Манчестер Сити, Манчестар Юнайтедын хооронд болсон ширүүн “тулаан” Рио Фердинандын нүүрэндээ бяцхан шарх авах шалтгаан болсон ялалтын гоолоор өндөрлөв.
Хоёр багийн тоглолтын явцад Ман Ю-гийн хамгаалагч Рио Фердинанд ялалтын гоол оруулж 3-2-оор өрсөлдөгчөө буулган авсан нь Манчестер Ситигийн хөгжөөн дэмжигчдийн уур хилэнг бадрааж орхисон юм. Цэнгэлдэхэд цугларсан Манчестер Ситигийн фанатууд Ман Ю-гийн тоглогчид руу зоосон мөнгөнүүд шидэлж гарсан байна. Гэтэл гай дайрч, нэг зоосонд нь Рио Фердинанд оногдож, зүүн нүднийх нь дээд хэсгийн дух нь зоосонд цохиулжээ. Хар эрчээрээ шидэгдсэн зоосон мөнгөнд цохигдсоноос Фердинандын арьс нь бага зэрэг язарч, нүүрнээс нь цус гоожсон юм. Энэ үед Манчестер Ситигийн нэгэн фанат талбай дээр гарч ирж, түүн рүү дайрах гэж оролдсон ч тус багийн хаалгач Жое Харт түүнийг зогсоожээ.
Тухайн үед Рио Фердинанд ч нэлээн ууртай харагдаж байсан ч энэ явдлын дараа нэлээд тайвширсан бололтой, Твиттертээ “Тэр зоосыг хэн шидсэн байлаа ч энэ юу гээчийн гоол вэ. Хоёр пенсийн зоос байсанд итгэж чадахгүй нь. Ядаж нэг фунтийн зоос байж болох байсан шүү дээ” хэмээн бичжээ. Тэрээр мөн “Гүйж ирсэн солиотыг хамгаалсан Жоё Хартыг хүндэтгэж байна” хэмээн сүүлд нь бичсэн байна.
Ямартай ч фанатуудынхаа гаргасан балмад үйлдлийг Манчестер Сити багийн тамирчид зогсоох гэж хичээж, багийн удирдлагууд нь энэ явдлын төлөө дараа нь уучлал гуйсан юм. Энэ явдлыг Хөлбөмбөгийн холбоо болон Манчестер Ситигийн хамгаалалтын алба хамтран шалгаж эхэлжээ.
Талбайд болсон энэ явдлыг олон нийт янз бүрээр ярьж тайлбарлаж байгаа ч ихэнх нь фанатуудын балмад авирыг буруутган зэмлэж байна. Гэхдээ Манчестер Ситигийн хөгжөөн дэмжигчдийн уур хилэнг бадраасан хүн нь Рио Фердинанд өөрөө, тэр дандаа л өрсөлдөгч багийнхаа хөгжөөн дэмжигчдийг ингэж өдөөн турхирч байдаг гэсэн шүүмжлэл ч бас байгаа юм.