Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолоор ХАСХОМ-ийн маягт шинэчилсэнийг үндэслэн уг мэдүүлгийг нөхөх зааврыг Авлигатай тэмцэх газрын даргын 2024 оны А/96 дугаар тушаалаар баталж, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.
Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдын 2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.
Мэдүүлэг гаргагч нь 2024 оны ХАСХОМ-т өөрийн давхар эрхэлдэг ажлын мэдээлэл, мөн гэр бүлийн гишүүдийн болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, виртуал хөрөнгийг мэдүүлэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалттай болсон байна.
Ийнхүү мэдүүлэг гаргагч нь Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтрэн 2024 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, 2025 оны 2 дугаар сарын 15-ны дотор баталгаажуулан, баталгааны хуудсыг зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Мэдүүлгийн маягт нөхөх заавартай танилцах бол ЭНДЭЭС үзнэ үү.