Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Экспортыг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтын хүрээнд манай яамнаас тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг аль болох багасгах, нүүрс ачих, буулгахад гарч буй илүү зардлыг хэмнэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоног ЗТХ-ийн сайд, АҮЭБ-ийн сайд, Сангийн сайд нар бүх боомтод ажиллаад ирлээ. Монгол төмөр замын Зүүнбаян-Цогтцэций талд явж байгаа Ханги-Мандалын төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан. Үүнийг зарим хэвлэл тээврийн хөлсийг бууруулсан мэт буруу мэдээлж байна. Энэ ялгаатай. Өөрөөр хэлбэл төмөр замын суурь бүтцийн тарифыг бид 50 хувиар бууруулсан.
Түүнээс зам дээгүүр явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний тарифыг бууруулах боломжгүй. Яагаад гэвэл зүтгүүр явдгаараа явна, түлш зарцуулдгаараа зарцуулна. Ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсний зардлууд хэвээрээ гардгаараа гарна.
Баригдсан төмөр замын суурь бүтцийн зардлыг бууруулах нь хэвийн зүйл. Төмөр зам олон жилийн настай, 100 жилээр ашигладаг. Тавантолгойн төмөр замын тарифыг суурь бүтцийг барьсан өртөгт нь тооцон тарифаа тогтоосон учир өндөр гарч байсан. Тиймээс төмөр замыг урт хугацаанд ашиглаж, өртгөө нөхнө гэж үзсэн тул тарифыг бууруулах шийдвэр гаргасан гэв.