Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Майкл Пелпс: Би бол жирийн л хүн. Гэхдээ зорилготой, хүсэл тэмүүлэлтэй хүн.

Амьдаараа домог болсон тамирчин спортын түүхэнд тийм ч олон биш ээ. Харин тэр цөөхөн тамирчны нэг нь Майкл Пелпс гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Бээжингийн олимпоор найман алтан медаль хүртсэн энэ агуу тамирчин Лондонгийн олимпоор амжилтаа үлэмж ахиулж, нийтдээ 22 медалийн эзэн болсон нь хүн төрөлхтөний түүхэнд хэний ч хүрээгүй амжилт билээ. Усанд сэлэлтийн хэд хэдэн төрөлд дэлхийн болоод олимпын дээд амжилтыг олонтаа тогтоож байсан энэ тамирчин өдгөө спортоос зодог тайлсан ч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хэвээр л байна. Түүний Пирс Морганы ток шоунд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө Майкл Пелпс, та өөрийнхөө хувьд хэн бэ?

-Би өөрийгөө жирийн л хүн гэж боддог. Гэхдээ зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, түүнийгээ биелүүлэхийг хичээдэг, биелүүлдэг хүн. Миний амьдрал бүхэлдээ л ийм.
-За боль доо, Майкл. Та жирийн хүн биш шүү дээ?
-Миний хувьд бол би жирийн л хүн. 20 жилийг усан санд өнгөрүүлсэн. Үүнд бусдаас өөр юм байхгүй.
-Үгүй ээ, та бол нормаль хүн биш.
-Тэгвэл таны хувьд юуг жирийн гэж үздэг юм бэ?
-Ямартай ч, усан дотор 20 жилийг өнгөрүүлэх лав биш. Би бол өдөрт 20 минутыг л усан санд өнгөрүүлдэг.
-Энэ ч үнэхээр хэвийн биш үзүүлэлт байна шүү /инээв/
-Спортод хэдэн арван гайхамшигтай тамирчин, агуу хүмүүс байна. Гэхдээ тань шиг сүүлийн таван жил, жилийн 365 өдөр, өдөр бүр дасгал сургуулилтаа хийдэг тамирчны тухай би сонсч байгаагүй юм байна. Юу таныг энэ спортоор ингэтлээ үнэнчээр хичээллэж сургуулилахад хүргэдэг юм бэ?
-Юу гэхээр, хэрвээ чи хамгийн шилдэг нь байхыг хүсч байгаа бол бусад хүний хийхийг зориглохгүй тийм зүйлийг л хий. Яг ийм л бодлоор би дасгал сургуулилтаа хийдэг. Үүгээрээ би 52 өдрөөр илүү бэлтгэл сургуулилт хийж чаддаг юм, бусад тамирчдаас. Жил бүр.  
Түүнээс гадна усанд сэлэлт бол бэлтгэл алдсан өдрийнхөө тоогоор биш, түүнээс хоёр дахин их хичээж байж буцаад формдоо ордог онцлогтой спорт. Жишээ нь, та мэдэж байгаа байх. 2008 оны олимпын дараа би зургаан сар бэлтгэлээ завсарласан. Эргээд би өөрийн байсан хэмжээнд хүрэх гэж, формдоо орох гэж бараг жил хагасын хөдөлмөрөө зориулсан. 

-Та бага байхдаа олимпын аварга болохыг мөрөөддөг байсан уу. Энэ бүх солиотой амжилтуудыг, эсвэл сансрын нисэгч ч юм уу алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан уу?
-Олимпын алтан медалийг, дэлхийн дээд амжилтыг, бусдаас онцгой тамирчин болохыг мөрөөддөг байсан.
-Тийм гэж үү. Бүр бага байхаасаа л мөрөөддөг байсан хэрэг үү?
-Тийм ээ. Намайг есөн настай байхад 14 настай эгч маань улсдаа нэгдүгээрт, дэлхийд гуравт бичигддэг тамирчин байлаа. Дэлхийгээр тойрон аялаад л. Энэ сайхан зүйлийг хараад би ч бас түүн шиг болохыг хүссэн.
-Танай гэр бүл дотор ч их өрсөлдөөн байсан хэрэг үү?
-Бид ер нь юм бүхэн дээр өрсөлддөг.
-Ингэхэд олимпын аварга болсноор бүсгүйчүүдийн хандлага өөрчлөгдсөн үү?
-Миний бодлоор хамгийн чухал зүйл бол хэн нь жинхэнэ хүн бэ, хэн нь биш вэ гэдгийг ялгаж сурах хэрэгтэй.
-Та ер нь, хэдэн удаа хайр сэтгэлтэй учирсан бэ?
-Хоёр удаа байх.
-Тэгвэл зүрхээ шархлуулж үзсэн үү?
-Үзэлгүй яахав, ахлах сургуульдаа.
-Тэгвэл зүрх шархлах, ялахыг хүссэн тэмцээн уралдаанд хожигдохын аль нь хэцүү вэ?
-Хоёулаа л хэцүү шүү дээ.
-Таны шүтдэг тамирчин хэн бэ?
-Майкл Жордан.
-Яагаад?
-Тэр бол сагсанбөмбөгийн спортыг өөрчилсөн хүн. Миний мэдэх сагсанбөмбөг гэдэг спортыг тэр хүн л бий болгож, өдий хэмжээнд хүргэсэн гэж би боддог.
-Та түүнтэй уулзаж байсан уу?
-Үгүй ээ, нэг ч удаа уулзаж байгаагүй.
-Хэрвээ уулзвал, асуухыг хүссэн асуулт байдаг уу?
-Яагаад спортод эргэн ирэхээр шийдсэн бэ, юу таныг талбайдаа эргэн гарахад хүргэсэн бэ гэдгийг л асуухыг хүсдэг. Майклын хамгийн гайхамшигтай чанар бол тэр ямар ч үед талбайдаа гардаг. Өвчтэй ч байсан, өөр ямар нэг хүндэтгэх шалтгаан байсан ч, юу ч тохиолдсон, ямар ч нөхцөл байдалд тоглох ёстой л бол заавал тоглодог, талбайд гардаг. Энэ чинь л аваргуудад байдаг шинж чанар шүү дээ.
-Та спортод амжилт үзүүлснээр, урьд байгаагүй алдар нэрд гарсан. Од байх, олны танил хүний амьдралд дасан зохицоход танд хэцүү байсан уу?
-Надад алдаа хийж явсан үе бий. Гэхдээ од байх гэдэг бас давуу талтай. Олны танил болсноор энэ спортод хүмүүсийг бага ч гэсэн татаж чадсан болов уу гэж боддог. Ер нь, сүүлийн 10 жилд  энэ спортод онцгой өөрчлөлт гарч байгаа.  Гэхдээ үүнээс ч ихийг өөрчлөх боломж бий.
-Таны спортын карьерын хамгийн хүнд үе 2009 онд Британийн хэвлэлд марихуан татаж байгаа зураг тань гарсан үе байх гэж би бодож байна. Тэр сонин хэвлэгдсэн өдөр ямар байсан бэ?
-Мэдээж, сайнгүй. Бүх зүйлээ алдчихлаа л гэж бодогдсон. Аймшигтай.
-Хүмүүс хэтэрхий сүржин хүлээж авлаа гэж та бодсон уу. Миний хувьд тэгж л санагдсан. Чи Майкл Пелпс учраас, чи Бээжингийн олимпод тийм амжилт үзүүлчихсэн учраас хүмүүс үл ялиг алдааг хэтэрхий томруулж харсан.
-Энэ хүмүүс чамайг, чиний нэр алдрыг бий болгосон учраас бас үгүй хийж ч чадна шүү дээ.
-Аваргуудаас байнга асуудаг нэг хуучны асуулт тавья. Алтан медаль авах гэдэг бүхнээс эрхэм зүйл үү?
-Тэгж хэлэхээс илүүтэйгээр энэ бол хувийн зорилго, түүндээ хүрэх гэсэн хичээл зүтгэл гэж хэлж болно.   
-Таныг спортоо орхиж, зодог тайлж байгаа гэж ярих боллоо. Гэхдээ зарим домогт тамирчин хэсэг хугацааны дараа эргээд л ирдэг. Манай Британийн олимпын аварга Стив Редгрэйв гэхэд байнга л зодог тайлж байдаг хүн. Гэвч тэр алтан медальд дурлаад эргээд л ирдэг.
-Би зодог тайлж байгаа. Эргэж ирэхгүй.
-Үнэхээр үү?
-Тийм ээ.
-Гэхдээ энэ бол тэмцээнд уралдаанд л оролцохгүй гэсэн үг байх тийм үү. Түүнээс дасгал сургуулилт хийсээр байна байх?
-Магадгүй тийм шаардлага гарах байх.
-Усанд сэлэх нь одоо ч танд сонирхолтой байдаг уу?
-Мэдээж, тийм.
-Тэгвэл зодог тайлаад юу хийхийг хүсч байна даа?
-Зодог тайлсныхаа дараа хийхийг хамгийн хүсдэг зүйл маань юу гээч. Далайн эрэгт очоод, усанд сэлэхгүйгээр зүгээр л амарч суух.  Залуусаа та нар хөгжилд, би энд үлдлээ гээд л. Усан дотор хэтэрхий их цаг хугацааг өнгөрүүллээ. Спортын карьераа эргэн харахад би хүссэн бүхэндээ хүрсэн. Хэдэн медаль авсан, хэдэн рекорд эвдсэн гэдэг нь чухал биш. Хүссэн амжилтандаа хүрч чадсан нь чухал.
-Та Америкийн залуу үеийнхэнд хэрхэн амжилтад хүрэх тухай зөндөө л яриа лекц хийж байсан байх. Ер нь, залуу үеийнхнийг өөрчлөх, амжилтад хүрэхэд юу хэрэгтэй вэ?
-Хүүхэд залуустай уулзахдаа би яаж энд хүрсэн бэ гэдгээ л ярьдаг. Миний явсан зам бол маш энгийн. Мөрөөдөл, төлөвлөгөө, тэгээд түүндээ хүрэх хөдөлмөр. Энэ гурвын ачаар өнөөдрийн Пелпс бий болсон. Би жирийн л нэг хүн шүү дээ. Миний амьдрал төгс биш.
-Та түүхэнд яаж дурсагдахыг хүсдэг вэ?
-Урьд хожид хэний ч хийгээгүй зүйлийг хийсэн гэгдэж, энэ спортыг өөрчилсөн гэж дуурсагдахыг хүсч байгаа.  
-Эцэст нь, америк хүн байх, дэлхийн тавцанд Америкийг төлөөлөх ямар байдаг вэ?
-Америк хүн байна гэдэг энэ дэлхийн хамгийн агуу зүйлийн нэг. Энэ оронд төрсний ачаар боломжоор дүүрэн орчинд би өсч хүн боллоо. Туулж ирсэн карьерынхаа туршид олон арван улс оронд очиж, улсаа төлөөлж тэмцээн уралдаанд оролцохдоо хамаг хүч чадлаа дайчилж ирсэн. Энэ одод гялалзсан далбааг авч явах, эх орондоо биднийг дэмжээд үлдсэн хүмүүсийнхээ итгэлийг дааж явах, медалийн тавцанд төрийн дууллаа сонсох гэдэг хамгийн гайхамшигтай мэдрэмж.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан