Урлагийн мэргэжлийн боловсролыг хүүхдүүдэд бага наснаас нь олгодог сургууль болох Хөгжим бүжгийн коллеж элсэлт авч эхэлжээ. Энэ жил төгөлдөр хуурын болон утсан хөгжмийн нэгдүгээр ангидаа 38 сурагч элсүүлэхээр болсон байна. Харин үлээвэр хөгжмийн болон ардын хөгжмийн тавдугаар ангидаа мөн 38 сурагчийг суралцуулах юм.
Үлээвэр хөгжмийн ангид суралцах хүсэлтэй хүүхдүүд саксафон, туба, труба, тромбон, валторн, цохивор зэрэг хөгжмийн ангиудаас сонголт хийж болох бол морин хуур, хуучир, ятга, лимбэ, ёочин, шудрага, эвэр бүрээ, бишгүүр, их хуур зэргээс ардын хөгжмийн ангид орох хүүхдүүд сонгож болох гэнэ. Бас бүжигчин болох хүсэлтэй хүүхдүүдэд баяртай мэдээ дуулгахад ардын бүжгийн ангидаа одоо долоодугаар ангид суралцаж байгаа 38 сурагчийг элсүүлэхээр болсон байна. Элсэлтийн шалгалт ч энэ сарын 21-нийг дуустал үргэлжлэх юм. Тиймээс элсэгчид төрсний гэрчилгээ, бүртгэлийн хураамжтайгаа очих ёстой гэсэн шүү.