100 жилийн баталгааг ам бардам амлах “Нарны гүүр” ашиглалтад орлоо. Их тойруугийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбох гүүрний шавыг 2009 оны арваннэгдүгээр сард тавьж байлаа. Харин Япон, Монгол инженерүүдийн ур ухааны хамтын бүтээл болсон гүүрийг нээх ёслолын ажиллагаа өчигдөр болов.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнөөдөр нар ээсэн их сайхан өдөр байна.
Миний бодлоор “Нарны гүүр” хэмээн их зөв нэрийджээ. Адарсүрэнгийн “Тэмээн дээрээс наран ойрхон” дууг манай ард түмэн дуулах дуртай шүү дээ. Ингээд харсан чинь энэ гүүрнээс нар их ойрхон харагдах бололтой. Нөгөө талаас “Нарны гүүр” маань Монгол Улсын хөгжлийн гүүр байх болтугай” хэмээн онцолсон юм.
Манай улсад Япон улсын буцалтгүй тусламжаар энэхүү гүүрийг барих анхны санаачлагыг гаргасан хүн бол өдгөө тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү тул түүнд талархлаа илэрхийлж буй хүн олон байлаа. Тэрээр “2005 онд Токио хотноо Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэхүү гүүрийг барих талаар гэрээ хэлэлцээр хийх тухай ярьж байлаа. Харин өдгөө уг гүүрнийхээ нээлтийн ёслолд оролцож байгаадаа баяртай байна. 2002 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар нарны замыг барьсан. Үүнээс хойш 10 жил өнгөрсөн ч нэг ч удаа засвар хийлгүй өдий хүрч Улаанбаатарчуудын талархлыг хүлээж байгаад бид бүхэн сэтгэл хангалуун байдаг. Үүнтэй адил энэ гүүр маань ч гэсэн нийслэлийнхний талархлыг хүлээх биз ээ. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг багасгахад томоохон хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Энэ онд Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг бас дурдмаар байна” хэмээн өөрийн сэтгэгдлийг монголоор хэллээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Цагаан хаалга талаас энэхүү гүүрээр явж үзэхээр маш олон автомашин цуваанд орчихсон хүлээж байгаа гэдгийг сая сонслоо. Өнөөдөр, маргааш гэхэд нийслэлчүүд маань энэ гүүрээр явж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Японы Засгийн газар болон ард түмэнд нь гүн талархал илэрхийлье” гэв. Энэхүү гүүрний захиалагчаар ЗТБХБЯ, хэрэгжүүлэгчээр НЗДТГ, НЗАА, зөвлөх компаниар “Си Ти Ай инженеринг”, гүйцэтгэгчээр “Жэй Эф И инженеринг” компаниуд хамтран ажилласныг дурдах нь зүйтэй болов уу.
-Гурван жилийн өмнө шав тавьж байсан бол өнөөдөр эхний автомашинууд хөдөлгөөнд оролцож байна шүү дээ. Гүүрийн инженерээр ажилласан хүний хувьд сэтгэгдэл өндөр байгаа биз дээ?
-Тийм ээ. Энэ гүүр нь сүүлийн 20, 30 жил хийгдээгүй том бүтээн байгуулалт. Мэдээж орчин үеийн уг гүүр барих төсөлд гар бие оролцсондоо баяртай байна.
-Төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгч байгаа юу?
-Арваннэгдүгээр сарын 15-нд хүлээлгэн өгөх ёстой байсан. Тэгэхээр сарын өмнө ашиглалтад оруулчихлаа гэсэн үг.
-Гүүрийн онцлог болон давуу талыг сонирхуулбал?
-Гүүрийн хэсэг 262 метр. Хоёр талын дөхөх зам гэж нэрлээд байгаа өгсөх, уруудах хэсэгтэйгээ 896 метр. Доод талын туслах замуудыг оруулбал 1114 метр урттай. Мэдээж металл гүүр гэдгээрээ онцлогтой. Тухайлбал барилгын ажлын гүйцэтгэх хугацаа богино байдаг. Төмөр замын дээгүүр бетонон гүүр барьсан бол таван жилийн хугацаа шаардлагатай. Гэтэл манай гүүрийн угсралтын явцад зам хаахгүйгээр төмөр замын дээгүүр шилжүүлэх маягаар угсарсан. Нарны зам дээрх угсралтыг л гэхэд дөрвөн хоногийн дотор хийх жишээтэй. Хугацаа хэмнэдэг, замын хөдөлгөөн хаахгүй гэдгээрээ давуу талтай.
-Японы талаас баталгаат хугацааг хэдэн жилээр өгч байгаа бол?
-Металл гүүр 100 жилийн баталгаатай байдаг. Харин гэрээнд зааснаар бол манай компани нэг жилийн баталгаат хугацаа өгч байгаа.
-“Нарны гүүр” гэсэн нэрийг их бэлгэшээж байна. Энэхүү нэрийг хэн санаачилсан юм бол?
-Гүүрийг холбож байгаа гудамж Энгельсийнх шүү дээ. Тэгээд анх “Энгельсийн гүүр” гэж нэрлэгдэж байсан. Тэгээд явц дунд “Нарны гүүр” гэж нэрлэе гэсэн дээ. Япончууд маань өөрсдөө Их наран улс гэдгээрээ нарыг их бэлгэшээдэг юм билээ.
-Таны хувьд инженерийн мэргэжлээр хаана сургууль төгссөн бэ?
-Би ШУТИС-ийг гүүрийн инженерээр төгссөн. Япон улсад хоёр, гурван ч удаа дадлага хийсэн. Тэгээд гурван жил энэхүү гүүрний төсөлд ажиллах томоохон аз завшаан надад тохиолоо. Япон мэргэжилтнүүдээс их олон зүйлийг мэдэж сурсандаа сэтгэл хангалуун байгаа. Бидний хувьд металл гүүр барих тал дээр сурах зүйл их бий. Металл гүүр хийх олон арга байдаг. Энэ гүүрийг барихад нэг л аргыг нь хэрэглэсэн байх жишээтэй.