“Америкийн шүтээн”, “Авьяаслаг британичууд”, "X Factor" шоу нэвтрүүлгээр дэлхий дахинаа танил болсон хөгжмийн продюсер Саймон Ковелл анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Саймон Ковелл өмнө нь ингэж сэтгэлээ уудлан, яриа дэлгэж байсан удаагүй юм. Түүний “Дэйли Мэйл” сонинд өгсөн ярилцлагыг хүргэе.
-Таныг юу хамгийн ихээр бухимдуулдаг вэ?
-Бохир заваан байдлыг тэвчиж чаддаггүй. Аливаа юмс цэвэр цэмцгэр, сайхан харагдаж байхад би дуртай. Эргэн тойронд хог новш хөглөрөөд байхад ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй учраас бүгдийг цэвэр, эмх цэгцтэй байлгадаг.
-Таны Беверли Хиллст худалдаж авсан 15 сая ам.долларын үнэтэй харш цэвэр цэмцгэрээрээ гайхагддаг юм билээ.
-Манай гэрт зочилсон нэг сэтгүүлч “Саймоных үнэхээр цэвэрхэн. Шал нь нүүр харагдтал гялалздаг” гэж бичсэн байсан.
-Бүгдийг ийм эмх цэгцтэй байлгахад тань хэн туслаж байна?
-Манай арын албаныхан. Үйлчлэгч, тогооч, хоёр цэвэрлэгч, бас хоёр польш охин.
-Танай гэрт хар цагаан гэсэн хоёрхон өнгө л хосолдог юм байна. Бас дорнын сийлбэрүүд. Та гэрээ Фэнг-Шүйгийн зөвлөгөөгөөр тохижуулаа юу?
-Бурхан минь, үгүй дээ. Миний мэдэх хүмүүсийн ихэнх нь л ийм утгагүй зүйлд итгэдэг нь гайхмаар шүү. Женнифер Лопезын гэрийн дотоод заслыг хийсэн дизайнер Жениффер Поуст манайхыг тохижуулсан юм.
-Таны сэтгэлийг юу хамгийн ихээр баясгадаг бол?
-Би инээж хөгжих дуртай. Уйтгарлахыг үзэн яддаг. Би өглөө усанд орохдоо хүүхэлдэйн кино үздэг зуршилтай. Гэхдээ нэлээд дээр үеийнхийг. Хүүхэлдэйн кино үзэхээр л чанга чанга инээгээд, сэтгэл сайхан болдог юм.
-Нээрээ юу. Тэгвэл ямар хүүхэлдэйн кино үзэх дуртай вэ ?
-Мэдээ үзэж болно л доо. Гэхдээ тэр чинь уйтгартай шүү дээ. Тэрний оронд “Цахиур чулууныхан”-ыг үзсэн нь хавьгүй дээр. Ялангуяа 60-аад онд хийсэн нь орчин үеийнхээсээ илүү сайхан. Хүмүүст хачин сонстож магадгүй л юм. Гэхдээ хүүхэд нас санагдаад сайхан байдаг.
-Таныг хэцүү ааштай хүн гэдгийг бүгд мэднэ. Та яагаад тэгж аашилдаг юм бэ?
-Хэрвээ би сэтгэл зүйч дээр очвол нэлээд удаан хугацаанд эмчилгээ хийлгэх байх шүү. Надад засвал зохих муу зан чанар нэлээд бий гэж би боддог. Заримдаа би ямар ч шалтгаангүйгээр муухай аашилчихаад байдаг юм. Ер нь, би нийтэч хүн биш ээ. Олон янзын хүнтэй харилцах уур хүрмээр, ядаргаатай байдаг.
-Таныг манай дэлхийн хамгийн догь залуусын нэг гэж тооцдог шүү дээ. Гэтэл та ингэж ярьж байдаг. Магадгүй хүмүүстэй харилцах дургүй болохоороо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгад татгалзсан хэрэг үү?
-Барак Обама намайг зоогонд урьсан ч миний зөв чөлөөтэй цаг түүнийхтэй таарахгүй байсан учир татгалзахаас өөр аргагүй байсан юм.
-Гэхдээ л та АНУ-ын Ерөнхийлөгчид зориулаад цаг зав гаргаж болохгүй байсан гэж үү?
-Хамгийн сүүлд өдрийн тэмдэглэлээ хараад сэтгэлээр их л унаж билээ. Миний тэмдэглэл дээр ойрын 18 сарын хугацаан дахь бүх өдөр, бүх цагтайгаа төлөвлөгдсөн байсан. Ямар хотод, хэдэн цагт хэнтэй уулзаж, юу хийх, бараг л юу идэх нь хүртэл тэнд бичээстэй байгаа. Заримдаа энэ бүхнийг харахад хэзээ ч тэр цагийн хувиараас гарч чадахгүй юм шиг санагдаад бачуурах үе ч бий. Тиймээс ирэх хоёр сарын ажлыг толгойноосоо арчаад хаяхсан гэж хааяа хүснэ. Гэхдээ би бусдын өмнө хариуцлага хүлээсэн хүн. Тийм учраас л ганц ч өдрийн ажлаа алдаж үзээгүй.
-Та хэзээ ч сэтгэлээр унаж, гутардаггүй хүн шиг санагддаг?
-Би уйлж дуулдаг эр биш. Хамгийн сүүлд 10 жилийн өмнө хайртай аав минь нас барахад уйлсан юм байна. Тэр зүрхний шигдээсээр хорвоог орхиж байхад би “Westlife” хамтлагтай цомгийн баяр тэмдэглэж байсан.
-Саймоны хүсэл юу вэ?
-Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг шиг хэзээ ч үхдэггүй тийм ертөнцөд амьдрах. Гэхдээ үнэхээр тийм амьдрал байдаг бол бодит байдлаас ч илүү дор байх биз.
-“Саймоны инээмсэглэл Персилээс ч цагаан” гэсэн хошигнол байдаг.
-/Инээв/ Шүдээ ингэж цайруулахын тулд хэчнээн жил хичээснийг минь мэдэж байна уу.
-Та одоо ганц бие амьдарч байна. Найман жил хамт амьдарсан найз бүсгүйгээсээ салаад ганцаар байхад амаргүй л байгаа биз дээ?
-Терри бид хоёр салахад сэтгэл их өвдсөн. Бид маш дотно хүмүүс байсан.
-Тэгээд яагаад хоёр тийш болсон юм бэ?
-Бид байшингаа сайхан янзлаад, засвар хийсний дараа тэр хүүхэдтэй болохыг хүссэн. Бурхан минь, үгүй шүү. Би хэзээ ч хүүхэдтэй байж чадахгүй. Хүүхдүүд ханан дээр юм эрээчээд эхэлбэл, миний муухай ааш хөдөлнө. Хүүхэд гэдэг хэзээ ч зугтаж болохгүй том хариуцлага. Хүүхэдтэй болохын тулд цаг завтай байх хэрэгтэй.
-Та хоёр салсан ч гэсэн сайхан харилцаатай байдаг. Та түүнд Холливуд дахь 2.5 сая ам.долларын байшингаа үлдээсэн гэл үү?
-Би түүнд багахан тус хүргэснээс цаашгүй. Саяхан нэг солиотой этгээд түүн рүү халдах гэж оролдсон. Тиймээс одоо миний бие хамгаалагч түүнтэй хамт байгаа. Гэхдээ бидний хооронд бүх зүйл дууссан.
-Та ганцаардахгүй байна уу?
-Хэрвээ би ганцаардаж байгаа бол би өөрөө л үүнийг хүссэн хэрэг. Хааяа хүмүүс надад “Яагаад” гэсэн асуулт маш их тавьдаг. Яагаад над руу ярьсангүй вэ, яагаад утсаар залгасангүй вэ гээд л. Харин тэр үед нь би өөрөө өөртөө цаг гаргаад, ганцаархнаа байдаг юм.
-Тань шиг продюсер хүн алдартай жүжигчин юм уу дуучин бүсгүйтэй хамт амьдрах нь түгээмэл. Харин та яагаад нэр алдартай эмэгтэйчүүдээс зугтаад байдаг юм?
-Одоогийн Холливудын одод дунд надад таалагдах эмэгтэй байхгүй. Надад дээр үеийн Холливудын одод л таалагддаг. Натали Вүүд, Брижит Бардо гээд. Гэхдээ манай гэрийн хананд эмэгтэй жүжигчид биш Фрэнк Синатра, Марлон Брандо гэсэн эрчүүдийн хар цагаан зураг л өлгөөстэй байдаг.
-Та нэлээд хуучинсаг хүн үү. Дандаа л эрт үеийн зүйлст дуртай гэх юм?
-Миний багадаа амьдардаг байсан байрын хажууд “MGM” кино студи байдаг байлаа. Тэнд Элизабет Тэйлор, Ричард Бартон, Грегорий Пек гээд жинхэнэ кино одод ирдэг байв. Би тэднийг нууцаар харах гэж их догдолдог сон. Би тэдний үеийнх шиг амьдралд сэтгэл их татагддаг.