Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОНГОГЧИЙН ЭРХЭНД ХАЛДСАН СОНГУУЛЬ

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тухай хуулийн дагуу орон нутгийн сонгууль болж дууслаа. Энэ хуулийг орон нутгийн сонгууль болохоос хоёрхон сарын өмнө парламент баталсан. Угтаа сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуультай холбоотой шинэ хууль батлах нь битгий хэл, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон тухай хуулийн заалт бий. Гэвч энэ заалтыг энэ удаад хэрэгжүүлээгүй. Нөгөөтэйгүүр, УИХ, НИТХ-ын ээлжит сонгуулийг анх удаа холимог тогтолцоогоор явуулж, автомат тоног төхөөрөмж ашигласан. Орон нутгийн сонгуулийг ч ингэж явуулахаар Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тухай сонгуулийн хуулийг баталж, хэрэгжүүллээ.
Энэ хуулийг сонгогчийн эрхэнд халдсан хууль гэж хэлэх хүн цөөнгүй байна. Учир нь, эл хуульд тухайн орон нутагтаа 180 хоногоос доошгүй хугацаанд оршин суусан хүнийг сонгогч гэж хэлнэ хэмээн тодорхойлсон. Хуулийн энэ заалтаас болж нийслэл болон аймгуудад үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудын тэн хагасаас илүү нь сонгуульд саналаа өгч чадаагүй. Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд гэхэд огт саналаа өгөөгүй. Тэдний саналыг авах тухай заалтыг бүр орхигдуулсан. Түүнчлэн зөвхөн иргэний цахим үнэмлэхээ авсан хүн л орон нутгийн сонгуульд саналаа өгнө гэж хуульчилсан байгаа. Энэ мэт зүйлийн зүйл заалтаас улбаалж зарим иргэн орон нутгийн сонгуулийг сонгогчийнхоо эрхэнд халдсан сонгууль боллоо хэмээн дүгнэж байгаа юм. Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасныг Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар зөрчиж орхив.
УБЕГ-ын гаргасан мэдээгээр орон нутгийн сонгуульд нэг сая 862 мянга 500 иргэнийг сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэжээ. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд нийт сонгогчийн 60 гаруй хувь нь л саналаа өгсөн байгаа.
Гадаадад амьдарч буй иргэдээсээ болон оюутан залуусаасаа санал аваагүйгээс, иргэний цахим үнэмлэхээ авсан хүн л сонгуульд санал өгнө гэснээс зарим хэсгийн хороонд ирц хүрээгүй гэх нь ч бий. Гадаадад амьдарч буй иргэдээсээ санал авахгүй гэсэн утгатай заалт хуульд тусгасан атлаа иргэний бүртгэлийн байгууллага нь тэднийг сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэсэн байх жишээтэй.  Хэрэв гадаадад амьдарч, ажиллаж буй иргэдээ сонгогчийн нэрийн жагсаалтаас хасч тооцсон бол манай хэсгийн хороонд ирц хүрэх байлаа гэж ярих сонгуулийн хэсгийн хорооны дарга ч байна. Нийслэлд л гэхэд төвийн зургаан дүүргийн 180 орчим хэсгийн хороонд ирц хүрээгүйгээс дахин санал хураахаар болсон. Өнгөрсөн баасан, бямба гарагт 149 хэсгийн хороонд дахин санал хураалаа. Цаана нь үлдсэн хэсгийн хороодод маргаан гарч, хууль хяналтын байгууллагад хандаад буй гэнэ. Ялангуяа, нийслэлийн иргэд сонгох эрхээ эдэлж, үүргээ биелүүлсэн бол дахин санал хураалт явуулж, улсын төсвийн мөнгөнөөс үрэхгүй л байх байлаа. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр хуульд ч, иргэдэд ч бурууг тохож болмоор.  
Нэг ёсондоо Аймаг, сум, дүүргийн сонгуулийн тухай хуульд эргэж харах заалт цөөнгүй байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн юм. Тэрээр СЕХ уг хуульд тусгасан зарим заалттай холбоотой санал боловсруулж УИХ-д танилцуулна гэж байв. Тодруулбал, энэ удаагийн орон нутгийн сонгуульд автомат машин ашигласан хэрнээ нэгдсэн дүн нь олон нийтэд хамгийн их хүлээлт үүсгэсэн. СЕХ орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл өгөх байх гэж, олон нийт ч, хэвлэл мэдээллийнхэн ч багагүй хүлээлээ.
Гэтэл хуульд орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүнгийн мэдээллийг СЕХ өгөх ёсгүй, харин аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод санал хураах хуулийн хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор дүнгээ нэгтгэж, долоо хоногийн дотор СЕХ болон олон нийтэд мэдээлнэ гэж тусгачихаж.
Тиймээс СЕХ-ны дарга “Сонгуулийн нэгдсэн дүнгийн тухай мэдээлэл өгөх хугацааг цөөлөх шаардлагатай байна. Орон нутгийн сонгууль зохион байгуулахад СЕХ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх л үүрэгтэй оролцдог. Үүнийг өөрчилж, ядаж аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодоос нэгдсэн мэдээлэл авч, олон нийтэд мэдээлэх үүргийг хуульд нэмж тусгах хэрэгтэй байгаа нь энэ удаагийн сонгуулийн үеэр харагдлаа” хэмээн ярьсан юм.
Нэгдсэн дүнгээ 24 цагийн дотор биш юм аа гэхэд 48 цагийн дотор гаргаж чадахгүй юм бол сонгуульд автомат машин ашиглаж, зардал гаргаад ч яах юм бэ гэсэн асуулт ч гарч байна. Юутай ч, орон нутгийн сонгууль шинээр баталсан хуулийн дагуу болж өнгөрлөө. Дараагийн удаад дагаж мөрдсөн хуулиа улам боловсронгуй болгох шаардлагатай нь ч харагдлаа.

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан