ХӨСҮТ баасан гараг бүр томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлдэг болсон юм. Өнөөдрийн хурлаар дараах мэдээллийг өгөв.
Сүүлийн үед салхин цэцэг, хоолны хордлогын халдварууд мөн нэмэгджээ. Манай улсад гурван бүсэд улаанбурханын халдвар голомтлон гарсан. Нөхөн дархлаажуулалтад харагдах иргэдийн тоо өссөн байна.
Гэвч дээрх гурван бүсэд халдвар нэмж бүртгэгдсээр байна. 10-14 насны хүүхдүүд улаанбурханы халдварт илүү өртжээ. Тэдний олонх нь вакцин хийлгээгүй байна. Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй байна.
-Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.
Томуу, томуу төст өвчний халдвар улсын хэмжээнд алаг цоог хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэн тул ээж аавууд хүүхдээ дулаан хувцаслаж байхыг зөвлөв. Сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчнөөр эмнэлэгт хандсан иргэдийн тоо өвлийн саруудынхаас буураагүй байна.
Хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу. Эдгээр утсанд 24 цагийн турш хандаж болно.