Энэ сарын 23-нд АНУ-ын Техас мужийн Хьюстоноос холгүй Lone Star коллежид нэгэн этгээд гал нээсэн хэрэг гарлаа. Энэ хэрэг ердөө л хоёр хүн муудалцсанаас үүдэж. Хоёр хүн шархадсан байна.
Сургуулийн байгууллага дотор гал нээж ямар ч гэмгүй хүмүүс, хүүхдийн аминд хүрдэг аймшигт гэмт хэргээрээ АНУ тэргүүлдэг. Ийм аймшигт хэргүүдийн талаар дурдаж байна.
1927 оны тавдугаар сарын 18.
АНУ-ын Мичиган мужийн Бэт хотын дунд сургууль. Бага ангийн 38 хүүхэд, насанд хүрсэн долоон хүн амь үрэгдэж, 58 хүн бэртэж гэмтсэн. Гэмт хэрэгтэн нь нэгэн фермийн эзэн Эндрю Кехо гэгч. Сургуулийн зөвлөлд сонгуультай тэрээр сургуулийн шинэ барилга барихын тулд нэмэлт татвар авах болсныг эсэргүүцсэн нь энэ. Кехо энэ өглөө эхнэрээ толгой руу нь хүнд зүйлээр цохиж алаад өөрийнхөө фермийг дэлбэлсэн байна. Гал сөнөөгчид ирж байх зуур сургуулийн хамгийн олон хүүхэд хичээллэдэг хойд жигүүрийг дэлбэлжээ. Тэрээр бүр эртнээс бэлтгэж их хэмжээний дэлбэлэх бодисоо сургуульд зөөж оруулсан байсан гэдэг. Аврагчид ирэх үеэр дахиад өөрийнхөө машиныг дэлбэлсэн, ингэхдээ машин дотроо их хэмжээний хадаас, эрэг шураг хийсэн байжээ. Энэ үеэр өөрөө, сургуулийн захирал, хэд хэдэн хүн амь үрэгдсэн. Сургуулийн өмнөд жигүүрт 230 кг тэсрэх бодис байрлуулсан байсныг аврагчид дараа нь илрүүлсэн.
1971 оны гуравдугаар сарын 25.
Бангладеш. Дакка хот. Дорнод Пакистан дахь Бенгалын бослогыг дарахаар пакистаны арим Баншладешийн нийслэлд орохдоо их сургуулийг дайрсан. Эхлээд 10 багшийг хөнөөсөн бол дараа нь “Бенгалын хараат бус оюутнуудын хөдөлгөөн”-ий штаб байрладаг Жахрул Хок дотуур байранд дайрч орон 200 гаруй оюутныг буудсан. Дараа нь Жаганнатх дотуур байр луу орж өрөө бүрээр дамжин хөөрхий оюутнуудыг нэг бүрчлэн буудсан. Нийтдээ 300 хүнийг буудаж алсан.
1975 оны тавдугаар сарын 28.
Канадын Брамптон хотын Сентенниэл сургуульд 16 настай сурагч Майкл Питер Слободян хоёр винтов буугаа гитарын саванд хийн ирж гал нээсэн. Тэр жаал ердөө л физикийн багш нь муу тавьснаас болоод хүн эмнэлгийн академид орж чадахгүй болсныхоо өшөөг авах гэсэн нь тэр. Дээд давхарт байдаг физикийн танхим орохоосоо өмнө нэгдүгээр давхар дахь англи хэлний танхимаас эхлэн гал нээсэн. Ангийнхаа нэг хүүхэд, англи хэлний багшаа алаад 13 хүнийг шархдуулсан. Өөрийнхөө амийг хорлосон.
1989 оны арванхоёрдугаар сарын 6.
Канадын Монреал дахь Политехникийн их сургууль. 25 настай оюутан Марк Лепины замбараагүй гал нээсний улмаас 14 эмэгтэй амь үрэгдэж өөр 14 хүн шархадсан. Хичээл эхэлсний дараа тэрээр анги танхимуудаар явж галласан. Тэрээр ердөө л “эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэхийг” эсэргүүцсэн нь энэ. Дараа нь өөрийгөө хороосон. Халааснаас нь “Эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэгчид миний амьдралыг сүйрүүлсэн. Хариугаа авсан минь энэ” гэсэн бичиг олдсон.
1996 оны гуравдугаар сарын 13.
Их британи. Шотландын Данблейн хотын бага сургууль. 43 настай эрхэлсэн ажилгүй Томас Гамильтон гэгч дөрвөн гар буутай дайран орж гал нээн 16 хүүхэд, нэг том хүнийг алж, 16 хүнийг шархдуулсан. Сургууль руу орохынхоо өмнө биеийн тамирын танхимд орж нэгдүгээр ангийн таван настай жаалыг буудсан. Дараа нь тоглоомын талбай дахь хүүхэд рүү нийтдээ 109 удаа буудаад амиа хорлосон. Түүнд 743 сум байсан гэдэг.
1998 оны гуравдугаар сарын 24.
АНУ-ын Арканзас мужийн Жонсборогийн сургууль. 11 настай Эндрю Голден, 13 настай Жонсон Митчелл нар гал нээж нэг багш, дөрвөн хүүхдийн амь хөнөөж, 10 хүнийг шархдуулсан. Нэг нь найм, нөгөө нь 10 жилийн ял авсан.
1999 оны дөрөвдүгээр сарын 20.
АНУ-ын Колорадо муж. Колумбайн сургууль. Ахлах ангийн сурагч Эрик Харрис, Дилан Клиболд нар гар хийцийн дэлбэрэх бодис дэлбэлснээс 37 хүн шархадсаны 13 нь үхлийн шарх авсан. Тэд сургуулийн гал зууханд бөмбөгөө байрлуулаад хашаанд гарч сурагчид руу буудаж эхэлсэн. Гал зуухан дахь бөмбөг дэлбэрээгүй болохоор тэд сургууль руу явах замдаа таарсан хүнийг буудсаар байсан. Дараа нь бие биенийхээ толгой руу буудаж амиа хорлосон. Сургуулийн 2000 шүүгээ, эзэнгүй 1000 орчим үүрдэг цүнхийг шалгаж сургуулийг аюулгүй болгох ажил долоо хоног үргэлжилсэн.
2006 оны есдүгээр сарын 13.
Канадын Монреаль хотын “Доусон” коллеж. 25 настай Кимвир Жилл карабин буугаар гал нээж нэг хүнийг хөнөөн 19 хүнийг шархдуулсан. Цагаагийнхан бүсэлсний дараа өөрийгөө хөнөөсөн. Байнга л “би энэ ертөнцийг үзэн ядаж байна” гэж ярьдаг тэрээр хоёр хоногийн өмнө найз бүсгүйтэйгээ муудсан гэнэ. Тэр зүгээр л эмх замбараагүй, хэнийг ч онилолгүйгээр гал нээсэн гэж гэрчүүд ярьжээ.
2007 оны дөрөвдүгээр сарын 16.
АНУ-ын Виржини муж. Виргиний их сургууль. Тус сургуулийн оюутан Сын Хи Чо гэгч солонгос 895 оюутан амьдардаг дотуур байранд нэвтэрч хоёр оюутныг буудаж алсан. Тэгээд өрөөндөө орж цустай хувцасаа солиод интернетэд орж үхлийн өмнөх захидал үлдээсэн. Эндээсээ хичээлийн байранд очиж 206 дугаартай танхимд орон гал нээсэн. Тэрээр 11 минутын хугацаанд 175 удаа буудсан. 32 хүний амь хөнөөж, 17 хүн шархадсан. Найман оюутан цонхоор үсэрч хүнд бэртсэн.
2007 оны арваннэгдүгээр сарын 7.
Финляндын Туусула хотын Йокела лицей. 18 настай сурагч Эрик Аувинен сургуульдаа дайран орж 10 сумаар цэнэглэсэн 15 магазинтай гар буугаар 106 удаа галласан. 40 минутын дараа өөрийгөө хороосон. Зургаан сурагч, сургуулийн захирал, сувилагчийн амь хөнөөсөн.
2008 оны хоёрдугаар сарын 14.
АНУ-ын Йллинойс муж. Гэгээн валентины өдрөөр 27 настай Стив Казмерчак гэдэг нөхөр их сургуульд хоёр гар буу, нэг дробинк буутай очиж Коулл-холлын лекц болж байсан танхимд орон хар хувцастай хүн бүрийг буудсан. Гар буугаар 48, дробинкоор 6 удаа буудаж 23 хүнийг шархдуулснаас гурав нь газар дээрээ, хоёр нь эмнэлэгт нас барсан. Цагдаагийнхан ирэхэд тэрээр өөрийгөө хороосон.
2009 оны дөрөвдүгээр сарын 30.
Азербайжаны нефтийн академи. Хөдөөгийн багшийн хүү Фарда Гадиров гэгч оюутан, багш, сургуулийн ажилтан 12 хүний амь хөнөөж, 13-ыг шархдуулсан. Зарим эх сурвалж алуурчныг хоёул, гурвуулаа байсан, бусад нь нуугдсан гэдэг.
2009 оны гуравдугаар сарын 11.
Германы Винненден хотын сургууль. 17 настай Тим Кретчмер эхлээд сургуульдаа, дараа нь гудамжинд гал нээж 15 хүний амь нас хөнөөн, 11-ийг шархдуулсан. Тэрээр ангиас анги дамжин гал нээж нийтдээ 60 удаа буудсаны дараа машинаар 40 км зайтай автосалонд очиж бас 13 удаа буудаад сүүлд нь толгойдоо буудаж амиа егүүтгэсэн. Хэрэг гарахаас гурав хоногийн өмнө нэг бүсгүйтэй уулзах гэсэн ч тэр нь татгалзсан байдаг.
2010 оны хоёрдугаар сарын 12.
АНУ-ын Алабама муж. Хантсвилл хотын их сургууль. Биологийн профессор 44 настай Эми Бишоп багш нарын цуглаан дээр гал нээж гурван хүнийг алж, өөр гурван хүнийг шархдуулсан. Сургуулийн удирдлага Бишоптой хийсэн хөдөлмөрийн гэрээгээ цуцална гэсэн нь хэргийн шалтаг болсон гэдэг. Тэрээр бүр 1986 онд ахыгаа хөнөөсөн ч золгүй тохиолдол гээд суллагдаж байж. Түүнд бүх насаар нь хорих ял өгсөн.
2011 оны дөрөвдүгээр сарын 7.
Бразилийн Рио-де-Жанейро. Тассо да Силвейра Реаленгугийн анхан шатны сургууль. Энэ сургуулийн сурагч байсан 23 настай Веллингтон Менезес де Оливейра үүрдэг цүнх үүрэн гуравдугаар давхарт шинэ багшийн орж байсан наймдугаар ангид орсон. Цүнхнээсээ хоёр гар буу гарган сурагчид руу замбараагүй галлаж дараа нь өөрийгөө хорлосон. 12 хүүхэд амь үрэгдэж, 12 хүн шархадсан. Хожим нь гэрээс нь олдсон захианд тэрээр ДОХ туссан учраас амиа хорлоно гэсэн байсан.
2011 оны долдугаар сарын 22.
Норвегийн 32 настай Андерс Брейвик гэгч Осло хотын төвд бөмбөг дэлбэлээд залуучуудын зуны лагерь ажиллаж байсан Утейа арал дээр очиж залуучууд руу гал нээсэн. Нийтдээ 69 хүн амь үрэгдэж 59 хүн шархадсан. Түүнд норвегийн хуулиар хамгийн дээд ял буюу 21 жил хорих ял нүүрлэж байгаа.
2012 оны гуравдугаар сарын 19.
Францын Тулуз муж. Еврейн сургууль. Аль-Кайдатай холбоотой Мохаммед Мера гэгч этгээд сургууль руу мотоциклоор ойртон ирж сургуулийн хашаа руу автоматаар гал нээсэн. Гурван хүүхэд амь үрэгдэж хэдэн хүүхэд шархадсан. Өөрөө цагдаагийнхантай буудалцаж байгаад амь үрэгдсэн.
2012 оны арванхоёрдугаар сарын 14.
АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын “Сэнди-Хук” бага сургууль. 20 настай Адам Питер Лэнза гэгч винтов буугаар ээжийгээ хөнөөгөөд машинаар сургууль руу очсон. Цэргийн хар өнгийн хувцас, сум нэвтрэхгүй хантааз өмсөн тэрээр хагас автомат винтовоор тааралдсан бүхнийг буудсан. 20 минутын хугацаанд 100 орчим сумаар буудаж 6-7 насны 20 хүүхэд, насанд хүрсэн зургаан хүний амь хөнөөсөн. Олонхийг нь тун ойрхноос тулгаж нүүрэнд нь хэд хэдэн удаа буудсан байсан. Дараа нь өөрийнхөө толгойд буудаж амиа егүүтгэсэн.