесмен шиг л харагдана, ялангуяа гадаадынхан ялгахад бэрх. Японы мафи нийгмийн бүхий л салбар ялангуяа санхүүгийн зах зээлд бүрэн нэвтэрсэн гэж болно. Тэд бас улс төрд өөрийн гэсэн хүмүүстэй. Гэхдээ л урьдын уламжлалт хар тамхины худалдаа, хууль бус тоглоомын бизнес, биеэ үнэлэгчдийн хяналт зэргээ бас эрхэлнэ. Төрөл бүрийн дарамт шахалт үзүүлнэ. Үл хөдлөх хөрөнгийн наймаа арилжааг хянана. Цагдаагийнхан, жижиг түшмэлүүдтэй нэг их холбогдохгүй. Харин цагдаагийнхан бүхэл бүлгээр нь хянаж гэмт хэрэг, дүрмийн бус үйлдэл гарвал бүлгийн нэг гишүүнийг л барина. 1992 оноос Засгийн газар гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдтэй тэмцэх арга хэмжээг эхлүүлсэн. Якузагийн зарим үйл ажиллагааг хориглож шивээстэй хүнийг зарим газарт оруулахгүй журам хүртэл гаргасан. Гэхдээ л 1996 он гэхэд японы гурван том бүлэглэлд багтсан 80 орчим мянган якуза байна гэсэн тоо байдаг.