Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД УРТАССАН АМРАЛТАА ИНГЭЖ Л ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА


Боловсрол, шинжлэх ухааныг сайд Л.Гантөмөр өнгөрсөн сард сурагчдыг ахуйн осол, эндэгдэл, өвчлөлөөс хамгаалах, тэдний эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор өвлийн амралтын хугацааг сунгасан шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу сурагчдыг амралтаа зөв боловсон өнгөрүүлэх үүднээс БШУЯ-наас “Боловсрол суваг телевиз”, “Монгол масс медиа” групптэй гэрээ байгуулсан. Сурагчдыг гэртээ ая тухтай амрах, тасралтгүй сурч хөгжих үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор энэ сарын 7-ны өдрөөс эхлэн бага ангийн хүүхдэд зориулан кино, хөгжөөнт, цэнгээнт, шинжлэх ухаан танин мэдэхүйн нэвтрүүлэг, 14-ний өдрөөс эхлэн дунд, ахлах ангийн хүүхдэд зориулсан теле-хичээлийг Боловсрол суваг, Eagle TV, Dream TV, Movie box-ийн сүлжээ суваг, телевизүүдээр өдрийн цагт дамжуулахаар болсон юм. Ингэснээрээ хүүхдүүд амралтаараа гэртээ байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзсэн ч теле-хичээлийг үзэх хүүхдүүд бараг алга. Удахгүй Цагаан сар болох гэж буй болохоор хаа сайгүй л мөнгөний хэрэгцээ их. Баяр ёслолыг дөхүүлэн “Нарантуул” худалдааны төв дээр нэмэлт лангуу түрээсэлдэг. Эдгээр нэмэлт лангууны дийлэнхид нь дунд сургуулийн ахлах ангийн сурагчид ажиллаж байна. Уг нь сайд хүйтний эрч чангарсан учраас тэдний амралтыг уртасгасан.
Гэтэл гэр хорооллын сургуулийн сурагчид энэ боломжийг ашиглан эцэг эхийнхээ Цагаан сарын хэрэгцээнд жаахан ч болов өөрийн  хувиа нэмэрлэх гэж өдрийг гадаа өнгөрүүлж буй нь энэ. Ингээд “Нарантуул” худалдааны төвийн нэмэлт лангуун дээр цар зарж буй сурагчтай цөөн хором ярилцлаа.


Э.АМАРМЭНД: Ээжийг орлох хүн надаас өөр байхгүй

/БЗД-ийн “Баянзүрх” цогцол­бор сургуулийн 10 дугаар ангийн сурагч/

-Хэзээнээс зах дээр лангуу түрээслэж байна?
-Удаагүй ээ. Ээж маань нэмэлт лангуунаас саяхан түрээслээд зогсч байгаад бие нь өвдөөд, оронд нь би зогсч байна. Хичээл амарсанаас хойш л ажиллаж байна даа.
-Уг нь хүйтний эрч чангарсан болохоор өвлийн амралтыг уртасгах шийдвэр гаргасан шүү дээ. Хүүхдүүдийг хүйтэнд хичээлд нь явуулахгүй гэж...?
-Гэхдээ хичээл амарсан цагаас хойш гайгүй дулаарч байгаа. Дулаан хувцас өмсөөд зогсдог болохоор би ч нэг их даардаггүй л дээ. Ээж, гурван дүүтэйгээ амьдардаг учраас ээжийг орлох хүн надаас өөр байхгүй. Цагаан сар ч дөхөж байна.
Гэрийнхэндээ өөрийнхөө чадлын хэрээр туслах гээд хөдөлмөрлөж яваа нэг нь байхад уртассан амралтаараа хийх зүйлээ олж ядахдаа компьютер тоглоомын газар хонож тоглох нь ч байна.

Ингээд Монгол гуравдугаар сургуулийн араар байрлах хэд хэдэн компьютер тоглоомын газраар орлоо. Бүгд л үйлчлүүлэгчээр дүүрэн. “Батаа чи ардахаа хардаггүй юм уу”, “Ёо ...., чи одоо наадахаа .....” гэх мэт хэр баргийн хүний амнаас унахааргүй үгсийг дунд ангийн бололтой сурагчид хайр найргүй урсгаж сууна. Тэнд 30 минут саатангаа долдугаар ангид сурдаг гэх хүүгээс хэдэн зүйл тодруулав. Тэрээр “Энэ PC-тоглоомын газар“   хамгийн дээд тал нь хоёр хоносон хүүхэд байгаа. Эзэн харьяаныхаа цагдаад өдөр бүр 20 мянган төгрөг төлж PC ажилуулдаг. Шөнийн цагаар хаалгаа түгжээд, хөшгөө хаачихад л хэдэн ч хүүхэд шөнөжин тоглож хонож болдог. Өвлийн амралт эхэлснээс хойш энд орой бүр доод тал нь 5-6 хүүхэд тоглож хонодог” гэв. Эдгээр зүйлийг хүү хам хум хэлээд тоглоомондоо орлоо. “Сонины сурвалжлагч юм бол та зураг авчихав аа. Гуйхаар чинь л хэлж өглөө шүү” гэж хэлэхээ ч мартсангүй.

Энэ талаар БШУЯ-ны мэргэжилтэнээс тодруулахад “РС-тоглоомын газруудыг хязгаарлах, интернэтэд хязгаартай ордог болох хуулийн төсөлийг манай яамнаас боловсруулаад бэлэн болж байна. Удахгүй өргөн барина” гэлээ.
Бас хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй, уйдаахгүй байх зорилгоор БШУЯ-наас олон телевизтэй хийсэн гэрээ ч талаар болж, үр ашгаа өгөхгүй байгаа бололтой. Дунд болон ахлах ангийн хэд хэдэн хүүхдээс энэ талаар санал асуулга явуулахад “Амрахаас өмнө багш теле-хичээлийг үзээрэй гэсэн ч заримдаа мартаад цагийг нь өнгөрөөчих юм. Эсвэл өөр юм үзэж байтал хичээл гарах цаг өнгөрчихдөг”, “Мэдэхгүй ээ, хэдэн цагаас гарах хуваарийг нь сайн мэдэхгүй байна”, “Багшийн өгсөн амралтын даалгавраа л хийчихвэл тэр хичээлийг үзэх шаардлагагүй гэсэн шүү дээ”, “Зааж байгаа багш нь таалагдаагүй болохоор үзэхээ больчихсон” гэх мэт хариулт хэллээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн зарим сурагчид өвлийн амралтаа иймэрхүү маягаар л өнгөрүүлж байна. Гэхдээ бас урт амралтаа үр дүнтэй өнгөрүүлж, боловсролдоо анхаарч буй хүүхдүүд ч бий. Ер нь тэгээд хүйтний эрч харьцангуй эрт суларчихна гэж хэн мэдэх вэ дээ. Сайд ямар цаг уурч биш, гэхдээ уртассан амралт ч талдаа ороод л байна даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан