Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх талаар идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичгийг үзэглэж байгаа юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэхээс гадна цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд талууд хамтран ажиллахаар болж байна. Мөн хамтын ажиллагааны хугацаанд нийслэлийн хэмжээнд цэргийн албан хаагчдад үзүүлэх халамж үйлчилгээ, нийгмийн хамгааллын асуудлыг хамтран хэрэгжүүлнэ.