Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лэнс Армстронг: Хамгийн аймшигтай нь, допинг хэрэглэх нь буруу гэж огт бодож байсангүй

Эцэст нь, тэр үнэнээ өчлөө. Хорт хавдраа ялан дийлж, их спортод эргэн ирснийхээ дараа Тур Де Францын долоон удаагийн түрүүг авсан Лэнс Армстронгийг өнөө үеийн хамгийн агуу тамирчдын нэг, амьд домог хэмээн саяхныг хүртэл олон нийт шүтэн биширч явсан. Гэвч тэр үнэнээ хэллээ. Тэр бүх ялалт, амжилтууд жирийн хүнээс гарсан тэсвэр тэвчээр, хүч чадал биш, харин ердөө л уран нарийн аргаар гүйцэлдүүлж, олон жил нууж нууцалж чадсан сэргээшийн хүч гэдгийг.
Тэрээр энэ бүх үнэнээ ярилцлагын хатан хаан гэгддэг Опра Уинфригийн өмнө өчсөн юм. Лэнс Армстронгийн үнэнээ хэлэх мөчийг дэлхий даяар хүлээж байжээ. Очигдөр орой тэдний ярилцлага цацагдахтай зэрэгцэн “New York Times”-аас эхлээд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Опрагийн “OWN” телевизийг үзээд мэдээлэл дамжуулж, Л.Армстронгийн хэлсэн үгийг нь олон нийтэд түүвэрлэн хүргэж байснаас харагдана.
Л.Армстронг Опратай ярилцах хүртлээ допинг хэрэглэж явснаа огтхон ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм. Түүний сэргээш хэрэглэснийг АНУ-ын Допингийн эсрэг агентлаг хөдөлшгүй баримтаар нотолж, багийн гишүүд нь гэрчээр мэдүүлж, долоон удаагийн аваргын түрүүг нь хүчингүй болгосон ч тэр допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөхгүй л байсан.  Энэ явдлаас хойш нэр хүнд нь навс унаж, олон ч байгууллагатай хийгээд байсан реклам сурталчилгааны гэрээ нь цуцлагдсан ч Лэнс Армстронг хэвлэлийн өмнө ам чанга байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Нэг хэсэг нам гүм байсан тэрээр сүүлийн хэдэн өдөр хөдөлгөөнд орж эхэлсэн нь нэр төрөө сэргээж, шүтэн бишрэгчдийнхээ алдарсан итгэлийг эргүүлэн олж авах тэмцлийн эхлэл гэж хэвлэлүүд үзэж байгаа юм. Мэдээж, үүний хамгийн шилдэг гараа нь Опратай ярилцах байлаа.   Опра түүнд нийтдээ 112 асуулт зэхсэн байснаас хэрэгтэй бүх асуултдаа тодорхой хэмжээний хариулт авч чадсан хэмээн мэдэгдсэн байна. Ярилцлагын үеэр Лэнс Армстронг ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй бөгөөд допинг хэрэглэж байх үедээ өөрийгөө огтхон ч буруу зүйл хийж байна гэж боддоггүй байсан тухайгаа хэлсэн тэр үе үзэгчдийг шоконд оруулах оргил мөч байсан гэж ажиглагчид хэлж байна. Ингээд Опрагийн Лэнс Армстронгтой хийсэн ярилцлагаас хамгийн сонирхолтой хэсгийг түүвэрлэн хүргэж байна. Опра ярилцлагаа “Тийм, үгүй” гэж хариулах сонголттой ийм гурван асуултаар шуудхан эхлүүлжээ.

-Та дугуйн спортод хориглосон хүч нэмэх бүтээгдэхүүн хэрэглэж байсан уу?
-Тийм ээ.
- Эритропоэтин /цусны сэргээш гэгддэг булчингийн үйл ажиллагаа идэвхжүүлдэг, дугуйчдын дунд нэлээд хэрэглэдэг допингийн төрөл / бас хэрэглэж байсан уу?
-Тийм ээ.
Үүнээс өөр сэргээшийн төрлийн, хориотой бүтээгдэхүүн хэрэглэж байсан уу?
-Тийм.
-Сэргээш хэрэглэхгүйгээр ялах боломж байхгүй юу?
-Энэ үед лав байхгүй. Гэхдээ сэргээш хэрэглэдэг явдлыг би эхлүүлсэн юм биш, бас энэ бүхнийг зогсоохыг ч оролдоогүй. Би энд хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байна. Би энд өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх гэж ирсэн. Хүн бүхэн сэргээш хэрэглэдэг гэж хэлж чадахгүй ч ийм зүйл байсаар ирсэн.
-Гэхдээ та үүнийг үргэлж няцаасаар ирсэн шүү дээ. Яагаад одоо гэж?
-Тийм ээ, энэ маш сайн асуулт байна. Гэхдээ би үүнд тохирох сайн хариултыг мэдэхгүй юм. Магадгүй ихэнх хүний хувьд энэ хожимдсон гэмшил байх. Энэ миний буруу. Болсон бүх явдлыг би юу гэж харж байна вэ гэхээр би нэг том худлаа хэлээд түүнийгээ ахин дахин давтаад л явсан. Энэ бүхнийг туулаад гарсны хувьд би үнэнийг мэдэж байгаа. Гэвч миний хэлээд байгаа үнэн аль хэдийнэ утга учраа алдсан.
-Та баригдахаас айж байсан уу?
-Үгүй. Учир нь, шинжилгээгээр илрүүлж чадахааргүй байсан юм. Яагаад гэвэл тэр үед зөвхөн уралдааны үед шинжилгээ аваад бусад үед нь шалгана гэж байхгүй. Тэмцээнээс гадуур бол гэрт чинь ирээд шалгаад байна гэж байхгүй. Тэмцээний үеэр цэвэрхэн байхад л тэд чамайг барьж чадахгүй.  
-Гэхдээ та 2001 онд Швейцарийн уралдаанд сэргээшийн шинжилгээнд унаж байсан шүү дээ?
-Энэ худлаа. Шинжилгээний дүн тэгж гараагүй. Шинжилгээний дүнг өөрчлөхийн тулд би мөнгө ч төлөөгүй. Хүмүүс намайг Олон улсын дугуйн холбоонд мөнгө өгөөд, шуугианыг дарсан гэдэг. Гэхдээ энэ худлаа. Би энэ холбоог дэмждэггүй. Миний допингийн шинжилгээ хэзээ ч эерэг гарч байгаагүй.
-Гэхдээ та энэ холбоонд мөнгө хандивласан биз дээ?
-Тэд мөнгө хандивлаач гэж хүссэн учраас л би өгсөн юм. Гэхдээ өөрийнхөө асуудлыг хав даруулах гэж биш.
-Ер нь, та допингийн талаар юу гэж боддог вэ?
-Миний бодлоор сэргээш бол маш энгийн зүйл. Дугуй унахад шаардлагатай хүчилтөрөгчийг нийлүүлдэг эм бэлдмэл байдаг. Миний уудаг байсан коктейль эритропоэтинтэй байсан. Гэхдээ их хэмжээгээр биш.
-Тухайн үед та өөрийгөө буруу зүйл хийж байна даа гэж бодож байгаагүй юу?
-Аймшигтай нь, үгүй.
-Энэ тухайд огтхон ч эвгүй сэтгэгдэл төрж байгаагүй гэж үү?
-Бүр аймшигтай нь, үгүй.
-Та бусдыг хуурч байна гэж ердөө ч эмзэглээгүй хэрэг үү?
-Хамгийн аймшигтай нь, үгүй.
-Хэзээ нэгэн цагт ийм өдөр ирнэ гэж бодож байсан уу?
-Энэ бүх түүх үргэлжлээд л байна гэж бодож байсан. Холбооны шүүхээр гэхэд хоёр жил шалгасан шүү дээ.
-Тэд танд үүсгэсэн хэргээ хаахад та “ялчихлаа” гэж бодсон уу?
-Би ч уснаас хуурай гарчихлаа л гэж бодсон.  
-Та багийнхаа тамирчдыг сэргээшийн программд нэгдсэнгүй гэж халж чадах уу?
-Үгүй.
-Одоо та ирээдүйдээ юу хийе гэж бодож байна?
-Би үлдсэн амьдралаа хүмүүсийн итгэлийг эргүүлэн олж авах, тэднээс уучлал эрэхэд зориулах болно. Үлдсэн амьдралынхаа турш.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан