Дуучин Элтон Жоны гэр бүл хоёр дахь хүүхдээ хүлээн авчээ. Дуучны ижил хүйстэн гэр бүл том хүүхдийнхээ гурван насны босгон дээр бас нэгэн хүүтэй болжээ. Элтон Жон энэ сарын 11-нд хорвоод мэндэлсэн бага хүүхэддээ Элияа Жозеф Даниель Фурни Жон гэдэг нэр өгсөн байна. Дуучны бага хүүг том хүүхдийг нь тээж төрүүлсэн Калифорнид оршин суудаг америк эмэгтэй төрүүлсэн ажээ. Үүгээр Элтон Жоны хоёр хүүхэд нэг ээжийн хүүхдүүд буюу жинхэнэ ах, дүүс болж байгаа юм. Харин хүүхдийн эцэг нь Элтон Жон өөрөө юу эсвэл түүний нөхөр Фурниш уу гэдгийг нууцалж байна.
Элтон Жоны том хүү Захаригийн төрсний гэрчилгээнд хүүгийн аавыг Элтон Жон, ээж нь Фурниш гэж тэмдэглэсэн байдаг юм. Тиймээс том хүү нь Элтон Жоны өөрийнх нь хүүхэд гэж хэвлэлүүд үздэг юм. Харин тэд хүүхдийн ээжийн талаарх мэдээллийг маш сайн нууцалдаг. Гэхдээ тэд хэвлэлд энэ тухай ярихдаа “Тэр маш сайхан эмэгтэй байдаг. Яг л бидний охин дүү шиг санагддаг. Бид түүнтэй байнга холбоотой байдаг” хэмээн ярьсан байдаг. АНУ-ын Калифорни мужид хэн нэг эмэгтэйд мөнгө төлөөд тээгч эхээр хөлслөхийг хуулиар хүлээн зөвшөөрдөг учир Элтон Жон эндэхийг сонгожээ.
40 жил үргэлжилсэн дуучны карьерынхаа туршид 250 сая цомгоо борлуулсан дуучин Элтон Жон олон жил хамтран амьдарсан найз залуу Фурништэйгээ гэр бүлээ батлуулж, 2010 оны зул сараар анхны хүүхдээ өлгийдөн авсан юм. Одоо 65 настай Элтон Жон, 50 настай түүний нөхөр хоёр хэтэрхий оройтож хүүхэдтэй болох шийдвэр гаргасандаа бага зэрэг харамсдаг хэмээн ярьдаг ч Захари хүүгээ дүүтэй болгоход нэг их оройтоогүй гэж үзсэн бололтой.