Өөрсдийнхөө залгамж халааг бэлтгэн дүү хамтлагаа төрүүлээд удаагүй байгаа “Камертон” хамтлагийнхан гялалзаж явна. Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "Монгол поп 2" цомог худалдаанд гарсан даруйдаа борлуулалт сайтай цомгийн жагсаалтыг тэргүүлсэн. Тэгвэл өнөөдрөөс "ITunes Store" дээр "Монгол поп2" цомог албан ёсоор зарагдаж эхэлжээ. Энэ нь олон улсын зах зээлд монгол уран бүтээлчдийн бүтээл оюуны өмчийн хулгайгүйгээр худалдаалагдаж эхэлж байна гэсэн үг юм. "ITunes Store" нь мөнгө төлж уран бүтээлчдийн бүтээлийг авч болдог дэлхийн хөгжмийн томоохон сүлжээ сайтуудын нэг юм. Тус сайтаас "Монгол поп 2" цомгийг 6.32 доллараар худалдаж авч болох нь.
Уран бүтээлээсээ хэсэг холдож хувийн бизнес эрхлэх болсон хамтлагийн гишүүн Эба ч мөн гялалзаж явна. Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Тэргүүний тариаланчдын дунд "Камертон"-ы Эба буюу Б.Эрдэнэбат багтаж, усан луу жилийн шилгүүдийн тоог нэгээр нэмжээ. Эбагийн удирддаг Сэлэнгэ аймгийн Сант сумын "Монгол газар шим" хэмээх компани "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор шалгарсан аж.
Дашрамд дурдахад дуучнаас тариаланчийн замыг сонгосон Эбагийн "Монгол газар шим" компани нь алтны магнат гэгддэг Ц.Мянганбаярын "Монгол газар" компанийн охин компани юм байна. Ийнхүү дуучин Эба мэргэжлээ өөрчлөн, Ц.Мянганбаяртай ганзага нийлж амжилттай ажиллаж явна.