Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАМГИЙН БҮДҮҮЛЭГ ЗАГАСЧЛАЛ БОЛ ТОР ШИДЭХ


Манай оронд сүүлийн үед загас барих хоббитой хүн олширч тэр хэрээр загасчлах урлаг дэлгэрч байна. Үүнийгээ дагаад хүүхэд залуучууд цэвэр агаарт голын дэргэд цагийг зөв зохистой өнгөрүүлэх сонирхолтой болжээ. Намрын сүүл болох есдүгээр сар загасчлахад хамгийн тааламжтай цаг үе байдаг ажээ. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа 30 гаруй жилийн турш загасчилж буй Х.Бат-Эрдэнэ гуайтай уулзаж хоббиных нь талаар ярилцсан юм. Тэрээр хүүхэд ахуй цагаасаа л загасчдыг дагаж явсаар өөрөө  тэднээс ч дутахгүй загасчилдаг болсон аж. Монголчууд багшаа хүндэтгэн дээдэлдэг ард түмэн болохоор Бат-Эрдэнэ гуай загас барих “А” үсэг зааж өгсөн Лхагваа багшаа ихэд догдлонгуй дурсч байсан юм. Монголд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон тул хэмээх загас барьж байсан нь түүний хамгийн дурсамжтай үе гэв. Түүний барьсан тул загас нь 71 см урттай байж. Ус голын бохирдол ихэсч, байгаль дэлхийтэйгээ буруу харилцсан хүнээс болж усны амьтан ховордох болсонд сэтгэл эмзэглэж явдаг гэнэ. Гэхдээ түүнтэй ярилцаж суухад “Хоёр өдөр, шөнө суугаад загас барьж чадаагүй ч тэр бүгдэд шантарч байгаагүй. Харин ч тэнгэр бурхан, уул усаа аргадаад явдаг. Дараа нь тэр газраа очиход ямар их хишиг буянаа хайрладаг гээч” гэсэн үгнээс нь түүний дотоод хүн илэрсэн билээ. Өөрөө ч үүнийгээ байгаль хүн хоёрын эх үрийн харилцаа гэж тайлбарласан. Тиймээс ч тороор загас барьж байгаад үнэн голоосоо дургүй. Нэг удаа хоморголон устгачихсан газар дахиад загас үзэгдэх нь ховор. Эгэл жирийн амьдралтай энэ эрхэм эх дэлхий, байгаль орчноо сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалдаг. “Загас бол миний амьдарлын салшгүй хэсэг. Ах нь есдүгээр сард гэртээ ховорхон үзэгддэг юм даа” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэсэн суусан түүнтэй ярилцахад ихэд тааламжтай байлаа.

-Яриагаа загасчлах хоббитой болсон дурсамжаас тань эхэлбэл ямар вэ?
-Багадаа хүмүүсийг загас барьж буйг хараад хүүхдийн саваагүй зангаар сониучирхан дагаж гүйсээр нэг л мэдэхэд өөрөө ухаангүй дуртай болчихсон. Миний өнгөрсөн амьдрал загастай салшгүй холбоотой. Цаашдаа ч бас загасчлахаа орхихгүй.

-30 гаруй жилийн турш загас барьжээ. Тэгвэл хамгийн том загас барьсан тухайгаа ярьж өгөөч?
-Анх шавь орсон багштайгаа хамт Туул голоос тул загас барьсан. Ойролцоогоор хэмжээ нь 71 см урттай. Урьд нь тийм том загас барьж үзээгүй хүн чинь ухаангүй баярлаж байснаа одоо ч мартдаггүй юм. Тэр үед хүүхэд байж дээ. Уулыг нурааж, усыг эргүүлсэн баатар шиг л гэртээ харьж байлаа.

-Дээхнэ үед ч Туул голд маань загас жараахай элбэг байсан. Одоо ховорджээ?
-Туул гол бохирдсоноос болоод хот руугаа загас орж ирэхгүй болсон. Арга ч үгүй биз. Хотоос гарч буй бүх бохир усаа шууд гол руугаа асгачихаар яаж цэвэр тунгалаг байх билээ. Бохир усанд загас ойртохгүй. Тэгээд ч бохир уснаас барьсан загас хүнд хоол болох нь байтугай хор л болно.  Дээхнэ үед Туул гол загас элбэгтэй сайхан байж. Сүүлийн үед урсгал нь татраад ширгэх нь үү гэж байтал энэ зун харин хур элбэг байж буцаад төвшин нь дээшилсэн шүү.

-Хамгийн ойр загасчлах боломжтой Туул гол маань хэцүүдчихлээ. Одоо яах вэ?
-Хотоос гараад 100 км явж байж загас барина даа. Урсгал нь усаа цэвэршүүлчихдэг. Харин доошоо нэлээд бохирдчихсон. Хүн байгаль эхээ хайрлах хэрэгтэй. Бидний үр хойч маань зулайдаа хүргэх усгүй болох вий дээ. Хотоос гарахгүй л бол загас байхгүй дээ. Мөрөөдөл л гэсэн үг. Үсрээд л ганц хоёр чапак баривал их юм. Тэгээд түүнийгээ хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол галзуурсан хүний л хийх ажил. /Инээв/

-Та сүүлийн үед хаашаа явж байна вэ?
-Хэрлэн, Онон, Тамир, гээд томоохон голоор л явж байна. Есдүгээр сар гарахаар би гэдэг хүн чинь гэртээ тогтдоггүй. Дөрвөн найзтайгаа нийлж аваад хаана загастай байж болох вэ, тийшээ л явна даа. Манай эхнэр эхэндээ жаахан дургүй л байсан. Сүүлдээ өөрөө дагаад явдаг болсон.
Ер нь, загас барина гэдэг кайф, амралт, тэвчээр, тайвшрал гээд маш олон зүйлийг мэдрүүлж чаддаг юм аа.

-Хүмүүс загасыг ихэвчлэн хүнсэндээ хэрэглэдэг. Зарим нэг хүн барьсан загасаа буцаагаад усанд тавьчихдаг?
-Ер нь хүн хүнээсээ шалтгаалдаг. Би бол идээд байх дургүй. Гэхдээ яахав байгаль дэлхийнхээ хайрласан хишгийг хүртэлгүй өнгөрнө гэдэг бас л харамсалтай биз дээ.

-Таны загасны хэрэгслийг сонирхож болох уу?
-Хаана хэрэглэхээсээ шалтгаалаад их олон янз бий. Тэднийг дурдаад суувал дуусахгүй юм болно. Загасны хамгийн гол хэрэгсэл бол уурга, өгөөш хоёр. Энэ хоёртой байхад загас бариад л байна.

-Өгөөшийн талаар ярьж өгөөч. Мэдээж үүний ачаар л загас дэгээг үмхэж байгаа шүү дээ?
-Загасыг хуурч байгаа зүйл бол өгөөш. Өгөөшийг ямар усанд загас барих гэж байна түүнээсээ шалтгаалаад сонгодог учиртай. Булингартай усанд бол чийгийн улаан эсвэл модон хорхой, тунгалаг усанд дэвхрэг, царцаа ашиглана. Тэгээд янз бүрийн халбагатай, төмөр дэгээ гээд олон янзын хэрэгсэл өгөөш бий.

-Загасны хэрэгсэл элбэг болсон гэснээс та ямар уурга хэрэглэж байна. Таны цуглуулганд хэчнээн уурга байна вэ?
-Тийм ч олон биш. Бусадтай л адилхан зүйл хэрэглэж байгаа. Нийтдээ таван уурга бий. Зарим хүн гайхуулах гэж байгаа юм шиг цуглуулдаг юм. Гэвч би тэгэх дургүй. Яг л эвдрээд унавал тэр үед нь сольё гэдэг хүн дээ.

-Тороор загас барихыг та яагаад буруутгадаг юм бэ?
-Хамгийн бүдүүлэг загасчлал бол тор шидэх. Яагаад гэвэл тэгж үй олноор нь хоморголон устгасан газар загас дахиж орж ирдэггүй. Тойроод явчихдаг байхгүй юу. Тэгээд л ах нь наад тор гэдгийг чинь хүлээн зөвшөөрдөггүй. Ер нь байгаль эхийн хайрласан хайр хишгийг л хүртэх ёстой.

-Байгаль дэлхийн хайр хишгийг хүртэж буй загасчид бол газар шороо, уул усаа хамгаас илүү дээдлэн шүтдэг байх аа?
-Мэдээж лус савдаг, байгаль эхээ аргадалгүй яахав. Түүнээс биш зэрлэгээр хандвал байгаль ээж маань зөрүүлээд бидэнтэй ч бас хатуухан ханддаг юм шүү дээ.

-Өвлийн загасчлалын тухай?
-Өвөл мөс цоолж барина. Нэг төрлийн кайф юм даа. Зун шиг гол өгсч уруудаад явахгүй нэг дороо сууна. Хаанаас барих вэ гэдгээ намар оройхон явж судалж шинжилдэг. Загас хаана өвөлжих төлөвтэй, хаана хүнс нь элбэг байгааг мэдчихээд намар гаргасан таамгаараа өвөл мөс цоолно. Өвлийн хар хүйтэнд нэг газраа суугаад байна гэдэг ч бас хэцүү. Аз эз л мэдэх хэрэг дээ.

Г.ЛХАГВАДОРЖ

1 Сэтгэгдэл
туул голд загас байлгүй яаахав юун чабак* ленок хайриус тул гээд байж л байна чийгийн улаан модон хорхойг яармагаас доош загас баридаг хүмүүс их хэргэлдэг юм тэрнээс биш гүүрнээс дээш бол шар утас их сайндаа дэвхрэгээр барина 7 сарын дунд үеээс үсэргээ хийж эхлэх үеэс царцаа голиогоор өгөөш хийнэ 40 жил голоор тэр тусмаа туул голоор загасчлаж байна туулаас загас бариад сурчихвал ямарч голоос загас барих чадвартай болдог юм өдөр шөнөний намар хавар зуны нуур голоос загас барих арга өгөөш нь ялгаатай байдаг юм
Хамгийн их уншсан