Т.Жанцан
Олон улсын “Дакар ралли”-н 34 дэх удаагийн уралдаан энэ сарын 20-нд дуусна. Энэ нь Өмнөд Америкийн Перу-Аргентин-Чили улсын нутгаар дамжин уралдах юм. Уг уралдаанд манай Д.Болдбаатар, Н.Лхамаа нар оролцож байгаа. Харамсалтай нь Д.Болдбаатарын мотоцикль эвдэрч цаашид уралдах боломжгүй болсон. “Дакар ралли”-н тамирчид Аргентиний Салта мужийн Качи тосгоноор дайран өнгөрчээ. Энэ үеэр Б.Батпүрэв хэмээх сэтгүүлч залуу Н.Лхамаатай очиж уулзсан байна. Тэрээр Салта хотын захиргааны хэвлэлийн албанд ажиллаж байгаа юм. Б.Батпүрэв тус улсын Салта мужын төв Салта хотод эхнэр хүүхдийн хамт таван жил гаруй амьдарч буй юм. Эхнэрийг нь Моника гэдэг бөгөөд Аргентин бүсгүй. Хүү Б.Сиддарта нь дөрвөн настай аж. Ингээд түүнтэй мессенжерээр ярилцсанаа хүргэж байна.
-Нутгийн тамирчидтайгаа тэгээд хэдийд очиж уулзав?
-“Дакар ралли”-д Монгол тамирчид оролцож байгаа гэсэн мэдээлэлтэй байсан. Тэгээд тэдэнтэй очиж уулзах гэж тэсч ядан хүлээсэн дээ. Миний амьдардаг хотоос180 км зайд байдаг тосгоноор дайран өнгөрсөн юм. Качи тосгонд очих гэж уулын замаар явж 2000 метр өндөр даваагаар давсан л даа. Эхнэр хүү хоёр маань тэр өндөрт гараад дотор нь жаахан эвгүйрэхсэн. Гэвч нутгийн хүнтэй уулзах гэж яарч буй надад сайхан байсан. Монгол хүнтэй уулзаж ярилцалгүй таван жил болжээ. Тэгээд сэтгэл хөдлөөд уйлчих гээд үгээр хэлэх аргагүй сайхан байлаа.
-Манай хоёр тамирчин хоол унд, цаг агаарт нь хэр зохицож байгаа гэнэ?
-Хоол унд нь дажгүй сайн гэсэн. Аргентин, Чили гээд өмнөд амеркийн тамирчид хоол унд, цаг агаар нь тохирсон, замаа сайн мэддэг болохоор амжилттай уралдаж байгаа. Бусад орны тамирчидын хувьд уралдааны зам нь хэт өндөрт гарах, доош буух үед цусны даралт нь хөдөлж эвгүйрхэх тохиолдол гарсан гэсэн. Гэхдээ манай хоёр тамирчин дажгүй байсан гэсэн. Би монгол хүн монгол хоолоо их санадаг юм гээд эхнэрээрээ хэдэн хуушуур хайруулаад. Тэгсэн баларсан. Яг уулзах гээд явахдаа нөгөөхөө мартсан байна лээ.
-Тэгэхээр уралдааны зам нь их бартаатай байж дээ?
-Тийм. Андын нурууг 5000 метрийн өндөр хэсгээр давсан юм билээ. Аргентинд зуны улирал болж байгаа ч бороотой, тэр өндөрт их хүйтэн зам хэцүү л байсан байх. Ер нь бороо орчихоор Андын нурууны зам их хэцүү болчихдог юм. Өглөө таван цагт босоод 700 км замд уралдаж байгаа гэсэн.
-Тамирчидтай чөлөөтэй уулзуулж байна уу?
-Үгүй. Харуул хамгаалалт нь их чанга. Би Монголын сэтгүүлч байна. Их холоос бороотой, бартаатай зам туулж ирлээ гэж гуйсан юм. Тэгээд Лхамааг дуудаж өгч уулзуулсан. Тэр энд монгол хүн бий юу гэж асууж байсан. Би тэгээд Өмнөд Америкт ганцаараа суурин байна гэсэн. Тэгээд тэр нэлээд гайсан л даа. Их удаан ярилцаж суусан.
-Д.Болдбаатартай уулзав уу?
-Уулзаж чадаагүй. Мотоцикль нь эвдэрээд уралдаанаас гарсан байна лээ. Тэгээд түүнийгээ Чили рүү ачуулах унаа хайгаад гараад явсан байсан. Эхнэр, хүү бид гурав тэгээд Лхамаатай нэлээд ярилцаж гаргаж өгсөн л дөө. Уралдаан нь 20-нд дуусах юм билээ. Тэгээд 25-нд Чилиэс нутаг буцна гэсэн. Лхамаа ямар ч байсан дээгүүр байрт орно гэсэн зориг, хүсэл тэмүүлэлтэй явна лээ. Манай Болдоо хэтэрхий давшиж яваад мотоциклоо эвдчихлээ гэж байсан. Түүнээс биш бас л дээгүүр байрт орох бололцоо байсан юм билээ.
-Чи Монголдоо хэдийд ирэх вэ?
-Ажил төрлийн бололцоогоо харж байгаад ирэх нэг хоёр жилээс гэр бүлээрээ нутагтаа очих санаа бий.