Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГОЛДИ Хоун: Эр хүнд эрх чөлөөтэй өдрүүд байх ёстой


Муур эрхлүүлж, хөл гараа илүүлж таалуулахаас өөр ид шидгүй баян эмэгтэй өөрийн усан онгоцоор зугаалж яваад далайд унаад сэрэхдээ олон хүүхэдтэй тарчигхан эрийн эхнэр болчихдог. Өглөөнөөс орой хүртэл үргэлжлэх гэрийн их ажил, орилоо баахан хүүхэд асрах гээд өмнө нь хэзээ ч зүүдэлж байгаагүй тийм л амьдралд орчихдог дээрэнгүй бүсгүйн тухай өгүүлдэг “Усан онгоц дээр” киног та  санаж байна уу. Холливудын алдарт жүжигчин Голди Хоун, Курт Рассел нарын тоглосон инээдмийн энэхүү кино өнөөг хүртэл сэтгэл эзэмдсэн хэвээр...
“Би өглөө сэрэх бүртээ дуртай цагтаа хэдэн хувцсаа хамж цүнхлээд энэ гэрээс явж болно гэдгээ мэддэг. Миний торны хаалга үргэлж нээлттэй байдаг учраас тэр. Гэвч би хэзээ ч нисэхийг хүсдэггүй” хэмээн нэгэн удаа Голди Хоун ярьсан байдаг. Өдгөө 66 насны босго давж байгаа ч энэ эмэгтэй дур булаам сайхан хэвээр.
Тэр бол Холливудын үлгэр жишээ эхнэрийн нэг. 40 жилийн өмнө Голди Куртыг анх харж, түүнтэй зургийн талбайд хамт гарч байсан ч насны хань гэж таниагүй гэдэг. Тэдний хайр 28 жилийн өмнө “Ээлж солигдсон нь” киноны үеэр л цэцэглэж.
Курт дөрвөн жил хамт амьдарсан Сизон Хаблигаас дөнгөж салаад байсан бол Голди ганц бие байлаа. Гэхдээ тэр  хоёр ч удаа гэрлэсэн, хоёр хүүхэдтэй мөн “Оскар”-ыг өөрийн болгочихсон эмэгтэй байв. Голди анх  кино найруулагч Гус Триконистой гэрлэж, долоон жил амьдраад 75 мянган доллар төлж салахдаа ахиад хэзээ ч гэрлэхгүй гэдэг ам тангараг өөртөө өгсөн ч удалгүй хоёр хүүхдийнхээ эцэг Билл Хадсонд бөгжлүүлжээ. Тэр дөрвөн жил амьдарч, Оливер Кейт нарын эцэг эх болсон ч өнөөдөр тэд зөвхөн Куртыг өөрсдийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Сэтгүүлчид Голди Курт хоёрыг маш олон удаа гэрлүүлж бас салгаж байсан ч тэдний хувьд өнөөдрийг хүртэл сүй тавьснаа ч зарлаагүй. Учир нь тэдний харилцаа үргэлж шинээрээ байдаг гэнэ.  Хамгийн сонирхолтой нь тэд хайраа яаж ингэж шинээр нь хадгалж чаддаг юм бол оо?
Хайр гэдэг яг дуучин шувуу шиг эрх чөлөө хүсдэг зүйл. Өөрсдийн харилцаагаа хадгалж чаддаг байхад хүүхэд чухал. Мөн итгэл гэдэг зүйлийг үргэлж бие биедээ олгож байх ёстой гэж тэд үздэг. Голдигийн хоёр хүүхдээс гадна Куртэд эхний гэрлэлтээс нь Уайт нэртэй хүү бий. Хүүгээ мэргэжлийн хоккейчин болохыг хүсэхэд Куртынхэн шууд Лос-Анджелосоос Ванкуверийн зорьж байсан гэдэг. Мэдээж Курт шиг эрийн сэтгэлийн эзэн байна гэдэг нэг талаар жаргал ч нөгөө талаар золиос шаардах зүйл мэт. Тэр бол дэлхийг гийгүүлдэг нар шиг сайхан сэтгэлтэй, цэвэр ариун тийм л эр.  Голди өнөөг хүртэл хадгалж чадсан харилцааныхаа нууцыг тайлбарлахдаа “Бие биедээ цаг гаргах хэрэгтэй. Түүнтэй тогло.Энхрийл. Хамгийн гол нь бүсгүй та өөрөө үргэлж тачаангуй бай” гэв.

“Секс өнгөрсөн үед л үлдчихвэл та хоёр найзууд болох эсвэл салах гэсэн сонголттой л боллоо гэсэн үг. Секс бол хайрын хувьд гал асаах очлуур гэсэн үг.  Түүнд чинь залуу насаа хадгалах ид шид байдаг юм.  Курт үргэлж намайг өдөөж байдаг тэр хүч. Залуу сайхан харагдахын нууц бол секс гэдгийг би 100 хувь батална. Гэхдээ эр хүнд эрх чөлөөтэй өдрүүд байх ёстой. Та ч гэсэн үргэлж түүний тухай хов сонсоход бэлэн байх хэрэгтэй гээд “Миний амьдралд ч Куртыг алчихмаар үе байдаг. Гэхдээ азаар тун цөөхөн шүү” хэмээн илэн далангүй өгүүлжээ.
Голди нас ахисан хойноо буддыг шүтэх болжээ. Жил бүр заавал Энэтхэгт очиж, бясалгал хийж бас биеэ эмчлүүлдэг. Тэр өөрийгөө аз жаргалтай эмэгтэй гэдэг. Тэр өөрийнхөө намтар номонд “ Бохироос ургасан Лянхуа” гэсэн нэр өгч өмнөх үгэндээ “ Би амьдралаас хүссэн ганцхан зүйл бол аз жаргалтай байх. Миний мөрөөдөл биелсэн шүү” гэжээ.

0 Сэтгэгдэл
unen lag hosuud bnaa
Хамгийн их уншсан