Хямралын үед ч тогтвортой байдаг бизнес эрхлэх юмсан гэж та бодож байсан уу. Тэгвэл хиймэл цэцгийн бизнес эрхлээд үз гэж зөвлөвөл та үнэхээр гайхаж хүлээж авах нь дамжиггүй. Хятадын хамгийн баян хүн Ли Ка Шин тэгвэл ийм л бизнесийн түүхтэй нэгэн.
Өдгөө 81 настай Хонгконгийн тэрбумтан “Forbes”-ийн жагсаалтын 16-д жагсагч 16,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ли Ка Шин үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, эрчим хүч, шуудан холбоо, хөрөнгө оруулалт гээд гар дүрээгүй салбар тун цөөхөн. Гэвч Ка Шиний энэ их хөрөнгө өвлөгдсөн бас олсон юм биш. Түүнийг “Хогноос ургасан хаан” гэдэг.
Суралцмаар түүх
Хятадын хувьсгалын үймээнээс зугатсан Ли Ка Шиний гэр бүл 1940 онд Хонконгод нүүж иржээ. Түүнийг угтсан садангийн ах нь өндөр төвшний эрхэм байсан гэдэг. “Түүний байгаа байдал эдэлж хэрэглэж байгаа зүйл нь надад хамгийн түрүүнд өөрийнхөө хүчээр амжилтад хүрч, бусдаас хараат биш байхсан гэсэн их итгэл урам өгсөн” хэмээн тэрээр өөрийнхөө тухай өгүүлэхдээ заавал ахыгаа онцлон хэлдэг. Хэдийгээр тэр өндөр зэрэглэлийн ихэмсэг нэгэн байсан ч өөрийнхөө охинтой Ли Ка Шинийг гэрлэхийг зөвшөөрсөн аж.
Лиг 15 настай байхад эцэг нь нас барсан учраас түүний нуруун дээр гэр бүлээ тэжээх их ачаа иржээ. Ли сургуулиа орхиж, пластик эдлэл хийдэг үйлдвэрт цагны оосор борлуулагчаар ажилд оржээ.
Тэр долоон жилийн турш энэ үйлдвэрт ажиллахдаа өөрийнхөө жижигхэн бизнесийг эхлүүлэх жаахан мөнгө, бас багагүй туршлага хуримтлуулж чадав. 1950 онд хиймэл цэцгийн жижигхэн үйлдвэрлэл эрхэлдэг боллоо. Залуу эрд бизнесээ цэцэглүүлэхэд нэгэн америк багш эр тусалсан гэдэг. Америк багш Лигийн цэцгийн үйлдвэрт маш их хэмжээний захиалга өгсөн байна. Гэвч ажил аль хэдийнэ эхэлчихээд байхад америк багш захиалгаа цуцлахаас өөр аргагүй болсон талаар дуулгасан аж. Ли хариуд зүгээр л “за” гэжээ. Гайхсан америк эр таны хохирлыг барагдуулж бага хэмжээний ч гэсэн мөнгө төлөх хэрэгтэй байх гэхэд Ли ахиад л тун тайвнаар “ Хэрэггүй дээ” хэмээн хариулсан байна. Ингээд удалгүй энэ явдлаа ч мартаж. Гэтэл нэгэн америкийн бизнесмэн эр маш их хэмжээний захиалга өгчээ. “Лигийн цэцгийн үйлдвэрт дээр үед захиалга өгөөд цуцалсан америк багш залуу түүнд энэ газарт захиалга өгөөрэй” хэмээн аминчлан захисан тухай ярьжээ. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр “ Бизнес хийж байгаа л бол алдахаас айх хэрэггүй. Өнөөдөр алдсан зүйл чинь маргааш их хэмжээний орлого авчирдаг юм шүү” гэдгийг л би сайн ойлгосон гэжээ.
Бизнес хийж л байгаа бол алдахаас айх хэрэггүй
Хиймэл цэцгээс олсон ашгаараа Ли эхлээд үл хөдлөх хөрөнгө л худалдан авдаг байж. 1967 онд Хонконгод ажил хаялт, ажилгүйдэл газар авч, Хятадын соёлын довтолгооноос үүдсэн үй түмэн эмх замбараагүй байдлаас үүдэн хүмүүс олноороо тус улсыг орхин зугатаж байсан бол Ли хямдхан үл хөдлөх хөрөнгөнд бүх л мөнгөө зарцуулж байжээ. Газар үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан энэ үед хийсэн Лигийн алхам бизнесийнх нь амжилтын хамгийн зөв нь байв. Ли “энэхүү эмх замбараагүй байдал ямар ч байсан зогсоно. Тиймээс өнөөдөр худалдаж авсан бүхэн нь маргааш жинхэнэ эрдэнэ болно” гэдэгт бүрэн итгэлтэй байв.
Зөв үед хийсэн зөв алхам цэцгийн жижигхэн үйлдвэрийг агуу том холдинг болгож орхив. Лигийн “Cheung Kong” удалгүй “Hutchison Whampoa”-ийн ихэнх хувьцааг худалдан авч, дэлхийн 42 оронд өөрсдийн гүрэнг бий болгож чадлаа.
Тэрээр надад амжилт алдар нэр мөнгийг амьдралдаа мөрдсөн “ Бизнес хийж л байгаа бол алдахаас айх хэрэггүй. Өнөөдөр алдсан чинь маргааш их хэмжээний орлого авчирдаг юм шүү” гэсэн дүрэм маань л авчирч өгсөн юм гэв.